Илүү хурдан, үр дүнтэйгээр дэлгүүр хэсье!

1. Яг юу хайж байгаагаа тодорхойл
Зүгээр л гутал авна гээд гэрээсээ гарч болохгүй. Өсгийний өндөр, хэлбэр, түрий, хоншоор, өнгө зэргийг нь ямар байлгах “хар зураг”-аа нүдэндээ буулгасныхаа дараа гараарай. Төсөөлсөн хувцас чинь яг таг олдохгүй байж болох ч ядаж л дөхсөн,төстэй гутлаа олж аваад гэртээ харих болно. Ямар ч хар зураггүй гарах юм бол лангуу бүрээс нүдэнд харагдсан, өөр өөр загвартай дажгүй хувцаснуудаа өмсөж үзсээр цаг алдах, аль ч үгүй гар хоосон буцах, эсвэл дараа нь өмсөгдөхгүй хэрэгцээгүй хувцас авах магадлалтай. Ганцхан загварт баригдах нь утгагүй санагдаж байвал хэд хэдэн хувилбар боловсруулаарай. Ингэхийн тулд сайтуудаар хэсч загварын багахаан судалгаа хийхэд л хангалттай.

2. Хэрэгцээт зүйлийн жагсаалт гарга
Хувцас авах, хүнс авах хоёрт тийм ч том ялгаа байхгүй шүү. Шоппинг хийхийнхээ өмнө хөргөгчөө биш, харин хувцасны шүүгээгээ уудлаад үзээрэй. Юутай, яаж зохицуулж өмсөхөө мэдэхгүй орхигдоод байгаа хувцаснууддаа зохицуулж авч болох хувцас юу байгааг тэмдэглээд ав. Энэ маягаар нэн түрүүний ХЭРЭГЦЭЭТ зүйлсээ жагсаан бичээрэй. Тэднийгээ авч дууссаны дараа мөнгө үлдвэл таалагдсан зүйлээ юуг ч хамаагүй авч болно.

3. Сайн зөвлөхийг хань тат
Хувцас загварын талаар болон хаана аятайхан дэлгүүр байдгийг сайн мэддэг найз, эгч эсвэл ээжтэйгээ хамт явах санал тавиарай. Сайн зөвлөхтэй байхад өөртөө тохирсон, сайхан хувцас сонгоход амархан. Дээр нь чиний сонирхсон зүйл чинь байхгүй дэлгүүрт хамаг цагаа үрэх шаардлагагүй болно гэсэн үг.

4. Эсвэл ганцаараа яв
Хэрвээ чамд дэлгүүрийг яаж хэсэхээ мэддэг, маш олон загварлаг биш бараан дундаас ч ганц гоёыг нь гарамгай олдог хэн нэгэн байхгүй л бол дэлгүүрээр ганцаараа яв. Хэн нэгний ятгалгаар төлөвлөгөөгөө өөрчилж, тооцоолоогүй зүйлээ авах, өөрт таалагдаагүй ч найздаа таалагдсан зүйлийг авах тохиолдол бий. Зөвхөн өөртөө таалагдсан, өөрт хэрэгцээт зүйлийг авахын тулд ганцаараа явсан нь илүү үр дүнтэй байдаг.

5. Сонголт элбэгтэй дэлгүүрээр л хэс
Ороод л чамд онцгүй санагдсан дэлгүүрээсээ даруйхан гарч сур. Сонголт муутай жижиг дэлгүүрээр явах нь дэмий цагаа үрсэн хэрэг болно. Түүний оронд чиний сонирхсон загварын хувцаснууд үргэлж бэлэн байдаг сонголт сайтай дэлгүүрээр хэсэх нь цагийг чинь хэмнэхэд туслах болно. Их дэлгүүр, бүр үзэсгэлэн худалдаа ч байж болно шүү дээ.

6. Төлөвлөснөөсөө өөр зүйлийг бүү сонирх
Эмэгтэй хүн л болсон хойно дэлгүүр хэсэхдээ анх авъя гэж зорьсон зүйлээ умартаад тэс өөр зүйлд хорхойгоо хүргэчихсэн явах нь элбэг. Гэхдээ яарч, бас цагаа хэмнэхийг хүсч байгаа бол зөвхөн авахаар төлөвлөсөн зүйлээ л сонирхоорой. Дэлгүүрийг илүү хурдан, үр дүнтэй хэсэх арга нь дэлгүүрт орох, юмаа авах, тэгээд гарах гэсэн гуравхан алхмаас бүрдэнэ. Өөр бусад зүйлийг дараа, бүр завтай шоппинг хийхдээ үзэж болно шүү дээ.

7. Мөнгөний хэмжээг тогтоо
Тийм ээ, заавал ингэх ёстой. Хэрэгцээт зүйлсээ авсаар байгаад төлөвлөөгүй их мөнгө үрэх асуудал бий. Хэрвээ авах зүйлсийн жагсаалтаа гаргасан бол тэдгээрийн ойролцоо үнийг бодоод төсвөө гарга. Ингэснээр бүх мөнгөө үрчихээд гэнэтийн асуудал гарахад “Мөнгөгүй” гээд сууж байхгүй. Тэгээд ч мөнгөө хэмнэчихсэн, өсөн нэмэгдэж байгааг харах хичнээн сайхан билээ. Төсөвт зардал 100’000, 200’000, 300’000, 1’000’000 төгрөг ч байж болно. Хамгийн чухал нь төсөвт мөнгө дуусангуут цааш худалдан авалт хийх хүслээ зогсоох хэрэгтэй.

8. Цаг тогтоо
Хэрэгцээт зүйлээ сонголттойгоор хайж байна нэрийдлээр олон цагаар дэмий тэнэх хэрэггүй. Дэлгүүр хэсэх цагийн хязгаараа тогтоо. Эрт дуусвал сайн. Илүү удаан явах тусмаа их мөнгө үрэх хандлагатай.

9. Өлссөн, ядарсан, уйдсан, ганцаардсан, ууртай үедээ дэлгүүр бүү хэс.
Мөн л хэрэгцээгүй төлөвлөөгүй зүйл авахын эхлэл болдог. Өөрийгөө тайвшруулахын тулд зүгээр л гоё санагдсан зүйлээ авах, ядарсандаа анх тааралдсанаа авах, уурандаа гарт баригдсанаа авах гэх мэт зүйл болдог. Тэрний оронд өөрийгөө тайвшруулж, хоол идээд сэтгэл санаагаа сэргээчихээд яваарай.

10. “Надад үнэхээр хэрэгтэй юу?” гэдгийг асуу
Хүмүүс заримдаа хэрэгцээт болон хүссэн зүйлээ юу вэ гэдгийг мэдэхгүйгээр шоппинг хийчихдэг. Цаг, мөнгөө үрж байгаа тохиолдолд “Надад энэ зүйл хэрэгтэй юу? Надад үүнтэй зохицох зүйл бий юу? Энийг авахгүй л бол болохгүй шалтгаан бий билүү?” гэдгийг бодож үзэж байгаарай.

11. Худалдагчийн үндсэн үүрэг хувцсаа зарах гэдгийг ойлго!
Найрсаг, сайхан зантай, чамд сайн зөвлөж байгаа худалдагч байсан ч эцэстээ чамд хувцасаа зарахыг л хүсч байгаа хүн. Чамд өмссөн хувцас чинь хичнээн төгс зохиж, гүнж шиг харагдаж байна гэж хэлсэн ч өөрийн нүдээр дахин хар. Тэд чамтай нөхөрлөж, бараагаа зарж, дэлгүүртээ дахин ирүүлэхийг хүсдэг. Тийм учраас л чамд үнэнч зөвлөгөө өгөх тал дээр бүрэн итгэж болохгүйг анхаар.

12. Хямдралд хошуурах хэрэггүй
‘Sale 50%’ гэсэн бичиг харангуутаа юу ч байсан хамаагүй авах гэж зүтгэхээ азнаарай. Дээр улиг болтол давтсан хэрэгцээгүй, төлөвлөөгүй зүйл хамгийн их байдаг хэсэг бол хямдралын хайрцаг. Хямдралын хайрцагт гоё юм байж болох ч ихэвчлэн материал нь муудсан, үгүй бол загвар нь хоцрогдсон, эсвэл бүр улирал нь болоогүй хувцаснууд л байдаг. Тиймээс зарцуулж байгаа мөнгөндөө хариуцлагатай хандаж боломжийн үнэтэй бүх зүйлийг авах хэрэггүй гэдгийг сайн ойлгоорой.
13. Интернэтээр хайлт хий
Ер нь хамгийн чухал нь төлөвлөгөө зохиож гарах байгаа биз? Хүссэн бараагаа байхгүй дэлгүүрээр хэсч цагаа гарздахгүйн тулд, мөн сонирхсон зүйлийнхээ загвар, үнийн талаар ерөнхий мэдлэг, баримжаатай болохын тулд интернэтээр хайлт хийх л тохиромжтой арга.

Илүү хурдан, үр дүнтэйгээр дэлгүүр хэсье!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.