Замдаа бөглөрнө гэдгийг мэдсээр байж машиндаа түгжирч, автобусанд чихэлдэж, таксинд тагларч явна уу? Үүний оронд өндөр өсгийтөө цүнхэлж аваад алхсан нь хамаагүй дээр биш гэж үү?
Алхах сайн гэдгийг бараг хүн бүр мэдэх байх. Гэхдээ яг ямар ач тустай болохыг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс Гоолингоогийн бүсгүйчүүддээ алхах сэдэл төрүүлэх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.
Жингийн илүүдлээс сэргийлж чадна: Хаа сайгүй л турах хүсэлтэй хүмүүс, янз бүрийн эм тан, бэлдмэл хэрэглэж хэрхэн турах тухайгаа бие биетэйгээ ярилцацгаана. Тэдгээр зүйлсдээ маш их мөнгө төгрөг зарлагдаж эцэст нь өөрсдийн бие махбодиороо хохирч үлдсэн тохиолдол цөөнүй байдаг. Үүний оронд хамгийн үр дүнтэй бөгөөд үрлэгэ зарлагагүй арга бол алхах юм. Явган алхахыг өөрийн амьдралын нэгэн хэвшил болгож чадвал жингийн илүүдлээс сэргийлж чадна. Өдөрт тогтмол 30 минут алхаж чадвал 7 хоногийн дотор хагас кг турах боломжтой. Мөн өөрийн жингээ хэвийн хэмжээнд нь барихыг хүсэж байвал тогтмол алхахад л хангалттай.
Амжилтын эхлэл: Алхаж явахад хамгийн сайхан санаанууд орж ирдэг. Магадгүй та алхаж яьахдаа шинэ бизнес санаагаа олох ч юм билүү. Хүн өөрөө өөртэйгээ ярилцах цагийг өдөрт гаргаж байх хэрэгтэй гэдэг. Гэвч бид их хотын завгүй амьдралд дарагдаж өөрийгөө ч мартах шахам завгүй байдаг. Тэгвэл өдөрт алхах 30 минутын хугацаандаа өөрөө өөртэйгээ ярилцаж, бодож тунгаах боломж олддог
Бухимдал минь баяртай: Алхах нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог. Шалтгаан нь зүрх судасны үйл ажиллагаа сайжирч буйтай холбоотой юм. Мөн цусны эргэлийг сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Хэрэв та ойрын үед нэг л бухимдангүй, уцаартай болчихсон бол явган алхахыг зөвлөж байна. Сэтгэл санаа чинь өөдрөг болж байгааг мэдрэх болно.
Өглөөний нарнаас энерги авах боломж: Үнэндээ Улаанбаатарт явган хүний зам асуудалтай л даа. Тиймээс өглөөний ургах нарнаар алхах нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үеэр авто замын хөдөлгөөн бараг л хоосон байдаг учир энэ үеийг ашиглаад аваарай. Гайхалтай эрч хүчийг ургах наран, өглөөний цэнгэг агаараас мэдрэх болно. Өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг л удаа энэ мэдрэмжийг авчихсан байхад хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг байх болно. Амлъя.
Нас уртасна: Нэг минут алхахад хүний нас мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдэг. Хэрвээ та урт удаан эрүүл энх амьдрахыг хүсэж байвал явган алх. Ажил, сургууль гэрээс хол гэж шалтаглах хэрэггүй. Хүрэх газартаа очихоос хоёр буудлын өмнө буугад явган алхаж оч. Асуудлыг ингээд л амархан шийдчихэж болно.
Хурдан алх: Хэдий чинээ хурдан алхана, төдий чинээ их калор шатаана гэсэн үг. Эхний ээлжинд удаан алхаж биеэ халааж байгаад аажим аажмаар хурдаа нэмж алхаарай.
Өдөр бүр машин: Хэрэв та ийм хэмнэлтэй бол яг одоо өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй болжээ гэдгийг сануулья. Та эхээс төрөхдөө дөрвөн дугуйттай төрөөгүй биз дээ? Тиймээс хааяа ч болов машинаа үлдээж явган алхаж бай. Аль эсвэл машинаа хол зогсоолд тавиад бага ч гэсэн газар явган алхаарай.