“Сайхан эмэгтэйг зэрлэг цахирмаа цэцэгтэй зүйрлэнэ”

712-1608857170-25042014-1398416472-1834839946-tsahirma
Энэ удаагийн “Өөр зочин” буландаа зохиолч С.Сосорыг урилаа.
-Хүүхэд нас гэдэг их цайлган сайхан үе байдаг. Та хүүхэд насаа хаана, яаж өнгөрөөсөн талаар яриагаа эхэлье?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж өссөн. Урлаг, уран сайханд их сонирхолтой хүүхэд байлаа. Хөгжим тоглож, дуулах их дуртай. Тэр үетэй холбоотой дурсамжаас сонирхуулахад манай байрны хажуу талын ресторанд  нийтийн бүжиг болдог байсан. Орой хөгжим хангинаад  эхлэнгүүт л тэсэхгүй гүйж ороод хөгжимчин ахыг гуйж байгаад хааяа  “Жаахан Дулмаа”,”Задгай цагаан”-ыг  “Ямаха” хөгжим дээр нь тоглодог байлаа. Одоо гавьяат жүжигчин  Ө.Уянга, Хөвсгөлийн театрын дуучин н.Сэржмятав хоёр бас тэр ахаас гуйж байгаад хөгжмийн аян дээр нь хоолой нийлүүлээд л дуулдаг байсан санагддаг юм. Тэр хоёр 10 жилд сурдаг, би тэд нараас арай эгч, Хөгжмийн коллежийн оюутан болчихсон үе.
-Багаасаа л урлагийн авьяастай хүүхэд байжээ. Коллежоо төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан уу?
-Төгсөөд хөгжимчнөөр нэг жил ажилласан. Тэгээд дараа нь мундаг жүжигчин болно гэж нэг хэсэг ниссэн юм даг. СУИС-ийн кино драмын анги чинь тэр үеийн хүүхдүүдийн суралцахыг хүсдэг мөрөөдлийн сургууль байлаа шүү дээ.  Одоогийнх шиг жүжигчин бэлтгэдэг ийм олон хувийн сургууль ч байгаагүй. За тэгээд СУИС-д шалгалт өгч тэнцээд С.Сугар багшийн ангид жил хэртэй суралцсан байдаг юм. Тэр хугацаанд би жүжигчин биш юм байна гэдгээ ойлгоод сургуулиа сольж сэтгүүлчээр суралцсан даа. Залуу насанд хүн өөрийгөө олж танихын тулд юм юм оролдож, хийж үздэг тэр жишгээр л явсан гэж боддог.
-Их огцом шийдвэр гаргажээ дээ?
-Нэг их огцом шийдвэр бол биш. Одоо ч ганц нэг зохиол бичих гэж оролдож байгаа нь тэр нэгэн мөрөөдлийн минь үлдэгдэл байх гэж боддог. Өөрөө зохиолоо бичээд гол дүрд нь тоглоно гэж дэврүүнээр бодож нисэж явсан үе ч бий. СУИС-д сурснаар зохиол, дүрийн задаргаа хийх талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон гэж боддог юм.
-Та “Хүнчин”, “Зэрлэг цахирмаа” номоо гаргаж байсан. Сая “Гийчин” гурамсан туужаа гаргасан. Зохиолынхоо санааг хаанаас, яаж олдог вэ?
-Би ер нь их дотогшоогоо хүн. Бодол болоод ганцаараа алхах их дуртай. Азхур компанийн Болорсудар хэвлэлийн газарт 10 шахам жил редактораар ажилласан. Өглөө ажил руугаа байнга алхаж очно. Хамт ажилладаг охид замд тааралдахаараа та юм бодож явна уу, эсвэл хамт алхах уу гэж асуудаг байсан шүү. Тэгэхээр хүмүүст хүртэл миний энэ байдал анзаарагддаг юм шиг байгаа юм.Эгчид нь жаахан бодох юм байна гэхээр нөгөөдүүл чинь түрүүлээд л алхчихдаг. Заримдаа бодолдоо хөтлөгдөөд ажлаасаа өнгөрөөд алхчихсан удаа ч бий. Тэгж бодож явснаа л цаасан дээр буулгаж бичдэг. Хар залуугийн л хөгжим сонсонгоо юм бодоод  хэдэн цагаар ганцаараа суучихдаг байж билээ. Тиймээс ярихдаа жаахан тааруухан байж магадгүй. Шууд ярихаараа бодохгүй буруу ярьчих гээд байдаг учраас олон хүний өмнө гарч ярилцлага өгөхөөс татгалздаг юм.
-Таны бичсэн “Хүнчин” романыг уншиж байсан. Энэ романыг бичихэд хэр хугацаа зарцуулав?
-“Хүнчин” маань анх кино болж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар маш халуун дотноор дэмжиж туслан бараг бүх хорих газраар орж, хүмүүжигч, ажилтан гээд хүссэн хүмүүстэйгээ уулзах боломжоор хангаж өгсөн юм. Мөн тухайн байгууллагад насаараа ажилласан ахмадууд, генералуудтай уулзаж, дурсамж, ажлын онцлогийнх нь талаар яриулж, судалгаа материал нэлээд цуглуулсаар хоёр сар гаруй явсан байдаг. Тэгж явахдаа ч дотроо бодоод явсан. Хамгийн сүүлд гянданд очиход аймаар, нуруугаар хүйт дааж байсныг санаж байна. Тэндээс орой нь ирээд шууд “Хүнчин” гэж гарчиг тавиад бичиж эхэлснээсээ хойш арваад хоногт л дуусгасан. Харин ном болгохдоо нэлээд удсан.
Киноны зураг авалтыг яг гянданд авсан болохоор би уран бүтээлчидтэй  хамт натурт явж, тэнд сар гаруй хугацаанд байсан. Тэр үеэр сониуч зандаа хөтлөгдөөд зураг авч байсан хоосон камерт гаднаасаа түгжүүлээд өнжиж хүртэл үзсэн шүү. Өөрийгөө яг ингээд камерт цор ганцаараа хоригдсоноор төсөөлж, бүр болоогүй 25 жилийн ялтай гээд бодонгуут  гол дүрийн маань дотоод ертөнц сэтгэлд өөрийн эрхгүй хөвөрч эхэлсэн дээ. Кино зохиолыг өөрчлөх ямар ч боломжгүй, батлагдаад зураг авалт эхэлчихсэн байсан үе.Тэгээд ч кинонд дүрийн дотоод зөрчил, бодрол ихдэхээр хэт уйтгартай болчих нь бий. Тиймээс ном болгохоор шийдсэн юм. Жил орчим бичсэн байх.
-Яагаад “Хүнчин” гэж нэрлэсэн юм бэ?
-Нэг өрөөнд ганцаараа хоригдож байгаа хүмүүжигчдийн нүдийг харах аймаар байдаг. Үзэн ядсан, басамжилсан, цөхөрсөн, харамссан, гомдсон гээд л. Хүмүүсийн нүд, харц их юм хэлж өгдөг. Хэдийгээр нийгмийг цочроосон онц хүнд гэмт хэрэгтнүүд ч гэлээ эцэстээ адилхан л хүн шүү дээ. Хүн л юм болохоор янз бүрийн олон ааш араншин гаргана. Оргож босох,өвдөх хавдах, амиа хорлох гэж үзнэ. Тийм хүмүүсийг манаж, шөнө унтах ч эрхгүй, хүмүүжигчтэйгээ адилхан гаднаасаа цоожлуулж, сүүжээ ч амраах эрхгүй зогсоогоороо хонодог хянагч нарын хөдөлмөрийг их хүнд юм гэдгийг үнэхээр ойлгосон.
Малчин хүн малынхаа ааш аягийг анддаггүй шиг хянагч нар бас ялтнуудынхаа сэтгэлзүйн онцлогийг маш сайн мэддэг, тохируулж харьцдаг, нэг ёсондоо хүн хариулдаг л ажил юм байна даа гэсэн бодол төрөөд “Хүнчин” гэж нэрлэсэн дээ.
-Одоо таны шинээр гаргасан “Гийчин” гурамсан туужийн талаар ярилцах уу?
-Үүний өмнө “Зэрлэг цахирмаа” номын талаар цухас дурдмаар байна. Угаасаа гуравхан л номтой юм чинь нэгийг нь орхигдуулаад яахав. “Их Засаг” их сургуулийн Кино драмын сургуулийн хичээлийн хөтөлбөрт орсон энэ номондоо их хайртай байдаг юм. Сургуулийн захирал нь, “Яг зохиолын дүрийг задалж, судлан ярилцах орчин үеийн монгол зохиол жаахан дутмаг байдаг” гэж хэлж байна лээ. Хүмүүс эмэгтэй хүнийг цэцэг, жимс, нар сартай зүйрлэдэг. Гэхдээ яг амьдрал дээр худал байдаг. Эмэгтэй хүн жаахан сул дорой, царай муутай, ядуу байж болно. Гэхдээ эмэгтэй хүн бол эмэгтэй хүн гэж хэлмээр байна. Цахирмаа бол их гоё, миний хайртай цэцэг. Тиймээс эмэгтэй хүн гэвэл их гоё эмэгтэйг энэ цэцэгтэй зүйрлэнэ. Ямбатай, арчилгаа их шаарддаг, хөрс шороо голдог цэцэг шүү дээ. Харин зэрлэг цахирмаа ямар ч арчилгаа тордолгоогүйгээр хадны завсар, чулууны хажуугаас ч ургачихсан байдаг. Хэн ч хайрлаж, тордоогүй хэрнээ ургах шалтгаан байгаа учраас л тэр байгалийн түмэн шалгуурыг даван үзэсгэлэнтэйгээр дэлгэрч чаддаг. Миний зохиолын гол дүр бол яг л тийм эмэгтэй.
-Сонирхолтой юмаа. Тэгвэл гуравдахь зохиолоороо юу өгүүлэхийг хүссэн бэ?
-Энэ номын тухайд би үнэндээ өөрийгөө өмнөх зохиолуудаасаа илүү зовоож, их хугацаа зарцуулж бичсэн. Зөвхөн нэг туужийг нь бичихийн тулд би Хөвсгөл нуурын эрэг дээр хацраа холцрууттал суусан. Жилийн дөрвөн улиралд нуурын араншинг мэдрэх гэж  хичээн чагнаж, бодлоороо ярилцаж, бараг үг бүрийг нь бодож бичсэн. Домог хууч яриа цуглуулж дархадын сумдаар нэлээн явсан. Өөрөө хараагүй байж дүрсэлж бичих хэцүү. Тиймээс яг өвлийн мөсөн дуулгатай далайг, мөн хар, цагаан хил гэж чухам ямархан болохыг дүрсэлж бичихийн тулд гэхэд өвөл нутгийн хүнээр газарчлуулан очоод өөрийн нүдээр харж байлаа. Намар шувууд буцсаны дараах  гунигтай нуурыг дүрслэхийн тулд намар нь дахиад л нуураа зорьсон.
-Одоо шинэ зохиол гаргахаар төлөвлөж байгаа юу?
-“Мөнхийн үсэг” группийн үүсгэн байгуулагчийн нэг, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т. Доржсүрэн гэж гайхалтай мундаг эмэгтэй байлаа. Тэр хүний тухай дурсамж номыг бичих гээд материалаа цуглуулж байна даа.
-Зохиолчдоос хэний номыг унших дуртай вэ?
-Хуучны мундаг зохиолчдод бүгдэд нь дуртай. Орчин үеийнхээс гэвэл Л.Өлзийтөгс, Б.Батрэгзэдмаа, Д.Оюунчимэг юм даа. Д.Оюунчимэг эгчийн “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар” номын редактораар ажиллаад л энэ мундаг зохиолчийн бүтээлд дурлачихсан. Өлзийтөгсөөс би арай өөр өнцгийг олж хардаг. Батрэгзэдмаа бол толгойд юм үлдээдэг. Би өөрөө эмэгтэй хүн болохоор ч тэр үү, эмэгтэй зохиолчдынхоо номыг илүү уншдаг юм.
-Уншигчдаасаа сонсож байсан урмын үг?
-Зөндөө. Миний номыг худалдаж авсан уншигчдын  явуулсан бэлэгний зургийг чи фэйсбүүкээс харсан байх. Сүүлдээ бүр санаа зовоод. Би огт уулзаж, царай зүсийг нь харж байгаагүй хэрнээ тийм сэтгэлийн нандин уншигчидтай. Миний багш Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа гэж мундаг сайхан эмэгтэй бий дээ. Монголын ард түмэн бүгд энэ гайхамшигтай эмэгтэйд хайртай. Багш маань “Хүнчин” номын нээлт дээр ирээд надад “Чи олны өмнө ил гарч, өөрийгөө гайхуулах гэж битгий хичээ. Өөрийгөө биш бүтээлээ л гайхуул. Аяндаа цаг нь болохоор хүмүүс чамайг мэддэг болно. Би насаараа сэтгүүлч хийхдээ эфирийн дэлгэцийг зочинтойгоо булаацалдаж байгаагүй юм шүү гэж аминчлан хэлж байсан юм. Багшийн үг орой руу орсноос ч тэр үү, өөрөө бас яриа хөөрөө тааруудаа ч юм уу би олны өмнө гарч ирээд байх угаасаа дуртай биш ээ.
-Хэдийгээр зохиол нь таных ч гэлээ ном бүтээх нь хамтын хөдөлмөр байдаг. Номын редакторын тухайд?
-Утга зохиол судлаач, шүүмжлэгч Хөх толбот Д.Төмөр-Очир гэж хүнийг номонд дурлагсад андахгүй байх. Энэ хүн миний “Гийчин” гурамсан туужийн редактораар ажилласан. Их ч тус нэмэр болж, зохиолын минь илүү дутуу шүүсийг сайн шахаж, намайг ч чамгүй “хашраасан”. Ёстой гар, сэтгэл нийлж ажилласан гэж хэлж болно. “Аяндаа цагийн шүүлтүүрээр үлдэх бүтээл гэж байдаг” хэмээн номын минь өмнөтгөл дээр их гоё урмын үг бичсэн шүү.
-Ном бичих, унших, хөгжим тоглохоос өөр юу сонирхдог вэ?
-Сонирхдог зүйл гэхээр лаа цуглуулдаг юм уу даа. Цалин, олсон орлогоосоо хамгийн түрүүнд гоё өнгө, үнэртэй, янз бүрийн хэлбэр дүрсийн лаа заавал авдаг. Бэлэгдлийг нь боддог ч байх. Лаа асаагаад хөгжим сонсож, бодол болж суух дуртай. Түүнээс биш яг цуглуулга маягаар авдаггүй юм байна. Нэг хөгжилтэй дурсамж хэлэхэд, манай ажлынхан монита зарлаад, миний нэрийг сугалсан залуу Сосор эгчид юу өгвөл баярлах бол гэсэн манай “Болор судар”-ынхан, өө цаадах чинь хямдхан амьтан ш дээ. Гоё лаа суурьтай нь өгчихөд баярлаад, уйлаад л явчихна гэж хошигносон гэдэг. Би их уяхан,баярлах гомдохоороо амархан уйлчихдаг хүн байгаа юм.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Сайхан эмэгтэйг зэрлэг цахирмаа цэцэгтэй зүйрлэнэ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.