Яах уу: Хамтын шийдвэртээ нөлөөлж чадахгүй бол…

1155a5fc7c0b64a0e058762cfa933413

Эргээд харахад нөхөртэйгөө амьдраад чамгүй хугацааг өнгөрүүлчихжээ. Энэ хугацаанд сайнтай, муутай олон зүйл болсон ч бүхний ард гараад, даваад л ирдэг тийм хүч та хоёрт бий. Гэтэл ойрд яагаад ч юм тэр хүч бүх утгаараа зөвхөн түүнийх л юм шиг санагдаад байх болж. Бүр хүмүүсийн “Гарт нь базуулчихаж” гэж нэрлэдэг зүйл хэзээнээс ч юм чамайг тодорхойлоод, бие даасан, хүчирхэг эмэгтэйн байр сууриндаа ч эргэлзэхээр тийм хурц байдалд очоод байна гэж төсөөлье.

Эсвэл анхнаасаа чи түүнд дарамт болохгүй гээд бүх шийдвэрийг нь үг дуугүй дагасаар байгаад нэг л мэдэхэд тэр чамтай зөвшилцдөг ч үгүй болгочихсон байж болно. Тэгвэл энэ “шударга бус” байдлаас хэрхэн гарч өөрийгөө ойлгуулж, байр сууриа батжуулах вэ?

Сөрөг шийдэл: Сэтгэлээр унаж феминист, бас ганц бие найзууд руугаа утасдана. “Одоо л даврааж болохгүй” гэдэг зөвлөгөөг хамгийн зөв гэдэгт итгэж шийдвэр гаргах үе болгонд нөхөртэйгөө зөрчилдөнө. Уг нь ингэхийг чи хүсээгүй л дээ. Гэхдээ л одоогийнхоос хэтрүүлэхгүйгээр ядаж тогтоон барих ганц арга нь энэ юм шиг санагдаад байгаа юм чинь. Тэгээд ч шийдвэр гаргах эрх мэдэл л чухал. Хэнд эрх мэдэл байна, тэр бүгдийг захирдаг нь бичигдээгүй хууль. Тийм болохоор нөхрийнхөө “давамгайлчихсан” шийдвэрүүд үнэн хэрэгтээ зөв байсан эсэхийг авч хэлэлцэхийг ч хүсэхгүй байх нь тэр чигтээ сөрөг шийдэл юм.

Эерэг шийдэл: Юун түрүүнд байдлыг өөрчлөх боломжтой гэдгээ ухаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үүний төлөө хийж чадах зүйлс чамд байна гэсэн үг. Жишээлбэл “Өнөө орой хоёулаа дарс ууж сайхан суух уу? Чи минь лаа аваад ирээрэй” гэдэг мессэж өдөр ажил дээрээ байхад нь явуулаарай. Ингээд хоёулхнаа цагийг бусад өдрүүдийнхээс арай л онцгой өнгөрөөж байхдаа сэтгэлээ нуулгүй илчилж болно. Яагаад гэвэл тэр чамайг хэрүүл хийхгүйг мэдэрч байгаа. Тиймээс сэтгэл санаа нь харьцангуй тайван, учирлаж хэлсэн үгийг чинь ойлгохоор сийрэг толгойтой байгаа гэсэн үг. “Ойрын үед надад бүх чухал асуудлууд зөвхөн чинийхээр л шийдэгдээд байгаа юм шиг санагдсан. Чи минь тийм л хүчирхэг гээд өөрийгөө төсөөл дөө? Мундаг байгаа биз? Тийм болохоор би ч гэсэн эн зэрэгцэхүйц хүчтэй баймаар байна. Надад найдаж, итгэж байж л хоёулаа хамтдаа амьдралаа бүтээнэ шүү дээ” гэх утгаар ярилцаад үзээрэй. Эсвэл та хоёр долоохон хоног олдсон амралтаараа гадагшаа явахаар төлөвлөлөө гэж бодъё. Нөхөр чинь байгалийн үзэсгэлэн гоог таашаангаа амармаар, харин чи далайн эргийн элсэн дээр хэвтэж, наранд биеэ шармаар байгаа. Тэгвэл хоорондоо зөрсний оронд судлаад аль аль нь байдаг газар луу явахаар шийдэх хэрэгтэй.

Яагаад ингэх ёстой вэ? Гэр бүл болох гэдэг өөрөө хамтын шийдвэр гэж бүгд л мэднэ. Гэвч нөгөө талаараа гэрлэснээс эхлээд хувь хүний шийдвэр бараг л үгүй болно гэдгийг бид мартчихдаг. /Үүнийг жижигхэн асуудал дээр хэлээгүйг минь ойлгоорой/ Иймд хоорондоо ярилцах л хамгийн сайн шийдэл болох юм. Яагаад гэвэл хоёр хүнд хоёуланд нь бүрэн таалагдах шийдвэр угаасаа цөөн байдаг. Нээрээ шүү, тийм төгс зүйл амьдрал дээр ч ховор. Тийм болохоор хоёулангийх нь сэтгэлд бүхэлдээ нийцэхгүй ч арай дөхөж очих шийдвэр дээр л тогтох хэрэгтэй. Тэр шийдвэр бүрт хоёул эсвэл хэн нэгэн нь аль нэг талаараа буулт хийх хэрэгтэй болно. Гэсэн ч та хоёрын гэрлэлт хэн нь илүү вэ, хэн нь илүү золиос гаргах вэ, хэн нь төлөөсөө сайн төлөх вэ гэдэг дээр дэнжигнэх ёсгүй шүү дээ.


Яах уу: Хамтын шийдвэртээ нөлөөлж чадахгүй бол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.