Хүсч байгаа албан тушаал дээрээ өөрөө яваад оч

183072f9ba922c3d9ca2c5925de13345

Өөрийнхөө чадварыг хийж байгаа ажлаасаа хамаагүй илүү гарахуйц гэж үнэлдэг, оноогдож байгаа үүрэг даалгавраа дотроо голж, үүнээс илүү чухал албан тушаал дээр томилогдох ёстой гэж боддог хүн бүр үүнийг уншаасай. Саяхан манай нэг найз, эгч хоёрын маань хооронд болсон яриаг би тэр чигт нь энд сийрүүлэн бичлээ.

Эгч бид хоёрыг кофе уугаад сууж байтал өнгөрсөн жил сургуулиа төгссөн найз маань ууртайхан орж ирээд цүнхээ сандал дээр бараг л чулуудаж орхив.

- Юу болоо вэ?

- Би ажлаасаа гарлаа, яршиг.

Өөрийнхөө чиглэлээр төгссөн хүн бүрийн орохыг хүсдэг компанид ажилд орсон мөртлөө ингэж хэлж байгааг нь гайхсан эгч бид хоёр нэгэн зэрэг “Яагаад?” гэж асуув.

- Яахав дээ, надад даалгаж байгаа ажлууд нь ерөөсөө таалагдахгүй байгаа юм. Уг нь би чинь менежментийн чиглэлээр төгссөн хүн ш дээ. Гэтэл надаар зүгээр л хүмүүс рүү утасдах, мэдээлэл хайлгах, санал гомдол шүүлгэх, бүртгэл мэтийн юм хийлгээд байх юм. Анх шал өөр төсөөлөлтэйгөөр орсон ш д, уг нь.

- Чи өөрөө ямар ажил хиймээр байгаагаа хэлсэн юм уу?

- Үгүй л дээ. Би яаж тэгж хэлэх вэ дээ. Тэр чинь удирдлагын хийх ёстой зүйл шүү дээ. Би л лав дарга байсан бол залуу ажилтнууддаа эрх мэдэл олгож үзэх байсан. Ахиж дэвших боломж өндөртэй гэж бодсон чинь худлаа юм шиг байна өө. Тэд нар намайг алдвал амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхлээ л гэсэн үг.

-Чи өөрөө яг юу хиймээр байгаа юм бэ дээ?

-Уг нь надад төсөл хариуцуулж, надаар төлөвлөгөө гаргуулж, баг удирдуулж, сарын зорилтуудыг бүрэн даалгаж өгвөл би маш сайн хийж чадна. Гэтэл миний чадварыг олж харахгүй юм. Дадлагын оюутан шиг санагдах боллоо.

- Тэд чамайг олж харах биш чи өөрөө “ологдож харагдах” ёстой шүү дээ гэж эгч маань бүрэн итгэлтэй өнгөөр хэлэв.

- Яаж?

- Юу гээч? Би ч бас анх бодлого, төлөвлөлтийн хэлтэст орох зорилготойгоор одооны компанидаа application бөглөж байсан юм. Гэтэл тухайн үед орон тоо байгаагүй учир эхлээд ресепшиний ажил л ноогдсон. Гэхдээ би голоогүй ээ. Миний төсөөллөөс огт өөр ажил байсан ч би оноогдсон ажлаа давуулан биелүүлж, гадаад харилцагчдыг угтаж авах, үдэж гаргахдаа компанийнхаа талаар яриа өрнүүлдэг байсан. Бас цаг бүртгэл хийдэг байсан болохоор ажилтнуудыг цагт нь ирүүлэхийн тулд долоо хоног бүр өөрийнхөө урдах тавцан дээр урам зориг оруулах үг бичиж гаргадаг байлаа. Энэ мэт өөр ямар ч ресепшний хийдэггүй, үүрэгт нь тусгагдаагүй зүйлсийг санаачлагаараа хийдэг байсан юм. Гэтэл нэг өдөр надаар 3 хуудас судалгааны материал орчуулуулдаг юм байна. Нэг хоногийн дотор орчуулаад дуусчихсан чинь төслийн хэрэгжилт хариуцсан багт албан бичгийн маш сайн англи хэлтэй хүн хэрэгтэй байгаа гээд намайг тийшээ “татчихсан”. Тэгээд л 2 сарын дотор шууд хэд хэдэн шатыг алгасаад дэвшчихсэн юм даа. Тэнд байх хугацаандаа би шинэ санаа олох, судалгаа хийхдээ гаргууд гэдгээ харуулж жилийн дараа анхны хүссэн хэлтэстээ орсон доо.

-Тэгэхээр би яг яах хэрэгтэй гэсэн үг үү?

-Чамд зориулж, яг тохирсон ажлыг чинь олж оноохын тулд дарга, захирал нар байдаг юм биш. Тэд зөвхөн ажиллах хүсэлтэй хүмүүст боломж олгохоор л байдаг юм. Олсны үзүүрийг л санал болгодог гэсэн үг. Харин үлдсэнийг нь тэр хүн өөрөө хийх ёстой л гэж би боддог. Үзүүрээс нь барьсан бол өөрөө татаж чангаагаад ч болов цаашаа ахих хэрэгтэй. Өөрт олгогдсон боломжийг тултал нь өөрийн болгож, ажиллаж, түүнийхээ эзэн нь болоогүй хүн л “Надад өөр юм даалгасан бол би шилдэг нь байх байсан юм” гэдэг хохирогчийн бодолтой байдаг юм даа.

- Би нэг л сайн ойлгохгүй байна. Тэгээд би таалагдахгүй ажлаа хийгээд л, ирээдүйд намайг олж харна гэж найдах ёстой гэсэн үг үү? Миний хүсэл мөрөөдөл яах юм болж байна?

-Ажил ч бас чиний мөрөөдөл, ашиг сонирхлын тулд бий болоогүй. Байгууллагын зорилгын төлөө л бий болдог зүйл. Харин чи л өөрөө байгууллагын зорилготой өөрийнхийгөө уялдуулж, тэр том зорилгод өөрийн зүгээс ямар хувь нэмэр оруулж чадахаа биеэр үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл чи яваандаа байгууллагын зорилгод өөрийнхөө мөрөөдлийг тусгаж чадах эрх мэдэлтэй болох болно. Өөрөөр хэлвэл байх ёстой гэж бодож байгаа газраа чи өөрөө л очно. Хэн нэгэн чиний хүслийг “бодол уншигч” машинаараа уншихгүй. Хүсч байгаа ажлаа хийхийн тулд тэр хүртэлх замд таарах жижиг ажлуудад ч бас суралцах ёстой байхгүй юу. Ямар ч тоглоомонд, за жишээ нь Candy crush-ийг төгс эзэмшсэн байлаа гээд шууд 50 дах үе лүү нь үсэрч болдоггүй биз дээ? Мундаг хүн ч эхний үеэс л эхлэх хэрэгтэй болно. Үнэхээр л мундаг юм бол өмнөх 49 үеийг нь гайхамшигтай хурдан, өндөр оноотой давж өөрийгөө батлах ёстой.

Энэ ярианы дараа найзын маань нүдэнд “Гэхдээ л…” гэдэг үг байсан ч ямар ч байсан ирэх долоо хоногт даргадаа биечлэн санал тавих шийдвэр гаргаад буцсан юм. Ажил хэрэгч, залуу бүсгүйчүүдийн дунд өөрийн чадвараасаа доогуур ажил хийгээд байгаа юм шиг мэдрэмж авдаг, үүнээс илүү чухал зүйл хийхээр зориулагдсан хүн гэж өөрийгөө бодон гонсойдог нь олон байгаа байх. Ямар чадварлаг боловсон хүчин гэдгээ хангалттай сайн батлан харуулаагүй мөртлөө удирдлагаасаа чиний чадварыг хэзээ нэг өдөр өөрсдөө олж харна гэж бүү найд. Хүлээн зөвшөөрөгдөж, нөөц бололцоог нь хэн ч үгүйсгэж чадахгүй болтол бэлтгэгдсэн хүнд л цалингаа, албан тушаалаа, хийж байгаа ажлаа голох эрх байгаа гэж би боддог болсон шүү.

Ажил чинь чамд таалагдахгүй байна уу? Ажлаа өөртөө таалагдахуйц болгож хувирга. Чамд ямар нэг бүтээлч ажил өгөхгүй байна уу? Үнэндээ бүтээлч ажил гэж байдаггүй, бүтээлч хандлага, үйлдэл л гэж байдаг билээ. Албан бичгүүдийг янзлахдаа ч өмнөхөөс нь арай өөрөөр, хараад л хаана юу байгааг шууд ялгаж харахуйц болгон өрж, бүтээлчээр хандаж болно. Кофе аягалахдаа ч хажууд нь эрч хүч оруулах бяцхан бичигтэй цуг хүмүүст олгон, бүтээлчээр хандаж болно. Үйлчлүүлэгчидтэй утсаар ярьж судалгаа авахдаа ч зөвхөн даргынхаа хэлсэн асуултыг асуугаад зогсолгүй, цаашдын үйл ажиллагааг сайжруулахад илүү хэрэгтэй асуултуудаар баяжуулж энэ ажлаа бүтээлч болгож болно. Ахин хэлэхэд бүтээлч хандлага л гэж бий.

Хэрвээ чи ч бас ажлаа өөрөөсөө доогуур үнэлдэг бол хэзээ нэгэн цагт чамайг хэн нэгэн тодруулахыг хүлээлгүй, очихыг хүссэн газраа өөрөө яваад очоорой. Чадна гэдгээ чи ганцаараа л мэдэж байгаа. Одоо харин харуул!


Хүсч байгаа албан тушаал дээрээ өөрөө яваад оч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.