Г.Содбаяр: Би найз охин биш, хамтран амьдрагч биш эмэгтэйгээ огт зодоогүйнхээ төлөө гүтгүүлж байна

87fb289c1f61f5c85c7c4b712cab3c41

Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “МТ группийн захирлын хүү Г.Содбаяр найз охиноо гэртээ авчирч нурууг нь хугартал зодож гэмтээсэн”, үүний улмаас нугараач Ю.Кундыз бүсгүй эрүүл мэндийн хувьд хохирч, ойрын тэмцээнүүдэд оролцож чадахгүй, цаашилбал дахин хэзээ ч нугарч чадахгүйд хүрлээ” гэсэн мэдээлэл сүүлийн хоёр хоногт цацагдав. Олон нийтийн зүгээс жигшин зэвүүцэж Г.Содбаяр, түүний гэр бүлийнхнийг ёстой л “дэвсэлж” гарлаа. Хэсэг зуур анзаарсан боловч хохирогч бүсгүйн зүгээс ямар нэгэн эмнэлгийн баримт, хууль зүйн нотолгоо дэлгэсэнгүй. Ерөөсөө л Д.Содбаяртай танилууд юм байна, 28 настай Ю.Кундыз  гэдэг юм байна, “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлж оношлуулсан гэхээс өөр баримт олдсонгүй. Ингээд түүнийг зодсон хэрэгт “зодуулж” буй иргэн Г.Содбаяраас энэ талаар тодрууллаа.

-Сайн уу, Содбаяр аа. Олон нийтийн сүлжээнд таны талаар ямар мэдээлэл явж байгааг харсан байх. Тэр өдөр яг юу болсныг тайлбарлаж өгөх боломжтой юу. Яагаад залуу бүсгүйг гэмтээчихэв ээ?

-Та хэр мэдээлэл аваад холбогдож байгааг мэдэхгүй. Би танд болсон явдлыг л хэлье. Хуулийн аль ч шатны байгууллагад ярьсан миний энэ яриа үнэн байх болно. Тэр өдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны лхагва гаригийн өглөө 10.00 цагийн орчимд Ю.Кундыз манайд ирж хамтдаа хоол хийж, өдрийг сайхан өнгөрөөе гэсэн. Ингээд манайд ирэхэд нь би нэг найзтайгаа хамт байсан. Гэнэт Кундыз “Энэ юун бэлгэвч вэ, чи өөр хүнтэй унтаад байгаа юм уу. Танай гэр сексдэж завхайрдаг газар болчихсон юм уу, Содоо” гээд хашхираад эхэлсэн. Би гайхсан. Бид гэр бүл биш, бүр найз бүсгүй, найз залуугийн ч харилцаатай биш байтал хаанаас ч юм бэ хэрэглэсэн бэлгэвчний тухай яриад гэр орныг минь доромжлоод эхлэхээр гайхна шүү дээ. Гэтэл үнэндээ тэндээс би хэрэглэсэн байтугай хэрэглээгүй бэлгэвч ч олж хараагүй, манайд байх ч учиргүй байтал бэлгэвчний хайрцаг л үзүүлээд хашхираад байсан. Тэгээд “Энэ минийх биш. Манайхаас ийм юм гарах ёсгүй. Тэгээд ч чи яагаад миний найзын дэргэд манай гэрийг доромжилж байгаа юм бэ” гэсэн. Гэвч тэр улам л дэвээд орилж зууралдсан, тэгээд би түлхсэн. Түлхсэний дараа бага зэрэг доголж байсан ч яваандаа зүгээр болчихсон. Надад түүнийг зодож гэмтээх, цохиод авах төлөвлөгөө ч, тийм сэтгэл ч байгаагүй. Алгадах, цохих, чимхэх ямар нэг үйлдэл огт үзүүлээгүй. Зөвхөн хуруугаараа түлхсэнийг найз минь гэрчилнэ. Ингээд Кундыз хаалгыг жийж тийрч гарсан. Гарахдаа “Би чамайг хариугаа авна. Сошиалаар яаж хариугаа авахыг хараарай” гэж хашгирсаар манай гэрээс гарч явсан. Би ч юу болоод өнгөрчихөв дөө гээд санаа зовоод өнгөрсөн. Тэгээд Кундыз гэртээ очсон хойноо “надаас доошоо шингэн юм гараад байна” гээд утсаар ярьсан. Би шууд гэрт нь яваад оччихвол хэрүүл маргаан л болно гэж бодоод таньдаг жолооч ахыг явуулсан. Жолооч ах Кундызыг гэрээс нь аваад “Мөнгөн гүүр” эмнэлэгт дагуулж явж үзүүлээд томографийн зураг авахуулсан.  Тэр нь эмчийн дүгнэлттэйгээ хамт гардаг. Энэ дүгнэлтэд хугаралт байхгүй, цууралт байхгүй гэсэн байсан. Кундыз болохоор “Маргааш эмч дээр очихоор татна гэсэн гэж яриад байсан. Би эмч биш болохоор яс хугарсан, цуурсан байвал татмааргүй юм даа. Юу ч гэсэн манайд хоночих гээд хоол хийж өгч, ариун цэврийн өрөөнд хүртэл хэрэндээ л асарч халамжилсан. Маргааш нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны пүрэв гаригт хамтдаа эмнэлэгт очсон. Тэгээд манайд очсон.

-Тэр үед Кундызын биеийн байдал ямар харагдаж байв? Алхаж явж чадаж байсан уу?

-Кундыз өөрөө ч надтай хамтдаа эрхлэлдээд, хамт кино үзээд, би хоол хийж өгч асраад хэн хэн маань баяртай байсан. Кундыз “Манай найз ирж байгаа, би гэрийн түлхүүрээ өгөөд хувцсаа авчруулмаар байна” гэсэн. Гэтэл гарч яваад төд удалгүй утсаар над руу ярьсан. Би өөр рүү чинь харж байгаад хэлмээргүй байсан юм. Тэгээд утсаар хэлж байна. Би наад зах нь асрагч авч таарна. Миний гоо сайхан, цаашдын төлөвлөгөөнд саад учруулсан учраас би чамаас 50 сая төгрөг нэхэмжилнэ гэж хэлсэн. Энэ 50 сая төгрөгийг өгчихвөл би чамайг цагдаад өгөхгүй, сошиалд ч бичихгүй гэж ярьсан. Тэгээд л хэлснээрээ энэ бүх зохиомол зүйлийг цацаж мэдээлж байгаа нь энэ.

-Та мөнгө нэхэж утсаар ярихад нь ямар хариу өгсөн бэ?

-Би эхлээд сайн эмчлүүл. Ямар онош гарах нь вэ, хаана, хэрхэн эмчлүүлэх нь вэ, хэр зардал гарах нь вэ, харцгаая. Хэрэв мэс засалд орохоор бол эмчилгээний зардлын тухай ярьцгаая гэсэн.

-Ядаж эмчилгээний зардал өгье гэж хэлж болохгүй байсан юм уу?

- Эхний ээлжинд би удаа дараа боломжоороо нийт хоёр сая төгрөг шинжилгээний зардал, ойр зуур хэрэглэхэд нь өгчихсөн байсан. Хэрэв эмчилгээ хийх шаардлагатай бол тэгээд эмчлүүлэх л тухай бодно шүү дээ. Гэтэл “Баасан гариг хүртэл хүлээнэ. Тэр хооронд өгөхгүй бол цагдаад ч өгнө, сошиалаар ч яахыг хараарай, намайг яахыг мэдэж байгаа биз дээ” гэж сүрдүүлсэн. Муудалцсан өдрөө манайхаас гарахад ч тэгж л хэлээд байсан. Би арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон ч сошиалаар яваад эхэлсэн. Гэсэн ч бямба гаригийн өглөөнөөс эхлээд олон нийтийн сүлжээнд ч, зарим хэвлэл мэдээллээр ч энэ талаар бичиж эхэллээ. Намайг аймшигтайгаар зодож нүдсэн, нуруу хугалсан гэж бичсэнийг хараад цочлоо. Түүнийг дагуулаад эмчлүүлж асраад явж байхыг харсан гэрч цөөнгүй бий. Ердөө маргаашаас нь алхаа нь илүү хурдан болоод, сайжирч байсан. Үүнд ч би их баяртай байсан болохоор би сошиалаар гарч байгаа мэдээллүүдийг хараад “шок”-нд орсон л доо.

-Таныг ч гэсэн ойлгохыг хичээж байна. Гэхдээ Кундыз ямар нэг эмнэлгийн дүгнэлт үзүүлсэнгүй. Тиймээс ойлгомжгүй, бүрхэг зүйл цөөнгүй байгааг ойлгоорой. “Нуруу хугартал зодсон, нугарч чадахгүй боллоо, одоо цаашид би яанаа” гээд байгаа нь л түүнийг уншсан хүмүүсийг эмзэглүүлээд байна шүү дээ?

-Та надаас тодруулж байгаа болохоор намайг гүйцэд сонсвол сайн байна. Би тодорхой хэмжээнд Кундызыг мэднэ. Тоглолт, тэмцээнд оролцоход нь ч зардлаар тусалдаг. Тийм учраас ирэх дөрөвдүгээр сард тэмцээнд оролцох тухайгаа ярьж надаас санхүүгийн дэмжлэг хүссэн. Би ч тусална гэж бодчихсон, хамтдаа хүлээж догдолж, хөл хорио хурдан дуусаасай гээд ярилцаж байсан. Бас түүнийг мөнгөнд хэрхэн ханддагийг ч мэднэ. Тиймээс би ямар ч тохиолдолд хуулийн дагуу явах нь зөв гэж үзсэн. “Мөнгөн гүүр” эмнэлэг “хугарсан, цуурсан зүйл байхгүй учраас мэс засал хийхгүй” гэсэн учраас өөр эмнэлэг рүү очиж хэвтсэн юм билээ. Аль эмнэлэгт одоо байгааг нь би мэдэхгүй байна.

-Ар гэрийнхэн нь тантай холбогдсон уу?

-Аав нь байхгүй. Ээж нь түүний амьдралд оролцдоггүй. Найз охид нь л илүү ойр байдаг.

-Та хоёр найзлаад хэр удаж байгаа вэ? Яг ямар харилцаатайгаа нуулгүй хэлж болох уу?

-Бид танилцаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Би магистрт суралцаж байгаа болохоор гадаадаас, ер нь голдуу зайнаас харилцдаг байсан. Өвлийн амралтаар ирэхдээ л хааяа уулздаг байсан. Харин өнгөрсөн зургадугаар сараас хойш ойр ойрхон уулзах болсон. Хэзээ ч миний найз охин байгаагүй. Хэзээ ч хамтран амьдрагч байгаагүй. Тэр манайд, би тэднийд хааяа очно. Найзуудын хөнгөн харилцаатай л байсан. Гэтэл манай гэрт, миний найзын дэргэд бэлгэвч, дамск зэрэг зохимол зүйл ярьж орон гэрийг доромжилж хаалга өшиглөж гараад, харьсан хойноо довтолгоо зохиож, эмчийн дүгнэлтээс зөрж хуулийн өмнө батлах боломжгүйгээр цуурхал тараан гүтгэж байна. Түүний бие илааршиж сайжрах тусам баярлах ёстой байтал зөвхөн 50 сая төгрөгийн төлөө занаж байгаад сошиалаар тарааж байгаад нь харамсаж байна. Миний хувьд мөнгөний хэмжээ нь гэхээсээ хууль ёсны дагуу, бодит нөхцөл байдалд тулгуурласан зардлаа нэхэхийг хүссэндээ “Эмчилгээнийхээ нэхэмжлэлийг явуулаад аваарай, би өгнө” гэсэн юм. Миний хувьд Кундызтай зөвөөр ойлголцоод асарч сувилаад явж байсан болохоор найз охид нь олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлж санхүүгийн аргаар эвлэрэх болзол тавих нь зүйтэй гэж үзсэн учраас ийм байдалд хүрсэн байх гэж бодож байна. Нэгэнт Кундыз маань эмнэлгийн дүгнэлт нь сайн гарсан нотолгоо байна, зүгээр алхаж гишгэж явааг нь харсан амьд гэрчүүд байгаа болохоор нэр хүндэд минь ингэж халдах нь хууль бус шүү гэдгийг олон нийт бас анхаарах биз ээ. Миний яриаг олон нийтэд хүргэсэн танд бас баярлалаа.

Түмэн.мн

С. Баяр


Г.Содбаяр: Би найз охин биш, хамтран амьдрагч биш эмэгтэйгээ огт зодоогүйнхээ төлөө гүтгүүлж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.