Өвлийн өвөөгийн өнө эртний түүх

unnamed

Хүүхэд битгий хэл томчууд бидний хүсэн хүлээдэг баярын нэг яах аргагүй шинэ жил. Ганган гацуураа чимж, өвлийн өвөөгөөс бэлэг аван ер бусын ид шидтэй зүйл болохыг хүлээх нь хүүхэд бүрийн хамгийн жаргалтай үе. Тэртээ хол цас мөсний орноос ан амьтад, цасан охидоо дагуулан ирдэг өвлийн өвөөг бид бага насандаа байдаг гэдэгт итгэн түүнд хүслээ шивнэдэг. Түүнийг хаанаас ч юм харж байгаа гэж бодоод хоолоо сайн идэх, ээж, аавдаа туслах гэж хичээх нь өнөө л өвгөн ааваас хүссэн бэлгээ авах гэснийх.

Шинэ жилийн баярын хамгийн гол хэсэг нь өвлийн өвөө цасан охидоо дагуулан ирж тэр жилд сурсан мэдсэнийг нь шалгаж хариуд нь бэлэг өгөх явдал. Гэхдээ хүүхэд бүрт байдаг нэг асуулт нь өвлийн өвөө хаана амьдардаг, хаанаас ирдэг вэ. Ихэнх хүн ардын жүжигчин Ц.Гомбосүрэнгээр монгол өвлийн өвгөнийг төсөөлөн боддог. Арга ч үгүй биз. 1948 оноос эхлэн 50 гаруй жил өвлийн өвгөн болж сурлага, хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхдүүдийг урамшуулан шагнаж бэлэг өгдөг байсан юм чинь. Хэрэв өвлийн өвөө үнэхээр байдаг бол өндөр том бие, жижигхэн харааны шил, урт цагаан сахал, баргил бүдүүн хоолойтой Ц.Гомбосүрэн гуай л байж таарна. Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг тэр сайхан өвлийн өвөөгийн хүндтэй үүргийг одоо Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан гүйцэтгэж байгаа. Тэр жил бүр багачуудыг баярлуулж хүүхэд бүрийн хүслийг биелүүлэхээр шамдан ажилладаг.

Европын орнуудад өвлийн өвөөг Санта Клаус гэж нэрлэх бөгөөд манай өвөөг бодвол богино улаан хүрэм, түрийтэй хар гутал, богино цагаан сахал, бөөрөнхий жижиг нүдний шилтэй. Тэртээ хол цас мөсний орондоо нисдэг бугануудын хамт амьдардаг. Сантагийн тухай түүхээс хуваалцахад анх Сайнт Николас гэх сайхан сэтгэлтэй хүн жил бүрийн зул сарын баяраар асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараадгаас үүдэлтэй. Энэ нь сүүлдээ уламжлал болж хүүхдүүд зул сарын баяр ойртох тусам догдлон хүлээдэг болжээ. Түүгээр ч барахгүй Сайнт Николаст захидал бичиж ямар бэлэг авах хүсэлтэй, тэр жилдээ хэн хэнд тусалсан тухайгаа бичиж илгээдэг байжээ.

Сайхан сэтгэлд өвөөгийн  уламжлал яван явсаар Америк даяар түгж Сингэр Клас гэдэг хүн үйл хэргийг нь үргэлжлүүлсэн байна. Түүний нэр 1773 онд СТ.А Клас болж өөрчлөгдөн түүнээс хойш бидний мэдэх Санта Клаус олон мянган багачуудыг баярлуулахаар тэртээ холоос айлчлан ирдэг болсон байна. Жил бүрийн зул     сарын баяраар багачууд хүссэн бэлгийг нь өгдөг Санта өвөөтэй уулзахын тулд тоглоомын дэлгүүрт очдог болсон гэдэг. Энэ нь 1860-аад оноос үүдэлтэй бөгөөд томоохон дэлгүүрүүд талбайн голд Санта өвөөд зориулсан суудал засч багачуудыг хүслээ тухтай хэлэхэд нь тусалдаг болжээ.

Харин Оросын өвлийн өвөө Сантаг бодвол цасан охид, ойн амьтадын хамт амьдардаг. Цагаан нөмрөг, цэнхэр дээл, алтран гялалзах таяг нь оросын багачуудын хүсэн хүлээдэг өвөө. Олон өнгөөр гялтганах богино цэнхэр даашинз, дэлдэн туулай, хүрэн баавгай, зальт үнэг дагуулсаар ирэх өвөө 1870-аад оноос үүдэлтэй бөгөөд зарим номд Санта өвөөгийн дүү гэх нь ч бий.

Ингээд багачууддаа удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргэж хэрхэн баярлах талаар нь сэтгэгдлийг нь хуваалцацгаая.

Н.Мөнхбаатар /12 настай/: Өвлийн өвөө дүү дээр л ирэх байх

-Шинэ жилийн баяртаа яаж бэлдэж байна вэ?
-Хичээлээ л сайн хийж байгаа. Бас эмээ, аав, ээждээ тусалж байгаа.

-Шинэ жилийн баярын хамгийн гоё хэсэг нь юу вэ?
- Бэлэг авах л хамгийн гоё. Бас орой гэртээ харихад сүлд мод засчихсан байхад сайхан байдаг.

-Танайд өвлийн өвөө ирдэг үү?
-Бага байхад ирдэг байсан. Одоо ирэхгүй байхаа.

-Яагаад?
-Мэдэхгүй ээ. Том болчихсон болохоор ирэхгүй байх. Ер нь өвлийн өвөө гэж байдаггүй юм биш үү.

-Би байдаг гэж боддог шүү дээ.
-Үгүй байхаа. Уг нь бага байхад ирдэг байсан л даа. Одоо өөр хүмүүс л худлаа хувцсыг нь өмсчихөөд явдаг болчихсон байна лээ. Тэд нар чинь мөнгө аваад айлд очдог шүү дээ.

-Тэгвэл чи одоо өвлийн өвөөд итгэхгүй болчихсон юм уу?
-Аав болохоор байдаг гээд л инээгээд байна лээ. Мэдэхгүй ээ

-Юу ч гэсэн шинэ жилээр хүлээгээд үзээрэй. Ирэх ч юм бил үү?
-Ирэхгүй байхаа. Харин дүү дээр ирж магадгүй.

Ч.Анар /11 настай/: Би хамгийн олон бэлэг авдаг

-Шинэ жилийн баяраар ямар бэлэг авах дуртай вэ?
-Ихэнхдээ чихэр, жимс авдаг. Аав, ээж хоёр өөрсдөө, бас ажлын газраас нь бэлэг өгдөг.

-Аав, ээждээ бэлгээ захиалдаг уу?
-Хааяа л би тийм бэлэг авна гэж хэлдэг. Гэхдээ дандаа биш л дээ.

-Шинэ жилийн орой хамгийн гоё байдаг. Танайд өвлийн өвөө ирдэг үү?
-Өнгөрсөн жил ирсэн. Манайд их удаан байсан. Бас надад цүнх авчирч өгсөн. Харин ахад гар утас өгсөн. Хэрэв намайг сайн байвал энэ жил өгнө гэсэн.

-Ах чинь тэгвэл их сайн хүүхэд юм байна даа?
-Манай ах саяхан сургуулиасаа олимпиадад сайн оролцсон гээд шагнуулсан. Нээрэн би удахгүй сургуулийнхаа шинэ жилд дуу дуулна. Бас би морин хуурын дамжаанд найзтайгаа явдаг болохоор сургуулийнхаа шинэ жилд зориулж тоглоно.

-Тэгвэл энэ жил чи гар утастай болох юм байна даа?
-Үгүй ээ. Аав зун аваад өгчихсөн. Одоо би дугуйтай болох юмсан л гэж бодож байна.

-Хүсэл чинь биелэх байх аа.
-Тэгэх байх. Аав, ээж хоёрт хэлээд л байгаа.

Э.Майцэцэг

Gogo.mn


Өвлийн өвөөгийн өнө эртний түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.