Яах уу: Өмнөх амьдралаас нь болоод эсэргүүцээд байвал…

1c734d9cdb9a7c7a750e71f5895e2386

Холбоо тасраад бараг таван жил болсон хоёр найзтайгаа уулзаад буу халж суутал тэр хоёр маань яг адилхан зовлонтой болж таарав. Хэн хэн нь хорин тав хүрчихсэн ч хүнтэй суугаагүй ба өмнө нь амьдрал зохиож байсан хүнтэй гэрлэж болохгүй гэдэг эцэг эхийн хатуу зарчим гол шалтгаан нь аж. Гэвч хорих тусам хүчирхэгжих хүслийг яалтай. Өмнө нь амьдралдаа алдсан гуч гаран настай эрсийг хүргэдээ болгохгүй гэж ээж аав нь хамаг л арга чаргаа барж байгаа тухай тэд ярина. Сүүлдээ хайрттайгаа зөвхөн нууцаар уулздаг болсноо хэлэх бөгөөд “Одоо яах хэрэгтэй вэ? Зугтдаг ч юм бил үү” гэж шүүрс алдацгаах юм. Төрүүлж өсгөсөн эцэг эхийн хайрыг буруутгах аргагүй. Тэглээ гээд хайртай хүнээсээ салах бодол огтхон ч үгүй үед яах ёстой юм бэ?

Сөрөг шийдэл: Хамтдаа зугтах. Ямар ч хэцүү асуудал байлаа гэсэн зугтах бол хамгийн арчаагүй, муу шийдвэр юм. Яагаад гэвэл буруу зүйл хийсэн хүн л зугтдаг. Хэрвээ энэ нь амар зам гэж бодоод сонгож зугтвал эцэс сүүлд нь ачлалгүй муу охин гэсэн бодлоор чи өөрийгөө байнга буруутгана. Мэдээж ганцхан өөрийгөө бус түүнийгээ ч гэсэн буруутгаж яваандаа та хоёрын хувьд эргээд л энэ сэдэв асуудал болно. Харин энэ үед зугтах гарц үгүй шүү дээ.
Нөгөө талаар “Үргэлж аав, ээжийн зөв байдаг” гэж бодоод хараар бууж өгөх юм бол мөн л чи өөрөө харамсаж үлдэнэ. Энэ тохиолдолд эцэг эхээ буруутгана. Өөрөөр хэлбэл дүндээ дүн л болно. Хоёр тал хоёулаа хохирогч болж үлдэх л бол тэр ямар ч арга зам байлаа гэсэн сөрөг шийдэл гэсэн үг.

Эерэг шийдэл: Гэр бүлээ чи сайн мэднэ. Бууж өгөхгүй, тас зөрөөд байгаа бол тэдэнд хугацаа өг. Хамгийн гол нь өөрийгөө тэр хүнтэй л хамт жаргалтай байж чаддагаа хэлж, чамайг халамжилж, хайрладаг сайн залуу гэдгийг нь нотло. Хэрэв аав чинь л та хоёрыг эсэргүүцээд байгаа бол чамд давуу тал бий. Хэдийгээр аавууд нүүрэн дээрээ хатуу загнадаг ч гэлээ охиндоо буулт хийж өгөхөд хэзээд бэлэн байдаг улс. Харин ээж энэ асуудлын гол эсэргүүцэгч нь бол та хоёрт хүндрэл нэлээд байна. Яагаад гэвэл ээжүүд охин нь амьдралын хатуу замаар орох гэж зүтгээд байгаа юм шиг санагдвал шууд л таслан зогсоодог. Тэд эмэгтэй хүний амьдардаг амьдралыг биеэр туулж сэтгэлээрээ мэдэрчихсэн улс. Чи бол тэдэнд байгаа үнэт эрдэнэ, очир алмааз нь. Сэв суулгаж, хагалж огтхон ч болохгүй үнэтэй зүйл нь гэсэн үг. Тиймээс аль алиндаа хугацаа өгөөд хүлээ. Энэ бол чамд ч гэсэн хэрэгтэй л байсан цаг хугацаа юм.

Яагаад ингэх ёстой вэ? Түүнийг чамд чин сэтгэлээсээ хайртай гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс юу гээч? Өмнөх амьдралын түүхтэй, насаар ах эрчүүд аль хэдийн өөрийн гэсэн байр суурь, үзэл бодол, үнэт зүйлтэй болсон байдаг. Үнэхээр л чиний төсөөлж байгаа шиг хайр дурлал мөн бол тэр хүн чиний төлөө гэр бүлтэй чинь эв найрамдлын гэрээг өөрөө байгуулах ёстой. “Би л хайртай байхад болно” гэж бодож байна уу? Үгүй дээ! Чи арван наймт эсвэл хорьж болдоггүй хорин настын үе шигээ хөнгөн хандаж болохгүй. Амжилттай гэрлэлт болох юм гэдгийг гэр бүлийнхэнд чинь хайртай хүн нь л ойлгуулах ёстой. Тэгээд ч үр хүүхэд нь алдаж эндвэл өөрсдийгөө буруутгаж, анхаарал халамжгүй байсандаа гэмшдэг нь эцэг эхийн ёс. Тиймээс яг одоо гэр бүлээ шахамдуулж уур амьсгал эвдэхийн оронд бага багаар дасгаж өөрсдийгөө ойлгуул.

Энэ тал дээрх ахимаг насны эрчүүдийн бодол:
- Би тэр бүсгүйд энэ насандаа хайртай болж байгаа юм бол түүний төлөө юу ч хийхэд бэлэн гэсэн үг. Аав ээжтэй нь ойлголцох л хэрэгтэй.
- Аав ээжийнхээ хяналтаас гараагүй байгаа бүсгүйтэй хамт амьдрах хэцүү байх магадлалтай. Ямар ч байсан нэлээн их гуйна.
- Хүлээх л хэрэгтэй байх…


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Яах уу: Өмнөх амьдралаас нь болоод эсэргүүцээд байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.