Өнгөрсөн хоёр сарын турш дэлхий дахиныг байлдан дагуулаад байгаа БНСУ-ын дуучин PSY буюу Пак Жэ Саны “Ганнам стайл” дууг Гиннесийн номд бүртгэхээр болж, тус хорооноос албан ёсны урилга илгээжээ. “Ганнам стайл” “Youtube” цахим хуудсанд хамгийн олон лайк цуглуулснаараа Гиннесийн амжилтад багтаж буй нь энэ юм.
Энэ дууны клип өнгөрсөн долоодугаар сарын 15- нд “Youtube”-т байршсанаас хойш энэ сарын 20 хүртэлх хугацаанд 2.141.758 лайк цуглуулжээ. Түүний ард LMFAOгийн “Party Rock Anthem”(1.574.963), Жастин Биберийн “Baby”(1,327,147) Аделийн “Rolling in the Deep” (1.245.641) тус тус жагссан байна.
Үүнээс гадна “Ганнам стайл” You- Tube дээрх хамгийн их үзсэн Азийн болон К-поп урсгалын дуугаар тодроод байна. Дэлхийн Гиннесийн бүртгэлийн менежер Дэн Баррэтт “Энэ бичлэгийг бүгд үзсэн биз ээ. Өнгөрсөн хоёрхон сарын дотор энэ дуу цахим ертөнцөд үнэхээр шуугиан тарилаа. Урьд нь ийм олон сая хүн үзсэн видео бичлэг байгаагүй. “Ганнам стайл” маш богино хугацаанд өмнөх амжилтыг хоёр дахин нугалчихлаа. Би энэ дуунд Гиннесийн номонд бүртгүүлэх урилга гардуулах болсондоо баяртай байна” гэж мэдээлэв. Одоогийн байдлаар “морин хатираат” залууг “Youtube”-т 240 сая гаруй хүн үзээд байгаа бөгөөд энэ тоо цаашид улам өсөх нь гарцаагүй.
Гадаад, дотоодын телевизийн нэвтрүүлэг, концерт, бичлэг гээд дэлхийн хамгийн завгүй хүн болоод байгаа 34 настай дуучин PSY одоо Гиннесийн амжилтын эрхийн бичгээ гардаж авах л үлдээд байна. “Ганнам стайл”-ыг дэлхийн одод дуурайн дуулж, “морин хатираа” бүжгийг нь сурахаар олон сая хүн түүний фэн болжээ. Алдарт Бритни Спирс PSY-г шүтдэгээ зарлаж, сагсанбөмбөгч Леброн Жеймс талбай дээр түүнийг дуурайн бүжсэн нь “Ганнам стайл” хэрхэн газар авсныг харуулж буй.
М.Сугараа /Mongolnews.mn/