Ээжүүдэд карьер чухал уу?

52a96f1a1e9f97e53b1253daaa277cee

1. Ажил хийдэг ээжийн яриа
Анхны хүүхдээ төрүүлээд гэртээ хараад суудаг байхдаа нөхөртэйгөө их мууддаг байсан. Ажлаа санана, хамт олон маань ахиж дэвшээд, миний мэдэхгүй зүйлсийг хийгээд байхаар цагаахан атаархал төрнө. Тэгээд өөрийгөө болохгүй байгаа юм байна гэж бодоод хобби олсон байхгүй юу. Бие дааж сураад шүрээр ээмэг, зүүлт хийгээд тэд нарыгаа онлайнаар зардаг болсноос хойш амьдрал хамаагүй зугаатай болж өөрчлөгдсөн. Хүүгээ дагуулаад л явж материалаа авч хийгээд фейсбүүктээ тавина. Авъя гэсэн хүнд нь мөн л хамт яваад өгчихнө. Харин багыгаа төрсний дараа гэртээ байгаад л баймаар байсан ч санхүүгээс болоод яалт ч үгүй ажилдаа эрт орсон. Мэдээж декритнээсээ орж байгаа хүн чинь бөөн эрч хүч. Гэвч ажилдаа орсны дараа стресстэй зүйл тохиолдонгуут яахын аргагүй гэртээ амар тайван суух юмсан гэж бодогддог шүү. Сүүлийн үед ядраад байгаа болохоор бүр ч тэгж санагдана. Ялангуяа өдөржин ажил дээрээ ядарч ирэхэд өөдөөс хоол нэхсэн хоёр хүүхэд, ундуй сундуй гэр хүлээж байхаар заримдаа бууж өгмөөр санагдаж байгаа юм чинь. Хэдийгээр нөхөр байгаа ч гэсэн орой ирээд өөр нэг ажлыг давтдаг, өдөрт хоёр ажил хийдэг хүн шиг л хааяа санагдахыг нь яана. Гэхдээ хоёр хүүгээ эрүүл саруул, дутах гачигдах зүйлгүйгээр өсгөхийн тулд одооны нөхцөлд гэртээ байх бус ажлаа хийгээд нөхөртэйгөө хамт хичээх нь л чухал байна даа. Харин дараа маамуулахдаа санхүүгээ сайхан зохицуулаад хүүхдээ цэцэрлэгт ортол нь харна гэж бодож байгаа. Тэгээд хийх зүйл гэвэл олон төрлийн хоол, шинэ жор туршина. Хүүхдүүдтэйгээ хамаагүй их цагийг хамт өнгөрүүлнэ. Тэдэндээ англи хэл зааж, сургууль дээрээ ойлгохгүй байгаа хичээлүүдийг нь тайлбарлаж өгнө. Бас одоогоор санааг нь олоогүй байгаа ч гэсэн гэрээсээ хийж болдог бяцхан бизнестэй болно оо. Эдгээр ажлуудаа ажлын өдрүүдэд багтааж хийчихээд үлдсэн хоёр өдөрт нь нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт гоё юм хийдэг цагийг гаргана. Хагассайны орой гэр бүлээрээ жүжиг эсвэл тоглолт үзэж, бүтэнсайнд ойрхон агаарт гарч зугаалга хийнэ. Тэгээд шинэ долоо хоногтоо эрч хүчтэйгээр орно доо. Тэгэхгүй бол одоо таван өдөрт ажил хийж хийж байгаад амралтын өдөр болонгуут ойрд хийгээгүй угаалга цэвэрлэгээгээ хийгээд л таарч байгаа юм даа хэхэ. Гэхдээ өглөө ажилдаа, орой гэртээ яардаг хүнийг аз жаргалтай гэдэг дээ. Би тэр үгийг бодоод л аль алиныг нь амжуулах гэж гүрийдэг. /31 настай, С/

2. Гэртээ хүүхдээ хардаг ээжийн яриа
Жирэмсэн байхдаа яагаад ч юм нөхөртөө уурлаж, тунирхдаг байсан. Надад хангалттай анхаарал халамж тавихгүй байгаа юм шиг санагдаад түүндээ гомдоод л суучихна. Тэгээд хэлэнгүүт нөгөөх маань ойлгохгүй бол хэрүүл болоод л томорчихдог байсан. Харин төрснөөсөө хойш интернэт дэлгүүр ажиллуулаад нэг хором ч амар сууж үзээгүй ээ. Хүүхдийнхээ хажуугаар ажил хийх үнэхээр хэцүү ч охиноо харахаар л өөрийн эрхгүй илүү хичээх ёстойгоо мэдэрдэг. Урьд нь юуны ч төлөө хариуцлага үүрдэггүй үедээ юунд ч санаа зовдоггүй байлаа. Одоо бол тэс өөр. Охиныхоо ирээдүйг бүтээж байгаа юм чинь нэг цаг мөчийг алдаж болохгүй юм байна гэж боддог болсон. Тэгээд ч гэртээ байгаа хором мөчдөө бусдад гомдоллож, харж атаархахын оронд өөрөө л хүмүүсийг атаархуулмаар тийм амжилтыг бүтээж болно шүү дээ. Яагаад гэвэл хэн ч хүүхдээ харахгүй гээд ажилд гардаггүй гэж боддог. Ээж хүн бол хүүхдээ л хамгийн түрүүнд бодно, түүнтэйгээ л хамт байх юмсан гэж санана. Уг нь бол ажлаас маань буцаад ажилдаа орооч ээ гээд гуйгаад л байгаа. Хэдийгээр ажил хийвэл хамт олонтойгоо хөгжилтэй байх хэдий ч хүүхдийнхээ ирээдүйг бодоод хойшлуулаад л байна. Найзууд маань цэцэрлэгт өгөөч гэж хэлдэг ч наанадаж ханиад томуу гээд л өвчин салахгүй, цаанадаж хүүхдээ ядаж хоёр ой хүртэл нь хөхөөрөө хооллочихмоор байна шүү дээ. Эцсийн эцэст, хөгшин болсон хойноо би хүүхдээ ямар нэгэн байдлаар оюуны хөгжил юм уу сэтгэлийн хөгжил дутуу, хатуу хүн болгосон байвал түүндээ өөрийгөө л буруутгана. Тиймээс одоо надад боломж олдсон дээр нь хүүхдээ хүн шиг хүн болгомоор байна. Бусад зүйлийг дараа хийж болно, бүр болохгүй бол ингээд хажуугаар нь амжуулж болж байна шүү дээ. /27 настай, О/

Айлаас эрэхээр авдраа уудла гэдэг дээ. Аз жаргалыг ч гэсэн тэгж болох юм шиг санагдлаа. Чи дээрх хоёр ээжийн алинд нь хамаарагдах вэ? Амьдралаа өөрчлөх юмсан гэж бодогдож байсан уу?


Ээжүүдэд карьер чухал уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.