Масктай “мангар” залуу

8e23d6e031affd1105e843226855789c

Нөхөр/найз залуу чинь нүүрэндээ маск тавьчихсан байна гээд төсөөл дөө. “Мангар” байгаа биз? Муу утгаараа биш ээ, харин өхөөрдөм гэдэг утгаараа.

Энэ удаад эрчүүдийн арьс арчилгааны талаар нийтлэл бичихээр болж, төлөвлөгөөгөө гаргахдаа эхлээд хэд хэдэн эрчүүдээс нүүрэндээ арьс арчилгааны маск тавьдаг эсэх, бүсгүйчүүдээс хайртдаа маск тавихыг зөвлөдөг эсэхийг нь асууж ярилцсан юм. Учир нь энэхүү нийтлэлийг уншигчид маань зүгээр нэг уншаад өнгөрөхийг огт хүсээгүй юм. Ер нь бүх нийтлэлийн цаана тийм хүсэл нуугддаг л даа.

Дээрх асуулгад маань хамрагдсан 5 залуугийн 3 нь амьдралдаа дор хаяж нэг удаа маск тавьж үзсэн /Борлосон арьсаа цайруулахын тулд тараг түрхсэнээс гадна шүү/, харин 1 нь тогтмол хугацаанд маск тавьдаг гэсэн юм. Учир нь түүний арьс нэлээд асуудалтай, болж л өгвөл үрэвсчих гээд байдаг гэнэ. Эхлээд намайг үүнийг асуухад надаас ичиж санаа зовон, юу гэж дээ гээд л сэдвийг өөр тийш эргүүлэхийг оролдож байсан залуус маань эцэст нь хариултаа өгсөн нь энэ юм. Аргагүй шүү дээ, эмэгтэй хүн арьсаа арчилж, маск тавьдаг эсэхийг асууж байхад ямар эр хүн өөрийг нь ижил хүйстэн гээд бодчих вий гэж санаа зовохгүй байх билээ? Хэвийн арьстай залуус бол азтай нь аргагүй инээмсэглээд, “Тийм юм хэрэглэх шаардлага байдаггүй юм аа” гэж хэлдэг юм байна лээ шүү. Харин 4 бүсгүйн маань хувьд 2 нь нөхөр/найз залуудаа гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэж байсан ба бүгд сахал нь хатгаад байдаггүй, эрүүл, зөөлөн арьс “илэхийг” хүсдэг гэнэ. Хэдий цөөн хүнээс асуусан боловч тэд ч гэсэн нийгмийн нэг хэсэг, хувь хүн учраас бусдаасаа тэс өөр бодол санаатай байна гэж байхгүй нь лав, тийм биз дээ?<>

Тэгэхээр асуудалтай арьстай залуус маань Солонгос одод шиг нүүрээ будаад байхгүй ч тодорхой хэмжээгээр арьсаа арчилж, цэвэрхэн харагдахыг хүсдэг ч түүнийгээ ил гаргахаас, бүсгүйчүүдэд илэн далангүй ярьхаас ичдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр ичимхий “мангар” залуустаа арьсандаа анхаарал тавьхад нь бүсгүйчүүд бид л энэ бол хэвийн үзэгдэл, арьсаа арчлахыг нь дэмжиж байгаагаа мэдүүлэх хэрэгтэй. Үүний тулд эхний ээлжинд зүгээр л нүүрний маск аваад өгчих. Яагаад маск хамгийн зөв сонголт вэ гэхээр, хамгийн хурдан үр дүнгээ өгдөг гоо сайхны бүтээгдэхүүн болохоор. Эрчүүд угаас үр дүнг л чухалчлах нь тодорхой шүү дээ. Харин бүтэн иж бүрдэл авч өгвөл магадгүй хэрэглэхээсээ залхуурах эсвэл мартах тохиолдол гарна.

Эрчүүдийн хувьд нүүрний маск хэрэглэхэд заавал санах хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг нь:
- Хэт их буюу өдөр бүр хэрэглэх хэрэггүй. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд л тохиромжтой. Юмны хэмжээ гэж байдаг даа.
- Маскийг арьсандаа түрхсэнээс хойш доод тал нь 10-15 минут байлгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэвчээртэй байх хэрэгтэй. Түрхээд л авчихдаг цэвэрлэгч биш гэдгийг нь сайн ойлгуулаарай.
- Маскны үйлчилгээг сайжруулахын тулд өмнө нь нүүр цэвэрлэгчээс гадна гуужуулагч хэрэглэвэл маш сайн байдаг юм. Эдгээрийг хайртдаа сайн хэлж сануулаарай. Мөн эрчүүдэд зориулсан нүүрний маск ерөнхийдөө хоёр төрөл байдаг.

Үүнд:
1. Чийгшүүлж, зөөлрүүлэн эрүүлжүүлэх;
2. Тослогийг тэнцвэржүүлж, үрэвсэлтэй арьсыг цэвэрлэх юм.

Тэгэхээр эхлээд түүнийхээ арьсыг тодорхойлж, аль төрлийн маск тохирохыг нь тогтоох хэрэгтэй байгаа биз? Ерөнхийд нь чи гадарлаж байж ч магадгүй. Гэхдээ бичье. Хэрвээ хайртын чинь арьс хаа нэг хуурайшиж, холцруутчихсан харагддаг,ихэвчлэн цагаан батгатай, амархан улайчихдаг бол чийгшүүлж, эрүүлжүүлэх маск тохиромжтой. Тэр хуурай, эмзэг арьстай байна гэсэн үг. Харин өдрийн турш тослогтож, гялтайдаг, хар батга их гардаг, нүхжилттэй, Т бүсийг дагаж үрэвсэлт батга гарах хандлагатай бол тослог, үрэвсэлтэй арьсны маск тохирно. Залуу чинь тослог, холимог арьстай байна гэсэн үг.

Яг одоо та нар хаанаас маск авч болох талаар сонирхож байгаа байх. Тослог, үрэвсэлтэй арьсанд зориулсан маскийг чи өөрөө гэрийн нөхцөлд хийгээд хайртынхаа нүүрэнд түрхэж өгч болно.


Масктай “мангар” залуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.