2021 онд ингэж ажиллахыг зөвлөж байна

бизнес-план

Энэ оны тухай тодорхой байгаа ганц зүйл бол тодорхойгүй байдал. Иймд бизнес эрхлэгчдээс энэ онд ямар зорилго тавьж, түүндээ хэрхэн хүрэхээр төлөвлөснийг нь тодрууллаа.

Амжилтаа хэмж

Жордан Нэйтэн, Caraway компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Бид жилийн болон улирлын төлөвлөгөө гаргаж ажилладаг. Эдийн засгийн энэ тодорхойгүй байдалд хөгжиж буй гарааны бизнест юу авчрахыг таамаглах хэцүү байна. Тиймээс бид долоо хоног бүр улирал, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт ямар шатандаа явж буйг ярилцах хурал хийдэг. Энэ нь бидэнд чиглэлээ барьж, зорилгоо өөрчлөх тохиолдолд багаараа нэгдэхэд тусалдаг.

Бүтэлгүйтэлд бэлтгэлтэй бай

Гайвин Стайнберг, The Everest компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Нөөц төлөвлөгөө боловсруул. Бүр хэд хэдийг. Та өмнө нь ямар нэг барилга хугацаанаасаа өмнө, төсөвлөснөөс бага зардлаар баригдаж дууссан тухай сонсож байсан уу? Би ч гэсэн. Ямар нэг зорилго тавихдаа хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа бол хэр их хугацаа, мөнгө зарцуулахаа дутуу тооцолдог явдал юм. Бид аль болох бодитой зорилго тавихыг хичээхийн зэрэгцээ бүтэлгүйтвэл яах вэ гэдгээ үргэлж давхар бодож байдаг. Нөөц төлөвлөгөө юу билээ? Бүтэлгүйтвэл ямар нөхцөл байдал бий болох вэ гэх зэргээр.

Ухаалгаар ажилла

Абигейл Күүк Стөүн, Otherland компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

2020 он бидэнд нэг зүйлд төвлөрөхийн ач холбогдлыг харуулж, сургамж үлдээсэн гэж хэлж болно. Бүх санал, санаачлага, түншлэлийн 20 орчим хувь нь л биднийг эцсийн зорилгод ойртуулж өгдөг. Харин ач холбогдол багатай 80 хувийг нь илрүүлж, нөөц бололцоогоо зөв чиглүүлэх нь захирлуудад байх ёстой чухал чадваруудын нэг билээ. Бидний хувьд 2021 онд илүү үр ашигтай, өндөр бүтээмжтэй ажиллахад тус болох 20 хувьдаа бүхий л анхаарлаа хандуулахаар төлөвлөөд байна.

Хэсэгчлэн төлөвлө

Фредди Мартиньети, Rosaluna компанийн хамтран үүсгэн байгуулагч

Бид бүх төлөвлөгөө, зорилгуудаа бүс нутаг, дансны төрөл, дотоод ба гадаад, том сүлжээ ба жижиг мухлагууд, цахим болон биет дэлгүүр зэрэг төрлүүдэд хэсэгчлэн хуваасан. Ийм маягаар хэсэгчлэн тооцоолох нь илүү нарийвчлалтай таамаг дэвшүүлэхэд тус болно гэж найдаж байна.

Том зорилго тавь

Стивен Хоторнтвейт, Rothy’s компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Бид 2020 оныг ажлын үйл явц, процессоо сайжруулах, үйл ажиллагааныхаа зардлыг нэмэгдүүлэх зэрэг бизнес өндөр өсөлттэй үед шийдвэрлэхэд төвөгтэй ажил, санаачлагаа хэрэгжүүлэхэд зориулсан. Дэд бүтцээ сайжруулаад авсан тул 2021 онд бид эрчимтэй урагшлахад бэлэн байна. Энэ онд илүү том зорилго тавьснаар тогтвортой байдал, инноваци, бүтээгдүүхүүнээ сайжруулах тал дээр бидний хүлээлх үүрэг, амлалтаа хоёр дахин нэмэгдүүлж байна гэсэн үг.

Эх сурвалж: Entrepreneur сэтгүүл


2021 онд ингэж ажиллахыг зөвлөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.