Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгэн албан ёсны анхааруулга хийжээ. Их Британи улсад Катараас нисч ирсэн нэгэн хүнийг эмч нар үзлэгт оруулсан байна. Түүний бие махбодоос үл мэдэгдэх нэгэн вирүс илэрсэн нь үүсгэгч тодорхойгүй хатгааны вирүстэй тун төстэй байв гэнэ. Үүнийг лабораторийн шинжилгээнүүд нотолж байгаа аж. Энэ вирүсээр халдварласан эр анх есдүгээр сарын 3-ны өдөр Катарт байхдаа эмч нарт ханджээ. Дөрвөн хоногийн дараа тэрбээр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байв. Есдүгээр сарын 11-нд түүнийг Их Британид аваачсан юм. Вирүс судлаачид түүний сорьцыг өмнө нь үүнтэй ижил төстэй шинж тэмдэгтэй байгаад нас барсан Саудын Арабын нэгэн өвчтөнийхтэй харьцуулжээ. Тэгтэл тэдний вирүс бараг адил төстэй байсан гэнэ.
Энэхүү шинэ вирүстэй яаж тэмцэхээ мэргэжилтнүүд одоогоор мэдэхгүй байгаа аж. Үүсэл гарал нь тодорхойгүй хатгаа нь амьсгалын замын үйл ажиллагааг доголдуулдаг билээ. Энэ хатгаа аль ч насны хүнд тусдагаараа аюултай юм. Ялангуяа залуучууд энэ өвчинд олноороо нэрвэгддэг байна. Халдвар агаар дуслын замаар буюу өвчтөний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр дамждаг гэнэ. Шинж тэмдэг нь тодорхой юм. Биеийн ерөнхий байдал муудаж, ихээр хөлрөх бөгөөд дотор муухайрна. Толгой өвдөж, хоолой ирвэгнэх бөгөөд хуурай ханиалгана. Амьсгаадаж, эцсийн дүндээ уушги, зүрхний дутагдалд орж нас барах тохиолдлууд гарчээ.
www.wikimon.mn