Зохион байгуулалт чинь яагаад сайжрах ёстой вэ?

73bf880cc604fd95b7858133507fb5fd

Гарчгийг хараад толгойнд чинь шууд буусан бодлыг таая л даа. “Зохион байгуулалт яагаад сайжрах ёстой юм бэ гэж үү? Яах юу байхав дээ, угаасаа л бүх хүн сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй биз дээ. Ийм энгийн зүйлд гайхаад байх ч хэрэг алга”. Хэрвээ ингэж бодсон бол өөрөөсөө асуу даа. “Би сайн зохион байгуулалттай хүн мөн үү?”

Ажилд орсон анхны өдөр надаас дарга маань яг ингэж асуусан юм. Харин би юу гэж хариулсан гээч? “Надад зохион байгуулалт гэдэг зүйл амьдралыг хайрцагладаг зүйл шиг санагддаг. Би тиймэрхүү хүрээнд орох дургүй”. Нэг ёсондоо өөрийгөө их л өөр гэж хариулж байгаа царай нь энэ байж л дээ. Гадны нүдээр харахад дэндүү хэнэггүй өөрийгөө би тухайн үед дараах шалтгаануудаар зөвтгөдөг байлаа.

1. Амьдрал бол адал явдал. Юмс гэнэтийн байх тусмаа сонирхолтой.
2. Өдрийг төлөвлөхгүй байх тусам амьдрах урамтай санагдана.
3. Амьдралын хамгийн сайхан дурсамжууд бүгд төлөвлөөгүй тохиолдолд оршдог. Гэнэтхэн ирсэн дуудлагын дараахан гарч яваад шөнөжин машинаар зугаалах, удаан уулзаагүй найзтайгаа тааралдаад хамт аялалд гарах, дур хөдөлсний улмаас бүх орлогоороо гутал авчихаад түүндээ баясах гээд юу эс мундах вэ?
4. Өөрийгөө хайрцаглах нь өөрийгөө “алж” буйтай ижил.
5. Харин зохион байгуулалт бол тэдний нэг.
6. Би түүнгүйгээр амьдралаа амжилттай зохион байгуулж чадна. /Сүүлчийн шалтгаанд хүртэл зохион байгуулах гэдэг үг орсон байгаа биз?/
7. Тэгээд ч зохион байгуулах чинь өөрөө цаг авдаг ажил. Оронд нь шуудхан л хийгээд дуусгаад, хийгээд дуусгаад явсан нь дээр.
Энэ бодол бол миний хоёр жилийн өмнөх, тогтвортой ажиллаж үзээгүй үеийн маань дүр төрх юм шүү. Гэвч бодит байдал гээч нэг зүйл бий дээ?

Ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр хийгээд дуусгах төлөвлөгөө маань миний хувийн цагийг ховх сорж байв. Өглөөнөөс авахуулан хийж байтал нэг л мэдэхэд орой болчихно. Орой болсон учир дууссан ч, дуусаагүй ч гэртээ харина. Гэхдээ харьсан хойноо ч өдөр амжаагүй ажлуудаа гүйцээхээр суугаад хар шөнөөр л унтана. Тэгээд өглөө сэрээд өнөөх л хэдэн зүйлс дээрээ очоод гацна даа. Гадуур зугаалж, зугаацаж байгаа найзуудыгаа хараад дэмий л санаа алдан өөрийгөө зөвтгөхийг хичээнэ. Гэртээ орой харьж, шөнө унтдаг учир ихэвчлэн хүнд хоолнууд идэн, бие маань ч галбираа алдаж эхлэв. Өглөө ажилдаа эрт явахын тулд нүүрээ будаж, үсээ ч янзлахаа больсон. /Найзынхаа төрсөн өдөрт очсон зургийг маань ажлын бүсгүй харчихаад ажлын бүр “Чи бид нарт ингэж харагдаж бай л даа” гэсэн гээд бод доо/ Мөн өөрийнхөө хамгийн ихээр хийхийг хүсдэг мөрөөдлүүддээ ажилдаа дарагдаад цаг гаргаж чадахаа байсан. Ийм амьдралын хэв маягтай болсноос хойш би жинхэнэ утгаараа амьдралын адал явдалгүй, сонирхолгүй, идэвхгүй хүн болж хувирав.

Тэр нэгэн өдрийг хүртэл… Амьдралд маань хайр ирсэн байлаа. Түүнийг явуулахгүйн тулд би өөрийгөө бага багаар зохион байгуулж эхлэв. Гэтэл ямар гайхалтай зүйл болсон гээч? Би өөрийгөө тийм ч зохион байгуулалтгүй хүн биш гэдгээ мэдэв. Өөрөөр хэлбэл би энэ бүх хугацаанд өөрийгөө ажлыг дарааллан хийгээд явна гэдэг зохион байгуулалтын аргатай хүн байснаа олж нээсэн юм. Жаахан үр дүнгүй л болохоос. Харин өөрийгөө өөрөөр зохион байгуулж эхэлснээс хойш би юу юуг ойлгосон гээч?

• Ажлыг амьдралаа болгож болохгүй. Гэхдээ ажилгүй амьдрал гэж бүр ч байхгүй. Тиймээс хоёуланг нь зэрэгцүүлэн амжилттай авч явахын тулд яах аргагүй бидэнд зохион байгуулалт хэрэгтэй.

• “Амьдрал бол адал явдал” гэдэг үгийг шууд утгаар нь ойлгохоо больсон. Яагаад гэвэл зохион байгуулах, төлөвлөгөөтэй зохиох гэдэг нь ч өөрөө хорвоог, өөрийгөө танин мэдэж буй адал явдал юм билээ.

• Юмс гэнэтийн байх тусмаа сонирхолтой. Гэхдээ ирээдүйдээ итгэлтэй байна гэдэг түүнээс ч дутуугүй сонирхолтой зүйл.

• Өдрийг төлөвлөж байж урамтай амьдрахад туслах зүйлсээ бүрэн хийж чадна.

• Хувийн зохион байгуулалтаа сайжруулах тусам урьд нь хийдэг байсан зүйлсийнхээ үнэ цэнэ, амтыг илүү сайн мэдрэнэ.

• Өөрийгөө хайрцаглахгүй гэж бодох нь хүртэл өөрийгөө хайрцаглаж буй хэрэг.

• Харин зохион байгуулалт бол юмсыг эрүүл саруул ухаанаар харахад тусалдаг хамгийн чухал зүйл юм.

• Сайн хувийн зохион байгуулалтгүйгээр хамгийн өндөр IQ-тэй хүн ч амьдралаа амжилттай зохион байгуулж чадахгүй.

• Зохион байгуулах, төлөвлөгөө зохиоход өдөрт 10-хан минут зарцуулахад л өөртөө сард дор хаяж 10 цагийг зарцуулж чадна.

• Зохион байгуулалттай байх нь чамайг уйтгартай хүн болгохгүй.

• Яагаад гэвэл чи хэзээ ч тийм болохгүй. Бүгдийг сайн зохион байгуулдаг хүн амьдралд өдрөөс өдөрт, илүү хайртай болсоор л байдаг.

• Өөрийгөө удирдах нь огтхон ч ядаргаатай зүйл биш!

• Амьдралаас олж авах адал явдал, нээж суралцах шинэ зүйлс, очих цэгүүддээ бүгдэнд нь хүрэхийн тулд л би зохион байгуулалтаа сайжруулах арга замыг эрэлхийлдэг.

• Зохион байгуулалт сайтай байвал тархиныхаа хүчин чадлыг “Яах билээ?”, “Юу билээ?” гэдэг асуултанд үрэлгүй, хамгийн чухал зүйлсдээ бүтээлч нөөц бололцоогоо хадгалж чадна.

• Зохион байгуулалт сайтай хүн өнгөрч байгаа цаг хугацааг гарынхаа салаагаар урсгалгүй, утга учиртай, цэгцтэйгээр “үрдэг”. Тийм болохоор цаг мөч бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлдэг. • Би амьдралдаа сэтгэл хангалуун байх замыг л сонгож байна.

Надтай учирсан зүйл хараахан чамд тохиолдоогүй байж болно л доо. Гэсэн ч зохион байгуулалт, сайн төлөвлөлт, цагийн хуваарилалт хэрэгтэйд итгээрэй. Чамайг өөрт нь хангалттай цаг гаргаж чадахыг мэдэхээрээ тэр хүрээд ирэх ч юм билүү?


Зохион байгуулалт чинь яагаад сайжрах ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.