COVID-19 ба эмэгтэйчүүд

712-1614812096COVID19-mask-isolation-mit-mcgovern-00

Дэлхий нийтээрээ бүтэн жилийг хөл хориотой, масктай өнгөрүүллээ. Тэр дундаа пандемикийн үед салбар бүрт эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байсныг эргэн харж, дүгнэж цэгнэх өдөр тохиож байна. Ялангуяа, цар тахлын шинэ сорилт эмэгтэйчүүдэд илүү нөлөөлснийг судалгаанууд харуулж буй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж COVID-19 ба эмэгтэйчүүд багц мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ 200 МЯНГА ОРЧИМ ЭМЭГТЭЙ АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙ
Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байдаг. Гэр ахуйн хөлсгүй ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд гүйцэтгэхийн зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагсдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг Азийн хөгжлийн банк судалгаандаа дурджээ. Цалин багатай, албан бус хөдөлмөр эрхлэлт буюу нийгмийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, худалдааны салбарт эмэгтэйчүүд зонхилж байна. Мөн өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 200 мянга орчим эмэгтэй ажил эрхлээгүй. Тэд хүүхэд харах, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ асрах, нийтийн тээврийн хүртээмж, ажлын эхлэх, тарах цаг тохиромжгүй гэсэн шалтгаанаар ажил хийж чадахгүй байна.
COVID-19 цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсаар байна. Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн дунд эмэгтэйчүүд давамгайлж байгаа ч хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо бага бөгөөд дундаж цалин нь эрэгтэйчүүдийнхээс доогуур байна. 2000 оноос хойш эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшин 7.6 хувиар буурсан бол эсрэгээрээ эрэгтэйчүүдийнх мөн хугацаанд 3.5 хувиар өсчээ. Хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо ийнхүү буурч байгаа нь эдийн засгийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ.
Япон, БНСУ-ыг Норвеги, Финланд улстай харьцуулсан судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн тууштай хөдөлмөр эрхлэлтэд 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлэх нь хамгийн оновчтой гэдгийг онцолсон байна. Нэг үеийг бодоход манай улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа ч илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай хэвээр байгааг олон улсын байгууллагууд онцолсоор байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ажиллах хүчний оролцооны түвшинг 2030 онд 65 хувь, 2050 онд 70 хувь болгон өсгөх зорилтыг дэвшүүлээд байгаа юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО, ТӨЛӨӨЛӨЛ, МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улс жендерийн тэгш бус байдлын улс төрийн дэд-индексээр 153 орноос 120 дугаар байранд жагсаж байна. Төрийн албан хаагчдын 60.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа хэдий ч улс төрийн албан тушаалтны ердөө 22.8 хувь нь эмэгтэйчүүд байгааг судалгаанд онцолжээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор жендерийн тэгш эрхийн асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтөд илүүтэй тусгаж шийдвэрлэхэд нөлөөлж чаддаг байна. Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн ялгарлыг арилгахын тулд өсвөр насны охид, хөвгүүдэд зориулсан мэргэжил сонголтын зөвлөмжийг жендерийн мэдрэмжтэй болгох хэрэгтэй. Мөн аль салбарт эрэгтэйчүүд эсвэл эмэгтэйчүүд илүүтэй ажиллаж байгааг буюу хүйсээр ангилсан тоон мэдээлэлд жендерийн дүн шинжилгээг тогтмол хийх нь чухал юм. Тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагуудын дунд жендерийн тэгш байдлыг хангасан ажлын байр бий болгохыг дэмжиж, ажил олгогчдод төрөөс урамшуулал олгох хэрэгтэйг олон улсын байгууллагаас зөвлөж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХЭНХ НЬ СЭТГЭЛ ГУТРАЛТАЙ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ
Цар тахлын нөлөөгөөр хүн төрөлхтний санааг зовоосон бас нэгэн томоохон бэрхшээл нь хөл хорионы үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал болов. Халдварын тархалт, хатуу хөл хорионоос үүдсэн шинэ сорилтын улмаас дэлхий нийтэд пандемик стресс гэсэн нэршил бий боллоо. COVID-19  халдвар нь хүн амын дундах стресс, бухимдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болсноос дэлхийд 300 сая хүн сэтгэл гутралаас болж шаналж байна гэсэн статистик бий. Тэгвэл энэ үзэгдэл манай улсад ч мөн адил нийгмийн тулгамдсан асуудал болсныг судалгаа харуулж байна.
СЭМҮТ-өөс улсын хэмжээнд интернэт хэрэглэдэг 2656300 хүнийг төлөөлөхүйц  3840 иргэнийг хамруулан тооцоо гаргажээ. Судалгаанд оролцогчдоос цар тахлын халдвар ажил, амьдралд маш их нөлөөлсөн гэж 38.1 хувь нь хариулсан бол  32 хувь нь их, 27 хувь нь бага, хоёр хувь нь үгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа дүр зураг гарсан байна.  Оролцогчдын 22.1 хувь нь сэтгэл гутралтай гэж хариулсан шалтгааныг тандахад ихэнх нь Улаанбаатар хотод оршин суудаг, хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа 30-39 насны гэр бүлтэй эмэгтэйчүүд байна. 500 мянгаас нэг сая төгрөгийн дундаж орлоготой, энгийн ажил эрхэлдэг, хатуу хөл хорионоос шалтгаалж өрхийн орлого буурсан.
Өдөрт зургаагаас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг гэж хариулжээ. Тэр дунд сэтгэл түгшилтэй гэж хариулсан 20.5 хувийн төлөөлөл 30-39 насны гэрлэсэн, хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа эмэгтэйчүүд байгаа бол 23.3 хувьд 30-39 насны эмэгтэйчүүдэд нойрны өөрчлөлт илэрчээ.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ЭРС НЭМЭГДЭВ
Монгол Улсад жил бүр гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж байна.  Улаанбаатар хотод хоногт дунджаар таван эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Үүний цаана илрээгүй хэдэн тохиолдол байгааг таашгүй.
“Жендерт суурилсан хүчирхийлэл” судалгаанаас харахад бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 62.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь хамтран амьдрагч нь архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ. Түүнчлэн хардсан үедээ хүчирхийлэл үйлддэг гэж 36.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь хариулсан байна. Тэгвэл цар тахлын сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа нь эмэгтэйчүүд байгаа юм. Ялангуяа, хатуу хөл хорионы үед эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгджээ. 2020 оны эхний  11 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 9082 бүртгэгдсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт 8721,Чингэлтэй дүүрэг 3730, Сүхбаатар дүүрэгт 3260, Багахангай дүүрэгт 27 бүртгэгдсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар машин жолоодсон, олон нийтийн газар танхайрах, эрүүлжүүлсэн хүмүүсийн тоо эрс өсчээ.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ЖИРЭМСЭН, БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТҮРҮҮЛЖ АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ БАЙНА
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Азийн эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр “Шударга хөдөлмөрийн төлөө” төсөл эхлүүлээд байна. Энэ төсөл нь Монголд хуулиар олгосон болон олон улсын түвшинд тогтсон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн ойлголт, мэдээллийг нийтэд хүргэх, хэрэгжихгүй байгаа эрхээ эдлэхэд эмэгтэйчүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.  Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх тэр бүр хангагдаж чадахгүй байгаа. Жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд тэтгэмжээ авч чаддаггүй, ажлаас халагддаг, ажлын байрны бэлгийн дарамт болон ажлын байрны дарамтад өртдөг, гомдлоо мэдүүлсэн ч шийдвэрлэгддэггүй тохиолдол байна. Цар тахал гарснаас хойш жирэмсэн эсвэл бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг түрүүлж ажлаас чөлөөлөх, халах, цалин бүрэн олгохгүй эвсэл мөнгөн бус хэлбэрээр өгөх, Нийгмийн даатгалаас дэмжлэг болгож буй 200 мянган төгрөгийг олгохгүй байх зэрэг зөрчил өргөнөөр гарч байгаа гэх гомдол иржээ. Долоо хоногийн дотор явуулсан онлайн судалгаанд бага насны хүүхэдтэй, малчин 718 эмэгтэй оролцсоны  36.2 хувь нь Нийгмийн даатгалд хамрагддаггүй, 22 хувь нь жирэмсэн болон хүүхэд асрах үедээ холбогдох тэтгэмжээ авч чадаагүй. Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн тохиолдолд дийлэнхдээ буюу 80.4 хувь нь холбогдох газарт гомдол гаргадаггүй. Гаргасан хүмүүсийн 68.5 хувьд асуудал шийдэгдээгүй үлдсэн байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

COVID-19 ба эмэгтэйчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.