Насан туршдаа “залуугаараа” миний хайр

8884ff6fad73a166ec3f52f295091eac

Бэр эгч минь ахын цамцыг индүүдэх бүртээ хамраа нааж удаан үнэрлэдэг. Би багадаа эгчээсээ “Та яагаад агаагийн цамцаар хамраа арчаад байгаа юм бэ?” гэж асуухад, эгч “Нусны алчуур байхгүй болохоор л…” гэж хөгжилтэй хариулж билээ. Харин цаг хугацааны жам ёсоор би ухаан сууж тэр бүхний учрыг тайлчихаад өөрийн эрхгүй ах, эгч хоёрыгоо өхөөрдөн яваа.

Одоо дөчин нас өнгөрсөн тэр хоёр минь анх оюутны байранд нэг нэгнийгээ олж харсан юм. Багын л гэрийн ажилд муу байсан ах минь дотуур байранд гал тавих шахдаг хэнэггүй нэгэн байж. Нэг удаа цамцаа индүүдэх гэж индүүгээ асаалттай орхиод гарсан ахын өрөөнөөс хиншүү гарч эгч сандарч гүйсээр коминдатаар хаалгыг нь эвдүүлсэн байна. Удалгүй ахыг гал тавигч гэж байрнаас нь хөөх болоход эгч өрөвдсөндөө коминдатад ахыг харж хандахаа амлаж байж дотуур байранд нь үлдээж л дээ.

Тэр үед эгчийн өрөөнд нэг хэнийх нь үл мэдэгдэх нэг хамар цоргисон үнэртэй ус шингэсэн саарал цамц хэвтэж л байдаг байж. Эгч хэнийх юм бол гэж гайхсаар нэг л мэдэхэд тэр үнэрт учиргүй их дассан гэсэн. Тэгээд л азтай тохиолоор эгч маань ахад юм индүүдэхэд нь тусалж байхдаа цамцны эзэнг олсон байна. Тэр үеэс л ахад бүх зүйлийг бэр эгч зааж эхэлсэн ба өдөр бүр хамтдаа шинэ зүйлийг эхлүүлдэг болсон. Гэхдээ сүүлд нь суусан хойноо л эгч ахыг огт үнэртэй ус түрхдэггүй болохыг мэдсэн гэнэ билээ. Тэд одоо ч бие биенээсээ суралцсаар л байдаг. Хамгийн хөгжилтэй нь эгч ахын цамцыг үнэрлэх дуртай бол ах заримдаа эгчийг олон хоногоор байхгүй байх үед ороолтыг нь үнэрлэж байхыг би хэд хэдэн удаа харсан. Мөнхийн залуу хайр л гэж энийг хэлэх байхдаа.

Аавын минь анхны хайр миний арван жилийн ангийн багш байсан юм. Хачирхалтай санагдаж байна уу? Ээж минь өөр хүнтэй суугаад холын нутаг руу нисэхээсээ өмнө сэтгэлээ нээж ярилцаж байхдаа аавын анхны хайрын түүхийг ам алдаад санаандгүй ярьчихсан юм. Анх ээжээс ч өмнө тэд хамт амьдардаг байсан ч гэр бүл нь аавд дургүй байсан болохоор салсан аж. Аавын хэлдэг үг, багшийн зөвлөгөө хоёр яг л нэг хүн ярьж байгаа юм шиг ижилхэн сонсогддог. Бас тэр хоёрын нэг хүн шиг хэлдэг үг нь “Амьдралд бууж өгөөд л байвал замаасаа хазайгаад л байдаг юм шүү”. Гэхдээ аав хэзээ ч миний эцэг эхийн хуралд сууж байгаагүй, багш минь намайг мэддэг ч хэзээ ч аавын талаар ярьж байгаагүй. Гэхдээ л багшийн харц цаанаа л нэг намайг өхөөрдөж хайрласан эх хүний харц шиг харагддаг. Яг л миний ээжтэй ижилхэн дулаан харц. Сүүлд би аавынхаа хуучин түрийвчээр тоглож байгаад цахилгаантай хэсэгт нь нуусан бөгж олсон юм. Тэр бөгжтэй их төстэйг нь багшийн хуруунд байхыг бас харсан. Би ээж аав хоёрыгоо битий салаасай гэж хүсдэг байсан ч одоо бол аавынхаа анхны хайрыг дэргэд нь байлгамаар санагдаад байдаг. Ийм олон жил өнгөрсөн ч бие биенээ мартаж чадаагүй мөнхийн залуу хайрыг нь ганц олдох энэ насанд нь бусдын нүднээс нууж сэтгэлээ сэмлэлгүй ил гараасай гэж хүсэх юм. Нэг удаа аав намайг авахаар ирэхдээ цамцан дотроо цэцэг нуугаад багшийн ширээн дээр тавьж, хар цагаан сарнайг самбар дээр зурчаад явсан даа. Үнэхээр хайр хүрэм. Харин би тэр бүхнийг нь биеийн тамираа тасалж байгаад харж суусан юм. Мөнхийн залуу хайраа гэж…

Энэ богино түүхүүд амьдралд байдаг мөнхийн залуу хайрын тухай. Бид амьдралыг урт удаан юм шиг санадаг. Гэхдээ амьдрал туйлын богино бүр дэндүү ахархан цаг хугацааг бидэнд олгодог. Харин энэ богино цаг хугацааг удаашруулж чадах зүйл нь гагцхүү хайр юм. Өдөр бүр чиний дэргэд гүн амьсгалах чимээ, гал асах шиг халуу төөнүүлэх тэврэлт, туйлын таатай үнэрт нь хамар сортолзож энгэрт нь шурган байж нялх хүүхэд шиг эрхлээд л… Таны зүрх энэ бүхнийг мэдэрч байна уу? Эсвэл хайртаасаа залхаж түүний дэргэд бодолд ороод хэвтэж байна уу? Хайр хэзээ ч хөгширч, өтөлж, хуучирдаггүй юм шүү! Харин бид өөрсдөө л түүнийг хуучирдаг хувцас шиг, өтөлдөг бие шигээ санадаг. Анх тэврэхэд, үнсэхэд, харахад таньд юу мэдрэгдсэн бэ? Хайр яг тэр чигээрээ л мөнхийн залуу сэтгэлд үлддэг.

Анхны мэдрэмжээ хэзээ ч бүү март
Үнсэх болгонд нь анх үнсүүлж байсан мэдрэмжээ эргэн санаж бай. Тэр үед ичсэн, айсан, гайхсан, санаа зовсон бүр юу ч мэдрээгүй ч байж болно шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам анхны бүх зүйл улам илүү үнэ цэнэтэй болж та хоёр ч туршлага сууна. Анх яагаад, ямар учраас, юунд нь аажим аажмаар татагдан түүнд хайртай боллоо? Тэр чамд анх хайртай гэж хэлж байсныг санаж байна уу? Түүний харц, нүд, хөдөлгөөн анхны бүх зүйл нь одоогийнхоосоо тэс өөр байгаа биз. Гэхдээ л одоо ч гэсэн түүний хайрын үгс нь яг анхных шигээ л эв хавгүй сонсогдоно.

Мэдрэмжиндээ үнэнч бай
Эрхэлж нялуурмаар байгаа ч өөрийн имиж болсон чанга хатуу эмэгтэйн дүрээ алдахгүй гэж мэдрэмжээ нууж байна уу? Тийм ээ, чи бол хүчтэй эмэгтэй. Гэхдээ чиний хүсч байгаа хайр тэвэрч боломгүй чулуу шиг хатуу, хүрэхэд даарам мөс шиг хүйтэн байх чамд таалагдана гэж үү? Чи найзууддаа, ажилдаа хатуу эмэгтэй байж болно. Гэхдээ хайр дурлалд мэдрэмжээ нуух шаардлагагүй. Өдөр бүр ширүүн царайтай хүнтэй амьдарч өглөө бүр дарга шиг эхнэртэйгээ муудалцаж сэрэхэд хэцүү байгаа учраас л нөхөр тань оройтож, ажилдаа яарч байгаа. Зүгээр л мэдрэмжээ ил гарга. Түүндээ эрхэл, энхрийл бас түүнийгээ өхөөрд. Модыг усалж, бордож байж л ургуулдаг шиг хайрыг арчилж, зүлгэж, хурцалж байж л өнгө нь гялалзана.

Бусдын хэлэх үг, бодох зүйлээс бүү ай
“Найзууд маань бид хоёрыг нялуун гэдэг болохоор би санаа зовоод байдаг” гэхээс илүү “Хүмүүс бид хоёрыг дэндүү дотно байдагт атаархаад л иймэрхүү юм ярьдаг байх” гэж эерэгээр ханд. Олон олон бүсгүйчүүдийн ярианаас бусад хүмүүсийн бодол, харц, үйлдэл чухал байр суурь эзэлдэг нь анзаарагддаг. Чиний мөнхийн залуу хайр дурлалыг гэмтээх зүйл бол бусдын бодол. Өөрийнхөө хайр дурлалд дархлаа тогтоо. Анх та хоёр юунаас ч айлгүй эхэлж чадсан шиг үхэн үхтлээ юунаас ч айлгүй бие биенээ хайрла.

Гэнэн итгэмтгий бай
Тэр анх танилцсан өдрөө мартаад, хуримын ойгоо андуураад, төрсөн өдрийг чинь тоохгүй байна уу? Зүгээр дээ хонгор минь чи өөрөө хэзээ ч мартахгүй шүү дээ. Түүнд үргэлж сануул. Бүү хашир сууж, яхир загна. Итгэж хүлээ, гэнэдэж хуурагд, амьдралд хэзээ ч алдаж үзэхэд бэлэн залуу хүн шиг аашил. Түүнийг алдахаас, амьдралд унахаас, бэртэж гэмтэхээс хэзээ ч бүү ай. Чи бүх зүйлээс өөрсдийгөө хамгаалах гэж оролдох тусам уйтгартай нэгэн хэвийн өдрүүд чамайг залхааж эхлэнэ. Зүгээр л бүгд сайхан байгаад итгэ, цаашид бүр ч сайхан болно гэж найд.

Насан туршдаа “залуугаараа”…
Анхны мэдрэмжээ хэзээ ч марталгүй өнгөрснөө хамтдаа дурсаж ярь. Яг одоо өөрт төрөх мэдрэмжиндээ үнэнч байж бодож санах зүйлгүйгээр шууд ил гарга. Бусад хүмүүсийн хэлэх үг, бодол санаанаас бүү эмээ. Энэ бол та хоёрын хайрын дэргэд дэндүү жижиг зүйл шүү дээ. Хэзээд аз жаргалтай байгаагаа мэдэрч цаашдаа ч илүү сайхан байх болно гэдэгт итгэж найд. Өөр олон мянган аргыг бид чамд зааж өгч болох ч чиний дотоод мэдрэмжийг сэрээх хэдхэн зөвлөгөөг л санал болгож байна. Хэрвээ хайр дурлалаа мөнхийн залуу байлгамаар байгаа бол үндсэн жор дээр өөрийн өвөрмөц амталгааг нэм. Учир нь бидний заасан жороор нэг л төрлийн амт гарна. Харин таньд орц нь байна. Одоо бүх зүйлийг өөрөө найруулж амтал. Харин хайраа мөнхийн залуугаар нь үлдээсэн өөр орц, жороо бидэнтэй хуваалцахаа мартав даа. Та хоёртоо амжилт хүсье!


Насан туршдаа “залуугаараа” миний хайр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.