Б.Гүнзаяа: Хүний гадаад, дотоод гоо үзэсгэлэн эн тэнцүү байх ёстой

гүнзаяа1

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Б.Гүнзаяатай ярилцлаа

-Та зургадугаар ангиасаа эхэлж загвар өмсөж эхэлсэн гэсэн. Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан талаараа ярина уу?

-Би багын л загвар өмсөх сонирхолтой хүүхэд байсан. Зурагтаар загварын нэвтрүүлэг үзэн даган дуурайж алхаж үздэг байлаа. Бага байхдаа “Гоо охин” тэмцээнд оролцож эхэлснээр миний загвар өмсөх гараа эхэлсэн. Мөн гэр бүлийнхэн маань намайг маш их дэмжиж тусалдаг байсан нь нөлөөлсөн.

-Анхны тайзан дээр алхахдаа их сандарч байсан уу?

-Анхны тайзан дээр гарсан нь гэвэл “Гоо охин” тэмцээн. Мөн хамгийн чухал том тэмцээний нэг болох “Face of Mongolia” байсан.  Айдас их байсан ч өөрийгөө танилцуулж, тайзан дээр алхах тусам их чөлөөтэй, өөртөө итгэлтэй болж ирсэн. Миний сонирхол, мэдрэмж бүх зүйлийг тэр тайз л нээж өгч байгаа юм шиг улам их эрч хүчийг мэдэрсэн.

-Таны мэргэжил юу вэ?

-Би эрх зүйч хуульч мэргэжилтэй. Их засаг олон улсын их сургуулийн  хууль зүйн сургуулийг төгссөн. Одоо Монгол Улсын их сургуульд хууль эрх зүйгээрээ магистраа хамгаалж байна.

-Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу, загвараа хослуулж явах уу?

-Мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж байсан. Мөн энэ чиглэлээр сонирхолтой төслүүд дээр ажиллаж байгаа. Цаашдаа мэргэжлээрээ ажиллана. Илүү нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа.Одоо шинэ хуулийн санаачилга төслүүд дээр чадварлаг хамт олонтой хамтарч ажиллаж байна. Ер нь бол мэргэжилдээ маш их дуртай. Загвараа ч орхихгүй.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Гоо сайхан, эрүүл чийрэг биедээ баримталдаг зарчим тань?

-Сүүлийн үед бясалгал хийж сурах гэж нэлээн хичээж байгаа. Өглөөг бясалгалаар эхлүүлэх дуртай. Мөн үндсэн ажлуудаа хийнэ. Долоо хоногт 3-4 удаа заавал өөртөө нэг цаг  гаргаж фитнесс, кардио хийдэг. Хүн ер нь тогтмол хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Эрүүл саруул, гоё сайхан байхын чухал хэсэг бол хөдөлгөөн гэж боддог.

-Та спортод дуртай гэсэн. Ямар спортоор хичээллэж байсан бэ?

-Миний хувьд хөнгөн атлетикаар таван настайгаасаа хичээллэж эхэлсэн. Манай аав өөрөө хөнгөн атлетикч хүн байсан. Одоогоор би өдөр тутамдаа кардиогоор хичээллэж ууланд алхаж идэвхтэй амьдрахыг хичээдэг.

-Спортоос өөр сонирхдог зүйл бий юу. Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

-Би ер нь унших, бичих их дуртай. Нэг нууц хэлэхэд би ном бичиж байгаа. Удахгүй бэлэн болно. Сайхан бүтээл болно гэж найдаж байгаа. Чөлөөт цагаараа гэвэл одоогоор өөрийнхөө бичих авьяасыг тодорхой  хэмжээнд хөгжүүлж, анхаарч ажиллаж байна. Ямар нэг зүйлийг бичиж буулгах нь хүний оюун санааг илүү тэлж, баялаг болгодог юм билээ.

-Ямар сэдвээр ном бичиж байгаа вэ?

-Тэс хөндлөн хоёр сэдвээр, хоёр төрлийн ном бичиж байгаа. Одоохондоо юуны тухай гэдгийг нь нууц хэвээр байлгая.

- Ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ?

-Ихэвчлэн баримтат хүний түүх, ямар нэг улс орны түүхийг өгүүлсэн ном унших дуртай. Би бас баримтат кино маш их үздэг.

 -Эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой вэ. Таны хувьд?

-Эмэгтэй хүн өөртөө их арчаатай байж өөрийгөө хайрлах хэрэгтэй. Мөн бусдыг хайрлаж энэрдэг өөрийн гэсэн цензуртэй байх ёстой гэж боддог. Би өөрөө ч тийм байхыг илүүд үздэг.  Бусдад ер нь сайн сайхныг түгээж байх ёстой. Тэгж байж гэр бүл, дотны найз нөхдөдөө үлгэрлэнэ шүү дээ.

-“Miss Universe” тэмцээнд үндэсний ялагч болж тэр том тэмцээнд оролцох эрхээ авах агшинд юу бодогдсон бэ. Тэр үеийнхээ мэдрэмжээс эргээд хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Miss Universe бол дэлхийн олимп гэгдэх нэр хүндтэй тэмцээн. Энэ тэмцээнд үндэсний ялагч болно гэдэг миний хувьд маш их нэр төрийн хэрэг. Бас олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн зүйл гэж хардаг. Тийм ч учраас энэ тэмцээн надад илүү их хариуцлага ногдуулсан гэж хэлж болно. Тийм болохоор дэлхийн тэмцээнд өндөр цензурээр хариуцлагатай оролцохыг хичээж, тодорхой хэмжээнд, амжилттай оролцож ирсэн байгаа.

-Тайзан дээр алхах үеийн мэдрэмж?

-Би маш их эрч хүчтэй болдог. Ер нь үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг авдаг гэх үү дээ.

-Гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо үзэсгэлэн хоёрын аль нь илүү байвал дээр вэ. Таны бодлоор?

-Миний хувьд аль аль нь маш чухал. Мэдээж өөртөө арчаатай өөртөө цаг гаргадаг хүний гадаад гоо үзэмж сайхан байна шүү дээ.  Хүн өөрөө өөрийгөө хэрхэн авч явж байгаа нь шууд харагдана.  Дотоод гоо үзэсгэлэн гэвэл зорилго бодол, сэтгэл, гаргаж буй үйлдлээс нь харагддаг. Тийм болохоор энэ хоёр хоорондоо эн тэнцүү байх ёстой зүйл.


Б.Гүнзаяа: Хүний гадаад, дотоод гоо үзэсгэлэн эн тэнцүү байх ёстой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.