Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал…

10d77caf962878747e5aa4cc664282922

Өөрийг нь хайрладаггүй залуутай гэрлэхээр шийдэх, ирээдүйд орлогогүй шахуу мэргэжлээр магистраа хамгаалах, болохгүй хүнд итгээд хамаг мөнгөө өгөх…найзын чинь хийх гэж байгаа “буруу сонголт” юу ч байж болно. Ямартай ч тэр бүр шийдчихсэн гэдэг нь харцнаас нь мэдрэгдэж байсан. Түүний шийдвэрийг буруу гэдгийг чи ямар л нэгэн шалтгаанаар сайн мэдээд байдаг. Тийм байж, ганц хайртай найзыгаа харсаар байгаад ангал руу унагаачихмааргүй байдаг. Яах уу?

Сөрөг шийдэл: Хуриман дээр нь очиж үймүүлэх, сургуулийнх нь бүртгэлийн хуудсыг урж хаях, нөгөө хүн рүү нь утасдаж ахин миний найзтай битгий уулз гэж зандрах…Яг л өсвөр насны охиноо хамгаалах гэж байгаа ээж шиг “Чи юу гэх нь надад хамаагүй. Би лав чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй” гэж байдгаараа уурлаад хаалганых нь өмнө хөндөлсөж зогсох. “Хэрвээ чи тэгэх л юм бол надтай тангараг тасарсан гэж мэдээрэй” гэх мэтээр өөртөө байгаа давуу талаар “боох”. Цаашдаа түүнийг өөрийнхөө сонголтын тухай юу ч ярих гэсэн сонсоогүй юм шиг царайлж, албаар гэмших сэтгэл төрүүлэх. Магадгүй гаргасан шийдвэр нь буруудсан ч “Хохь нь ээ”, “Би хэлээгүй юу” зэргээр өөрийнхөө зөв байсныг бүх зүйл дууссаны дараа ч батлах гэж оролдох.

Эерэг шийдэл: Эхлээд түүний яагаад ийм сонголт хийх болсон талаар ний нуугүй ярилцаж, өөрийнх нь үзэл бодлыг сайтар сонсож, сэтгэлийнх нь хамгаалалтыг султгах. Дараа нь “Яаж ч шийдсэн, энэ бол чиний сонголт” гэдгийг хэлээд “Сонголтонд чинь нөлөөлөх эсэхийг мэдэхгүй ч, миний бодлоор лав…” гэж байгаад түүний ярьсантай, өөрийнхөө бодлыг уялдуулан гол санаагаа хэлэх. “Чи юу ч гэж шийдсэн ирээдүйд бүх зүйл сайнаар л эргэнэ” гэдэг үгээр яриагаа төгсгөөд найзыгаа сайтар гэгч нь тэврэн бүхнийг өөрийнх нь гарт атгуулаад, ахин эсэргүүцэх тухай бодохгүй байх.

Яагаад ингэх ёстой вэ: Учир нь энэ бол түүний төлөө чиний хийж чадах цорын ганц зүйл. Хэн ч бусдын өмнөөс сонголт хийдэггүй, хэн ч хэн нэгний гарт зөв хаалганы бариулыг хүчээр атгуулж чадахгүй. Ганцхан “Зөв хаалга нь энэ” гэж хажуунаас нь зааж өгч л чадна. Ингэж хэлсний дараа ч буруу хаалганых нь бариулыг татаж байвал тэр үүнийг цэвэр өөрийнхөөрөө шийдэж, үүнээс ирэх эрсдлийг ч бас цэвэр өөрийнхөөрөө үүрэхэд бэлэн байгаагаа илтгэж байна гэсэн үг юм. Хүний сэтгэл гэдэг эргэн тойрных нь хүмүүс эсэргүүцэх тусам хашигдаж хаагддаг “эрхтэн”. Тиймээс түүнд жаахан ч болов нөлөөлье гэж бодож байвал эхлээд сайн яриулж, хөшөөд, зангидчихсан байгаа хаалтыг нь бага багаар эерүүлж өгөх ёстой юм. Сайн ярьсан хүн сайн сонсоход бэлтгэгдчихсэн байдаг. Тиймээс түүнтэй уулзахдаа өөрийнхөө зөвлөгөөг дотроо боловсруулаад очоорой, бас хамгийн гол нь түүнийг ойлгох гэж хичээгээрэй. Хайртай найзаасаа дэмжлэг авчихвал түүнд алсдаа ирэх саад болгоныг давах урам зориг төрөх болно.


Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.