Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ?

abf0c906bee35acad082345d59443bd0

Бараг бүтэн жил уулзаагүй эрэгтэй сайн найзтайгаа би өдрийн хоол цуг идэхээр цаг тогтов. Ажил төрөл, гэр бүл гэсээр уулзаагүй бид хоёр хэрхэн аж төрж буй тухайгаа ам хуурайгүй ярилцлаа. Найз минь тун ухаалаг залуу. Өнөөдрийг хүртэл хэнээс ч, юуг ч гуйлгүйгээр бизнесээ, боловсролоо, гэр бүлээ өөрөө бүгдийг нь болгож зав чөлөөгүй хөдөлмөрлөж яваагаар нь би бахархдаг юм. Олон зүйлийн тухай ярилцаж байгаад хэсэг чимээгүй бодлогшироод сууж байтал тэр нэг их уртаар санаа алддаг юм байна.

-Юун урт санаа алддаг юм бэ? Яасан бэ?

 

-Мэдэхгүй юм даа, найз минь. Бүх зүйл бүтэлтэй байгаа ч найз нь одоо нэг зүйл дээр учраа олохоо байлаа.

-Юу тохиолдоо вэ? Надад ярь л даа.

-Чамд л нээрээ үнэнээ хэлье. Манай найз бүсгүй эдийн шуналтай юм шиг байна.

-За, яршиг аа. Яагаад тэгж бодоод байгаа юм? Юун муухай юм боддог юм?

-Үгүй ээ, нээрээ. Би ч бас ингэж бодохыг хүсэхгүй байна. Бодоод үз л дээ. Байнга л би баяжмаар байна, ёо хурдхан баяжаад энэ орон байрнаас салах юмсан гээд л. Өдөрт ярьдаг юмных нь ихэнх хувь баяжих тухай.

-Тэгж яривал би ч гэсэн баяжихыг хүсдэг. Хүн болгон л хүснэ. Энэний төлөө эдийн шуналтай гэх чинь өрөөсгөл байх аа.

-Үгүй ээ. Зөвхөн тэрэндээ биш. Эмэгтэй хүн өөрөө карьер хөөх хүсэлтэй, санаачлагатай, идэвхтэй, өөрийгөө хөгжүүлдэг байвал ингэж ярьж болж байна. Үүнийг бол би амбицтай нь холбоотой гэж ойлгоод чадахаараа дэмжинэ. Эсвэл найз залуудаа наад захын халамжтай, хичээнгүйлэн мөнгө олоход нь сэтгэл санаагаар дэмжиж, ажилдаа ядарч байхад нь ядаж нэг удаа халуун хоол барьж ирээд “Миний хайр чадна аа” гэж тэнхрүүлдэг, хоёулаа хамт амьдралаа дээшлүүлнэ ээ гэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл аль нь ч байхгүй, тэгсэн хэрнээ найз залуугийнхаа хажууд юм л болвол баяжих тухай ярихыг би “эдийн шунал” гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ.

-Халамжилдаг л байлгүй дээ. Чи л халамжийг нь юман чинээ тоохгүй байгаа юм биш үү?

-Жишээ нь, би ханиад хүрчихсэн, хамар битүүрээд, толгой өвдөөд 8 хонож байна. Сүүлийн хэдэн сар нойр хоолгүй ажиллаад дархлаа муудчихсан бололтой. Тэгээд энийгээ хэлэхээр “Аан за, эдгэх байлгүй дээ, сүртэй ш дээ” гэх юм. Өөрчлөгдөх байх гэж 2 жил харлаа. Сүүлийн нэг жил хамт амьдарлаа. Нэмэр байдаггүй ээ. Найз нь арга ядаад л чамд хэлж байна. Миний гэр бүлийг авч явах ирээдүйн эхнэр минь ийм байвал би үнэхээр санаа зовж байна.

-Чи эсвэл өөрөө халамж анхаарал муутай юм болов уу? Ер нь ядаж болзоонд урьж, баяраар бэлэг авч өгдөг юм уу даа, чи?

-Бэлэг өгөхөөр голоод байдаг юм аа. Би төрсөн өдөр, шинэ жил гээд бүгдээр нь бэлэг авч өгдөг. Аль болох юм юмны сайхныг нь гээд л. Тэгэхээр дараа нь “Амьдралдаа чамаас нэг ч олигтой бэлэг авч үзээгүй” гээд уурлаад байдаг юм. Тэгээд л шал дургүй хүрчихдэг. Ганц хэрүүлийн алим чинь энэ.

-(Хэсэг дуугүй суув) Чи тэгээд яая гэж бодож байгаа юм?

-Уг нь хүн нь өөрөө сайхан сэтгэлтэй эмэгтэй, надад хайртай л гэдэг юмсан. Тэрэнд нь итгээд л яваад байлаа. Би өөрөө ч хайрладаг. Одоо хэсэг хамт хараад болохгүй бол хоёр тийш болъё доо. Миний хүүхдүүдийн ээж ийм шуналтай, дээрээс нь хүйтэн хөндий байгаасай гэж хүсэхгүй байна. Мөнгөнд яахав, би санаа тавьчихна. Энэ чинь эр хүний толгойгоо гашилгах зүйл. Харин надад эелдэг, амьдралын, бас нэг байдаг даа, нарийн нандин юмнуудыг зааж сургаж чадах энэрэнгүй эмэгтэй хэрэгтэй. Ийм л бодолтой явж байна…

Би зөвхөн найзынхаа ярьсныг л энд элдэв нэмэр хачиргүйгээр шууд буулгасан нь энэ. Зөвхөн ганцхан өнцгөөс харсан яриа учраас цаанаа чухам манай найзын талаас ч асуудал байгаа эсэхийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямартай ч энэ ярианы дараа “Аан, эрчүүд ийм эмэгтэйг шуналтай гэж дүгнэдэг байх нь ээ. Тэрнээс биш нөхцөл байдлаа сайжруулах тэмүүллийг, хайртаараа халамжлуулах гэсэн оролдлогыг, зүгээр л илэн далангүй байсныг нь ингэдэггүй юм байна” гэсэн бодолтой хоцорсон юм.


Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.