Их Британийн ханхүү Харри Калифорнийн сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө тусламж үзүүлдэг БеттерАп компанийн захирлаар томилогджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, санал болгож буй үйлчилгээнүүдээр стратегийн шийдвэр гаргах, сайн үйлсийн арга хэмжээнүүдийг төлөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийн өмнө мэдэгдэл хийх зэрэг ажил Харригийн ажил үүргийн хуваарьт багтах гэнэ.
2013 онд байгуулагдсан БеттерАп компани мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөө, коучинг зөвлөмж өгдөг аж. Энэ компанийн цахим хуудас дээр Харриг цэргийн үйл ажиллагаанд оролцож явсан дайчин, сэтгэцийн эрүүл мэндийг идэвхийлэн сурталчлагч, хүрээлэн буй орчныг хамгаалагч хэмээн танилцуулжээ.
“Хүмүүсийн амьдралд нөлөөлөхөд туслах хүсэлтэй. Хувь хүний хөгжил, мэдлэгийнхээ хүрээг тэлэх, амьдралаа бүхэлд нь сайжруулах хязгааргүй боломжийг коучинг өгдөг” хэмээн Харри Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Ханхүү Харри хүүхэд наснаас нь л тулгарсан сэтгэлзүйн асуудлууд, тэр дундаа түүний ээж, Диана гүнжийн үхэлтэй эвлэрэхэд туйлын хүнд байсан талаар удаа дараа ярьж байсан юм. Түүнчлэн ээжийнхээ үхлийн талаар бодохгүйг хичээн 20 гаруй жилийг өнгөрүүлснийхээ дараа сэтгэлзүйчдийн тусламж авахаас аргагүй болсноо ярьж байв.
Энд дуулгахад, 2021 оны нэгдүгээр сард Харри болон түүний гэргий Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн албан ёсны үүрэг хариуцлагыг цаашид хэрэгжүүлэхгүй, АНУ-руу шилжиж байгаа талаараа мэдэгдсэн юм. Хатан хаан II Елизавета ч үүнийг баталж, гэхдээ тэд “гэр бүлийн бүх гишүүдийн хайртай хүмүүс хэвээр үлдэнэ” хэмээн мэдэгдэж байв.
Тэд АНУ-д очиж амьдраснаасаа хойш анх удаа гуравдугаар сард Америкийн хөтлөгч Опра Уинфрид ярилцлага өгч, энэ үеэрээ хатан хааны ордонд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага байсан гэх утгатай мэдэгдлийг Меган Маркл хийж байв. Энэ ярилцлага Британид дуулиан тарьж, Их Британийн Парламентын зарим гишүүн болсон үйл явдлыг шалгахыг хатан хааны ордноос шаардан, арьс өнгөөр ялгаварлах үзэл байж болшгүй хэмээн онцолж байлаа. Букингемийн ордон Меган Марклын ярилцлагад дурдагсан асуудлуудыг чухалчлан авч үзнэ хэмээн мэдэгдсэн байсан юм.