АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гараг дээр нисдэг аппарат хөөргөлөө. “Ingenuity” нисдэг тэрэгний Ангараг гараг дээр хөөрч, газардаж буй зургийг “Perseverance” өөрөө явагч аппарат дэлхий рүү дамжуулжээ. “Бид түүхэнд анх удаа өөр гараг дээр алсын удирдлагатай аппарат нисгэлээ. Энэ нь Нарны аймгийн бусад гараг руу NASA-гийн илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна” гэж “Ingeniuity” төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг ярьсан байна. 40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна. Ийнхүү “Ingenuity” Ангараг гараг дээр ниссэн анхны аппарат болжээ.