Б.Будсүрэн: Эрүүл бус хооллолт, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь чихрийн шижин өвчин үүсгэхэд нөлөөлдөг

180599350_2009139145918547_7996488945798149821_n-600x600

Сайн байна уу . Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.

Чихрийн шижин өвчин юунаас болж үүсдэг талаар яриагаа эхлэх үү?

Чихрийн шижин гэдэг нь цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг нойр булчирхайн инсулины шүүрлийн ялгарал болон үйл ажиллагааны алдагдалтай холбоотой үүсдэг бодисын солилцооны эмгэг юм.

Чихрийн шижин нь удамшил болон хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, буруу хооллолт, архи тамхины хэрэглээ гэх мэт амьдралын буруу хэвшилтэй холбоотой үүсч болно. Мөн нойр булчирхайн архаг үрэвсэл, жирэмслэлт, дотоод шүүрлийн булчирхайн зарим эмгэгийн улмаас үүсдэг.

Чихрийн шижин өвчинг үүсгэдэг шалтгаанаас нь хамаараад чихрийн шижин хэв шинж 1, хэв шинж 2, чихрийн шижингийн бусад хэлбэрүүд, жирэмсний чихрийн шижин гэж ангилдаг. Ихэвчлэн чихрийн шижинээр өвчилсөн өвчтөнүүдийн 90 хувийг чихрийн шижин хэв шинж хоёр эзэлдэг.

Чихрийн шижин хэв шинж 1 нь вирусийн болон аутоиммуны шалтгаанаар нойр булчирхайн бета эс гэмтсэнээр инсулины шүүрэл дутагдалд орохыг хэлнэ.

Харин чихрийн шижин хэв шинж 2 нь удамшил болон амьдралын буруу хэвшилтэй холбоотой инсулины шүүрлийн алдагдалд оруулж инсулины харьцангуй дутагдалд хүргэдэг. Дотоод шүүрлийн эмгэгүүд , мөн жирэмслэлттэй холбоотой чихрийн шижин үүсдэг.

-Чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ?

Илүүдэл жин. Ялангуяа хэвлийгээр илүү таргалах, хөдөлгөөний хомсдол, эрүүл буруу хооллолт, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь чихрийн шижин үүсгэх хүчин зүйлс болдог. Тиймээс бид эн тэргүүнд өөрөө өөртөө бий болгоод байгаа хүчин зүйлс, муу зуршлуудаа арилгаж чадвал аливаа өвчин үүсэхээс сэргийлж чадна. Биднийг хэн таргалуулж байгаа юм, хөдөлгөөний хомсдлыг хэн бий болгож байна, хэн замбараагүй хооллож байна, хувь хүн өөрөө л шүү дээ. Тамхи татдаг хүнийг татдаггүй хүнтэй харьцуулахад чихрийн шижин үүсэх эрсдэл 30-40 хувь өндөр байдаг.

Чихрийн шижин өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ. Ямар шинэ тэмдэг илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй вэ?

Чихрийн шижин өвчиний үед түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь ам ихээр цангана, ойр ойрхон шээс хүрэх, хараа муудах, амархан ядрах, сульдах, нойронд муу болох, шалтгаангүй турах, таргалах, шарх удаан эдгэрэх, арьс загатнах, шарх удаан эдгэх, гар, хөлийн үзүүр бадайрах гэх зэргээр илэрдэг.

Заавал саяны хэлсэн эдгээр шинж тэмдгүүд илэрсний дараа биш өмнө нь урьдчилан сэргийлэх зорилгоор чихрийн шижинг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж байх нь чухал. Ялангуяа илүүдэл жинтэй 40-өөс дээш настай бүсэлхийн тойрог 90 см-ээс дээш /эрэгтэй/, 80 см-ээс дээш /эмэгтэй/ бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.

Чихрийн шижингийн хүндрэлийн шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

Хэв шинж хоёрын үед хяналт муу байснаас судас, мэдрэлийн олон хүндрэлүүд гардаг. Тухайлбал,хөлний хүндрэл үүсдэг. Хөлний хүндрэл үүсэх гол шалтгаан нь захын мэдрэхүй буурснаас болж хөл шархалдаг, эмчилгээ арчилгаа муу бол хөлөө тайруулах хүртэл аюултай. Нүдний хүндрэл нь хараа муудах, сохроход ч хүргэх эрсдэлтэй. Мөн бөөрний хүндрэлээс болж бөөрний дутагдалд ч орж болно. Тэгвэл судасны хүндрэл нь тархинд цус харвах, зүрхний шигдээс гэх зэрэг эрсдэлд хүргэдэг.

Чихрийн шижингээр өвдөхөд хөлний хүндрэл үүсдэгийг ихэнх хүн мэдэх байх. Тэгвэл зүрх судсанд ямар хүндрэл үүсдэг вэ?

Чихрийн шижингээр өвчилснөөс хойш 5-10 жилийн дараа жижиг болон том артерийн судаснууд гэмтсэнээр судасны хүндрэл үүсдэг. Том болон дунд артерийн судаснуудад хатуурал хэлбэрээр гэмтдэг нь зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн дутагдал, доод мөчнүүдийн судасны хатууралд хүргэдэг.

Харин жижиг артерийн судаснууд гэмтэхэд мөн л хялгасан судаснуудын хана зузааран аажимдаа бичил бүлэнгүүд үүсч бичил цүлхэн үүсдэг. Цаашлаад нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд хүргэх үндэс нь болдог.

Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Чихрийн шижин өвчинд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд наад зах нь амьдралын зөв хэв маягийг цогцлоох юм. Ингэснээр чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжээс 80 хувиар урьдчилан сэргийлэх боломжтой болж байна гэсэн үг.

Хэрэв чихрийн шижинээр өвчилсөн тохиолдолд яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орж, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлаасаа татгалзсанаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Уг өвчнийг тусахад стресс нөлөөлөх үү?

Стресс нь зөвхөн чихрийн шижин гэлтгүй хүний бие эрхтний бүх л өвчин эмгэгт нөлөөлнө, даамжруулна. Бие махбодын хэвийн үйл ажиллагааг алдагдалд оруулдаг. Тиймээс аль болох амьдралын хэв маягаа зөв болгож, дасгал хөдөлгөөн хийж стрессээ тайлах хэрэгтэй.

Удамшдаг уу?

Чихрийн шижинд удамшил хамааралтай. Эцэг эх, гэр бүлийн хэн нэгэн нь энэ өвчнөөр өвчилж байсан бол тухайн хүнд удамшлын шалтгаан байх магадлалтай гэсэн үг.

Танай эмнэлэгт чихрийн шижин өвчтэй хүмүүс хэр ханддаг вэ. Энэхүү өвчнийг хэрхэн эмчилдэг вэ?

Манай эмнэлэг хүний биеийн дархлааны системийн үйл ажиллагааг дэмжин нөхөн сэргээх, уураг, өөх тос, бодисын солилцоог тэнцвэржүүлж биеийн бүх эд эсийн чанарыг дээшлүүлэх үйлдэлтэй цахилгаан соронзон аппаратыг чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдээ санал болгодог. Энэ аппаратыг хэрэглэснээр хоолны дэглэм барихгүй, эм уухгүй, тариа тариулахгүй эрүүл хүн шиг амьдрах боломжийг олгодгоороо давуу талтай. Мөн шархны эдгэрэлт удаашралтай үйлчлүүлэгчдэд хүчилтөрөгчийн барокамера эмчилгээг хавсран хийдэг.

Зарим хүмүүс чихэр иддэг хүн л чихрийн шижин тусдаг гэж ярьдаг. Чихэр идсэнээс болж чихрийн шижин өвчин тусахгүй биз дээ.

Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээс үүсдэг өвчин учраас чихрийн шижин гэж нэрлэсэн. Тэрнээс чихэр их идсэнээс чихрийн шижинтэй болно гэсэн үг биш юм.

-Гэр бүлийн хэн нэгэнд нь чихрийн шижингээр өвдсөн хүн байвал яах ёстой вэ. Өвчин дамжих эрсдэл байдаг уу. Гэр бүлийн бусад гишүүд нь ямар нэгэн дэглэм барих хэрэгтэй юу?

Гэр бүлийн гишүүд нь энэ өвчний талаар ойлголттой болох ёстой. Гэр бүлийн гишүүдийн амьдралын хэв маяг нь тухайн хүнд нөлөөлөх учраас зохисгүй хооллолт болон амьдралын буруу дадал хэвшилд анхаарч туслах хэрэгтэй. Энэ нь халдварт өвчин биш учраас дамжих эрсдэл байхгүй боловч удамшил нь энэ өвчний шалтгаан болдог учраас өмнө яригдсан өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлсдээ анхаарах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд чихрийн шижин өвчнийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?

Цусан дахь глюкозыг хэвийн хэмжээнд барих боломжтой учраас хувь хүний өөрийн хяналт хамгийн чухал. Гол нь тухайн өвчнийхөө талаар өөрөө маш сайн ойлголттой байж, хэт их өлсөх, хэт их идэх, хөдөлгөөний дутагдал зэргийг тухайн хүн зөвхөн өөрөө хянаж зохистой байлгах боломжтой.

Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүс ямар хүнсний бүтээгдэхүүнийг хоолондоо хэрэглэж болохгүй вэ. Мөн хоол хүнсний ямар дэглэм барих ёстой байдаг юм бэ?

Хоолны дэглэм гэдгийг чанга хатуу дэглэм гэж ойлгох хэрэггүй гэж зөвлөмөөр санагддаг. Нүүрс ус ихээр агуулсан, хурдан шингэдэг зүйлсийн хэрэглээгээ бусад хүнстэй зохистой харьцаагаар хэрэглээд сурах нь хамгийн зөв арга гэж бодож байна. Ямар ч хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкоз ихэснэ. Тиймээс хэт удаан өлсөж явах, нэг удаад хэт их идэх зэрэг нь асуудал үүсгэж байгаа юм.

Хоолны дэглэм тогтмол барьж цусан дахь сахарын хэмжээг нэг түвшинд барьж байх нь цочмог болон хожуу үеийн хүндрэлээс таныг хамгаална.

Хэрэглэж болох хүнс : Хар талх, гурвалжин будаа, хөц будаа, овьёос, жигнэж чанаж болгосон өөхгүй мах хэрэглэх, байцаа, өргөст хэмх,улаан лооль,чихэргүй цай, ус

Хязгаарлах хүнс : 1-р гурил, цагаан чихэргүй талх өдөрт 1 зүсэм, цагаан будаа 7 хоногт 2-3 удаа, бага зэрэг өөхтэй мах сардаа 2 удаа, тослог багатай сүү цөцгий, манжин, төмс, лууван, вандуй, хатаасан мөөг

Хориглох хүнс: Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, жигнэмэг, өөх тос ихтэй шарсан мах, хиам, чихэр шоколад, зайрмаг, халуун ногоо бүхий хоол амтлагч

Чихрийн шижин өвчнийг гам бариад бүрэн эмчлэх боломж нь хэр байдаг юм бэ?

Цусан дахь глюкозоо тогтмол хянаж, хэвийн хэмжээнд барих бүрэн боломжтой. Гол нь хяналт сайн байх нь ямар нэгэн хүндрэл үүсэхээс бүрэн сэргийлнэ. Тиймээс тухайн хүний өөрийн хүчин чармайлт, оролдлого чухал.

Коронавируст халдвараар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, бөөр, амьсгалын замын өвчтэй хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ХӨСҮТ-өөс анхааруулж байгаа. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс коронавируст халдвар тусахгүйн тулд дархлаагаа хэрхэн дэмжиж, юуг анхаарах ёстой вэ?

Шим тэжээл сайтай чанарлаг хоол хүнсийг хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Дархлаа дэмждэг гол зүйлсийн нэг нь нойр байдаг тул биологийн цагийнхаа дагуу сайн унтаж амрах нь чухал.

Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Таны эрүүлийг хамгаалах үйлсэд амжилт хүсье.

Маш их баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.

 


Б.Будсүрэн: Эрүүл бус хооллолт, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь чихрийн шижин өвчин үүсгэхэд нөлөөлдөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.