Хүмүүсийн өргөн хэрэглэдэг байсан Yahoo, AOL үйлчилгээнүүдийг АНУ-ын харилцаа холбооны Verizon компани зарахаар болсон талаар BBC мэдээллээ. Энэхүү хуучны онлайн үйлчилгээнүүдийг Америкийн нэгэн хувийн хөрөнгө оруулалтын сан хамтад нь 5 тэрбум доллараар худалдан авахаар болжээ.
Verizon компани 2017 онд Yahoo-г, 2015 онд AOL-ийг нийт 9 тэрбум доллараар худалдан авч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд эдгээр үйлчилгээнүүдийг сэргээх оролдлого нь амжилтгүй болсноос ийнхүү алдагдалтай үнээр зарж байгаа аж. Хоёр брэнд 2000-аад оны эхэн үе хүртэл зах зээлд хүчтэй байсан ч сүүлд Google, Facebook зэрэг шинэ бизнесүүд гарч ирснээр шахагдаж эхэлсэн юм. Гэхдээ Yahoo-гийн Хятадын Алибаба, Японы Yahoo Japan дахь эзэмшлүүд үнэ цэнэтэй хөрөнгө хэвээр байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд Verizon эдгээр эзэмшлүүдийг худалдаж авах гэсэн ч чадаагүй талаар мэдээлэлд дурьджээ.
Хэдийгээр оргил үеийнх шигээ биш ч гэсэн Yahoo нь өнөөдөр дэлхийн томоохон мэдээний аггрегаторуудын нэг, хамгийн их хандалттай 11 дэхь вэбсайт, сүүлийн зургаан сарын хугацаанд 3.8 тэрбум хандалт бүртгэсэн зэрэг үзүүлэлттэй байгаа тул суурин дээр нь онлайн сурталчилгааны бизнесийг хөгжүүлэх боломжтой гэж шинэ худалдан авагчид нь үзжээ.