Өнгөрсөн амралтын өдрүүдэд Флоридад Miss Universe тэмцээн өндөрлөж, Мексикийн гоо бүсгүй ялагчийн титэм хүртлээ. Орон орны гоо бүсгүйчүүд цугласан тайзнаа олны анхаарлыг хамгийн ихээр татсан өвөрмөц хувцасны талаарх мэдээллийг хүргэе.
Гоо бүсгүйчүүд чуулсан тайзан дээрээ Мьянмар оролцогч дэлхий дахин уриалга гарган, улс орон, ард түмнийх нь төлөө залбирахыг хүссэн бол Сингапур, Уругвайн гоо бүсгүйчүүд ч нийгмийн асуудалд олны анхаарлыг хандуулах зорилготойгоор даашинзуудаа сонгожээ.
Сингапурын гоо бүсгүй Бернадетт Белль Онг цар тахлын улмаас азиудыг үзэн ядах хандлага АНУ-д даамжирч байгааг эсэргүүцэн “Азиудыг үзэн ядахаа зогсоо” гэсэн бичиг бүхий торгон нөмрөгтэйгээр тайзнаа алхсан байна.
Харин Уругвайн гоо бүсгүй Таня Лола Де Лос Сантос улсынхаа ижил хүйстэн, трансжендерүүдийн төлөөлөл бөгөөд тэднийг үзэн ядахгүй байхыг уриалсан бичиг бүхий хувцастай гарч иржээ.
Аргентин гэхээр хүн бүрийн толгойд хамгийн түрүүнд хөл бөмбөгийн тухай бодол орж ирдэг гэхэд хилстэхгүй. Энэ улсын гоо бүсгүй Клаудия Виера тэмцээнд оролцох үеэрээ Аргентины домогт тамирчин Диего Марадонагийн дурсгалыг хүндэтгэн гоёлоо сонгожээ.
Оросын гоо бүсгүйг очир эрдэнийн төрхөөр гоёжээ. Энэ жил үндэсний хувцаснаас татгалзаж, илүү өвөрмөц байлгах зорилгоор ийм сонголт хийсэн гэнэ.
Энэ тэмцээнд Финлянд болон Исландын оролцогч хоёулаа туйлын туяаг билэгдсэн гэрэлтүүлэгтэй даашинзаар гоёжээ. Финлянд, Исланд улсуудад туйлын туяа гэх байгалийн гайхамшигт үзэгдэл харагддаг юм.
Балбын гоо бүсгүй Аншика Шарма үндэснийхээ бэлгэ тэмдэг болсон Эверестийг хүндэтгэн уулчны хувцастай тайзнаа алхжээ.
Панамын гоо бүсгүй Кармен Харамильогийн хувцас эрхгүй анхаарал татна. Түүний гоёлыг Христофор Колумбын гурван хөлөг онгоцны сэдвээр бүтээжээ.
Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Эстефани Наталья Сото зурхайн сэдвээр хийсэн өвөрмөц гоёлтойгоор тайзнаа алхжээ.