Өнгөрсөн бямба гарагт Кобе Брайантийн эхнэр Ванесса Брайнт сагсан бөмбөгийн алдрын танхимд нөхөртөө хандан үг хэлсэн нь олны сэтгэлд хүрээд буй. Ванесса Брайантын Алдрын танхимд хэлсэн үгийг хөрвүүлэн хүргэж байна.
“Хэрэв миний нөхөр өнөө орой энд байсан бол урам зориг хайрласан, алдрын танхимд зогсож байх боломжийг олгосон хүмүүс талархлын уртаа гэгчийн жагсаалт гаргах байсан. “Гэр бүл, найз нөхөд, зөвлөгч, багийн Лейкерс багийн гишүүд, шүтээн болон өрсөлдөгч нартаа” гээд.
Гэвч тэр минь энд байхгүй гэдэг олон хатуу үнэний нэг юм. Би зөвхөн баярлалаа гэж хэлж чадна. Түүнийг энэ алдрыг авахад тусалсан бүх хүнд түүний өмнөөс баярлалаа гэж хэлье.
Би нөхрөө олон нийтийн газар магтахаас үргэлж зайлсхийдэг байсан. Учир нь тэрээр шүтэн бишрэгчдээсээ үргэлж магтаал сонсдог тул хэн нэгэн түүнийг бодит амьдралд нь буулгадаг байх хэрэгтэй санагдсан юм.
Яг одоо би түүнийг олон түмний өмнө магтах гэж байгаа тул тэрээр намайг хараад инээж байгаа гэж итгэж байна. Би түүнийг одоо харж байна.
Хүмүүс үүнийг тэр бүр мэдэхгүй л дээ. Нөхөр маань маш их гэмтэл авсан ч, хичнээн зовууртай байсан ч тоглосоор байдаг. Тэр маань бага байхдаа аавтайгаа хамт цэнгэлдэхийн хамгийн арын суудал дээр дуртай тоглогчийнхоо тоглолтыг үзэх гээд сууж байснаа дурсдаг байсан. Зүгээр л цэнгэлдэхэд тоглолт үзэх болсондоо л баярладаг байлаа. Тийм л учраас, Коби шүтэн бишрэгчдээ гомдохыг хүсдэггүй байсан. Ялангуяа түүний тоглолтыг үзэх гээд мөнгө цуглуулдаг, цэнгэлдэхэд тоглолт үзэх гэж догдолдог байсан хүүхдүүдийн урмыг хугалахыг тэр хүсдэггүй байлаа. Би нэг удаа түүнээс гэмтэлтэй байж, тоглолтод оролцохгүй яагаад амарч болдоггүй юм бэ гэхэд “Миний ганцхан тоглолтыг үзэх гэж мөнгөө цуглуулдаг фэнүүдийг яах юм бэ?” гэсэн. Тэр үнэхээр фэнүүдээ мартаж байсан удаагүй. Тэр боломжтой л бол тоглолтын минут бүрт талбайд байхыг хүсдэг байсан. Тэр фэнүүддээ маш их хайртай байсан.
Хүндэт Коби минь,
Хамгийн сайн аав, хамгийн сайн нөхөр байсанд чинь баярлалаа. Үргэлж алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байсанд чинь баярлалаа. Үргэлж илүү байхыг хичээдэг байсанд чинь баярлалаа. Хэзээ ч бууж өгөөгүйд чинь баярлалаа. Шаргуу хөдөлмөрлөсөнд чинь баярлалаа. Гэр бүл болон охиддоо баярлалаа. Биднийг тэжээх гэж эцэж, цуцашгүй хөдөлмөрлөж, гайхалтай амьдрал бэлэглэсэнд баярлалаа. Өглөө 04.00 цагт босож, бэлтгэл хийгээд өглөөний мэнд гэж намайг үнсээд, охидоо сургуульд нь хүргэж өгдөг байсанд чинь баярлалаа. Цаг наргүй байсан ч хэзээ ч төрсөн өдрийн баяр, бүжгийн концерт, сургуулийн шагнал гардуулах ёслол, охидынхоо оролцсон тоглолт, шоуг тасалж байгаагүйд баярлалаа.