А.Отгонболд: Вакцин тариулсны дараа сарын тэмдэг түр хугацаанд алдагдаж болно

Capture_20210514093101

-Онолын хувьд вакцин нь хэсэгхэн хугацаанд хүний биед өөрчлөлт өгч болдог-


Манай улсад короновирусний эсрэг вакцинд 2.3 сая хүн   хамрагдаад байгаа билээ. Цар тахлын ард гарахын тулд хүн бүр вакцинд хамрагдахыг төр засгаас уриалж, урамшуулал олгож, вакцинд хамрагдах нөөц, нөхцөл боломжоор бүрэн хангаж байна. Монголчуудын дийлэнх хувь нь БНХАУ-аас нийлүүлсэн “Синофарм” үйлдвэрийн вероцелл вакцинд хамрагдаад байна. ДЭМБ-аас энэ сарын эхээр тус вакциныг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн зургаа дахь вакцин боллоо. Уг вакцин Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнасан бөгөөд дэлхийн 50 гаруй улс хэрэглэж байна.

ВАКЦИНД ХАМРАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САРЫН ТЭМДЭГ АЛДАГДАЖ БАЙНА ГЭВ

Манай улсад вакцинжуулалтын явц идэвхтэй өрнөж байгаа бөгөөд улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1.7 сая хүн хамрагдсан бол хоёрдугаар тунд 634 мянган хүн хамрагдаад байна. Гэвч вакцинд хамрагдсан иргэдээс эрүүл мэндийн янз бүрийн шинж тэмдэг илэрч, сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн гомдол санал их гарах болов. Ялангуяа төрөх насны эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, нөжтэй цус гарах, бөөр өвдөх, сав давсаг руу нь хатгуулах, хөхүүл эхчүүдийн сүү нь хөх өнгөтэй гарах зэрэг шинж тэмдэг илрээд байгаа талаар олон эмэгтэйчүүд хэлж байна. Мөн вакцин тариулсны дараа нас барлаа гэх хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа ч задлан шинжилгээний дүнгээр вакцинаас болоогүй,  өөр суурь оноштой гэж мэдээлсэн. Ковидын улмаас нас барсан иргэдийн хэд нь вакцинд хамрагдаад нас барж байгааг мэдээлэх хэрэгтэй гэж иргэд шаардаж, шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

Вакцины хор холбогдлын талаар “Микроб” лабораторийн их эмч Д.Өнөрзул “Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдаж хугацаанаасаа оройтож байна гэдэг элэгний үйл ажиллагаанд нөлөөлж байна гэсэн үг. Цус өтгөрөх, бүлэгнэх, дааврын өөрчлөлт орох, цус багадах, хүчилтөрөгчийн дутагдалд орох зэрэгт сарын тэмдэг алдагддаг. Хэрэв вакцин тариулсны дараа сарын тэмдэг хойшилж байгаа бол даавар тэнцвэржүүлэх, цус шингэлэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн дунд өндгөвчний үрэвсэл, бодисын солилцооны алдагдал маш их байдаг. Буруу зуршил, буруу хооллолт нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байна. Тиймээс дан ганц вакцинд буруу өгөлгүй, эрүүл зөв дадал хэвшилтэй байх хэрэгтэй” гэлээ. Вероцелл вакцин нь уламжлалт аргаар бүтсэн вакцин бөгөөд тусгай хяналттай орчинд вирусийг ургуулан дархлаа тогтоож болох хангалттай өндөр идэвхтэй вирусийг нь түүн авч  дулаан эсвэл формальдегид гэх мэт аргыг ашиглан вирусний хоруу чанарыг сулруулан гарган авсан бөгөөд уламжлалт аргаар бүтсэн тул хүний биед харшил өгөх, сөрөг нөлөө нь бага байдаг. Уламжлалт аргааар бүтсэн вакцинд галзуу, цэцэг өвчин, улаанууд өвчний эсрэг вакцинууд багтсан талаар мэргэжилтнүүд ярьж байна.

ВАКЦИН ТАРИУЛСАН ХӨХҮҮЛ ЭХИЙН СҮҮ НЬ ХӨХ ӨНГӨТЭЙ ГАРЧ БАЙНА ГЭЛЭЭ

Хөхүүл ээжүүд вакцинд хамрагдаж байгаа бөгөөд хөхний сүү нь хөх өнгөтэй болж хувирсан, хүүхдээ хөхүүлсний дараа хүүхдийнх нь биеэр улаан тууралт гарсан зэрэг шинж тэмдэг илэрчээ. 33 настай М.А гэдэг эмэгтэй “Би төрөөд жил гаруй болж байна. Хүүхэд маань хөхүүл. Вакцин тариулснаас хойш тав хонож байна. хөхний сүү цэнхэр, хөх өнгөтэй болчихсон учраас хүүхдээ хөхнөөс нь гаргасан. Одоо ч өнгө нь хэвээрээ л байна” гээд саасан сүүгээ үзүүлэв. Бас түүний сарын тэмдэг нь ирдэг хугацаанаасаа хэтрээд 14 хоног өнгөрчээ. Тэрбээр жирэмсэн болоогүй учир сарын тэмдэг алдагдсанд санаа зовж байгаа аж. Эмэгтэйчүүд талдаа зовуурь шинж тэмдэг илэрсэн бүсгүйчүүд нөхөн үржихүйн эрхтэний өвчтэй болох, үргүй болох зэргээс айж байгаагаа нуусангүй. 20 настай А.А гэх эмэгтэй “Би энэ сарын 7-ны өдөр вакцин хийлгэснээс хойш гурав дахь хоногоос нөжтэй цус гарч эхэлсэн. Одоо зургаа хоноход татраагүй л байна. Миний сарын тэмдэг сарын сүүлээр ирдэг юм, болоогүй байхад ирчихлээ. Толгой ангалзаж өвдөөд, нуруу, бөөр өвдөөд босож чадахгүй хэвтэж байна. Цус алдаж байгаа юм болов уу гэж санаа зовоод “Вакцинд хамрагдсан иргэдийн групп”-т шинж тэмдгээ хэлтэл хүмүүс над руу “Хар залуугаараа өвчин ярилаа, худлаа янгуучиллаа, вакцины эсрэг тролл байна” гээд үг хэлээр доромжилж дайраад байсан. Над шиг шинж тэмдэгтэй олон эмэгтэйчүүд байна лээ” гэв. 34 настай Г.Б хэмээх бүсгүй “Вакциныхаа хоёр дахь тунг хийлгээд сав давсаг руу хүчтэй хатгаж өвдөөд тэнийж чадахгүй хэвтэж байна. Толгой эргээд, даралт өндөрсөөд, шилбээр янгинаад байгаа. Сарын тэмдэг ирэх ёстой ч ирэхгүй хэд хонож байна” гэж хэллээ.

Энэ талаар “Хатагтай” эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор А.Отгонболд “Би Германд эмнэлгийнхээ салбарыг байгуулаад ажиллаж амьдарч байна. Энд вакцинаас шалтгаалсан элдэв зовуурь, шинж тэмдэг илэрсэн хүн гараагүй байна. Германд астраценика, файзер, модерна, жонсон зэрэг вакцинуудыг хийлгэж байгаа боловч цөөн тоотой, олдоц муу байна. Манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь үрэвсэлт өвчтэй байдаг бөгөөд үүнийгээ мэдэхгүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй явсаар хүндэрсэн хойно нь эмчид ханддаг. Вакцин нь онолын хувьд түр хугацаанд хүний биед өөрчлөлт өгч болдог. Тиймээс вакцин тариулсны дараа түр хугацаанд сарын тэмдэг алдагдаж болно” гэв.

ВАКЦИН ТАРИУЛААГҮЙ ЖИРЭМСЭН ЭХИЙН ЭНДЭГДЭЛ 22 ДАХИН ӨНДӨР ГАРЧЭЭ

Жирэмсэн ээжүүдийн санаа зовоосон асуудал бол вакцин тариулж болох эсэх. Гэвч урагт муу нөлөөтэй гэсэн ам дамжсан яриагаар иргэд вакцин тариулахаас татгалзаж байна. Бас иргэдийн дунд вакцин нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйд хэрхэн нөлөөлдөг талаар асуулт, эргэлзээ маш их байна. Энэ талаар АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд вакцин хэрхэн нөлөөлөх талаар сүүлийн үеийн АНУ-ын судалгаануудыг судалж байна. Маш олон эргэлзээтэй асуудал бий. Халдвар авсны дараа жирэмсэн эмэгтэйчүүдэд хүндрэл ихтэй. Амьсгалын замын хүндрэл, хатгаатай холбоотой дутуу төрөлт 30-35 хувь байна. Вакцин эх урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш шүү дээ. Коронавирус урагт, жирэмслэлтэд нөлөөлөхгүй. 1000 гаруй жирэмсэн эмэгтэйд вакцин хийхэд өөрчлөлт илрээгүй гэсэн судалгаа байна. Аль ч төрлийн вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд урагт эрсдэлгүй. Тухайн иргэн вакциныг хийлгэх хүсэлтэй, эсрэг заалт байхгүй тохиолдолд хийлгэх хэрэгтэй. Судалгаагаар хөхүүл ээжүүд вакцин хийлгэхэд аюулгүй гэж гарсан. Хятад вакцин гэхээрээ болохгүй юм шиг яриад байна. Хөхүүл ээж халдвар авсан бол халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад хүүхдээ хөхүүлж болно. Мөн үр тогтолтод ямар ч нөлөөгүй. Жирэмслэхэд ч сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж гэж онцолсон.

“Хатагтай” эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор А.Отгонболд “10 гаруй мянган жирэмсэн ээжид хийсэн судалгааны үр дүнд вакцин хүний биед сөрөг нөлөөгүй гэж үзсэн. Зургаан сарын өмнө жирэмсэн болон хөхүүл ээжид хийж болохгүй гэж байсан ч жирэмсэн ээж коронавирусний халдвар аваад эндэгдэл маш өндөр гарсан тул вакцин тарих нь зүйтэй. Тийм болохоор Герман, Австри мэргэжлийн эмч нарын олон зөвлөлүүд вакцин хийхийг зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл вакцин тариулаагүй жирэмсэн эх ковид тусвал эндэгдэл нь вакцин тариулсан эхээс 22 дахин эрсдэл өндөр байна. Технологи өндөр хөгжсөн орнуудын нарийн судалгаан дээр суурилж хийсэн вакцинд манайхан итгэхгүй, шүүмжлээд морин өртөөний дайны юм яриад байж болохгүй. Энэтхэг шиг байдалд орохгүйн тулд вакцинаа хийлгэх нь хамгийн чухал. Манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь үрэвсэлт өвчтэй байдаг бөгөөд үүнийгээ мэдэхгүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй явсаар хүндэрсэн хойно нь эмчид ханддаг” гэлээ. Мөн вакцинд хамрагдсанаар ковидоос бүрэн хамгаалахгүй, өвдсөн ч хүндрэл багатай өвчилнө гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Вакцинд бүрэн хамрагдаж хөл хорионоос гарч ажил, сургуульдаа чөлөөтэй явахыг хүн бүр хүсэж байгаа. Энэ цагийг хурдан авчрахын тулд иргэн бүр хичээж байгаа тул хүнд хэцүү цаг ард хоцорч, удахгүй урьдын сайхан цаг ирэх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


А.Отгонболд: Вакцин тариулсны дараа сарын тэмдэг түр хугацаанд алдагдаж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.