Одон орон судлаачдын илрүүлсэн дэлхийтэй ижил байх болох аль ч гарагууд манай гараг дээрх шиг ургамал, микроб, амьтнаас бүтсэн биосфер бүхий амьдралыг тэтгэхэд тохиромжтой нөхцөлгүй гэдгийг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэхүү судалгааг Итали улсын Неаполийн их сургуулийн эрдэмтэд явуулсан байна.
Эрдэмтэд тойрдог одноосоо амьдралд тохиромжтой зайд оршдог, массыг нь тогтоосон дэлхийтэй “төс”-тэй арван гараг дээр хүчилтөрөгч дээр суурилсан фотосинтез явуулахад тохиромжтой нөхцөлтэй эсэхийг шалгасан байна. Амьдралд тохиромжтой зай гэдэг нь ус шингэн төлөвт оршин байх боломжтой зайг хэлдэг билээ. Хэрвээ эх одтой хэтэрхий ойрхон бол ус ууршина, харин хэтэрхий хол байвал мөс болж хатуу хэлбэрт шилжих юм. Харин фотосинтез нь ургамал, бичил организмууд органик бодис болон хүчилтөрөгч үүсгэдэг амьдралд нэн чухал процесс билээ.
Энэхүү фотосинтезийн урвалыг явуулахад 400-ээс 700 нанометрийн урттай гэрлийн долгион (PAR) шаардлагатай байдаг. Гэвч судалсан гарагуудын од нь тус гэрлийн долгионыг ялгаруулахад хэтэрхий хүйтэн байжээ. Арван гарагаас хамгийн их PAR хүлээн авдаг “Kepler-442b” нэртэй гараг хүртэл том биосфер тэтгэхэд хангалтгүй одтой байсан юм. Тэрхүү судалгаа нь маш бага тооны гарагийг хамруулсан ч манай галактик дахь одны ихэнх нь фотосинтезийг тэтгэхэд хангалтгүй гэрэл ялгаруулдаг. Ийм учир эрдэмтэд дэлхийтэй төстэй байж болох гарагуудад амьдрал байх магадлал маш бага гэж үзжээ.
Үүнээс гадна харь гарагийн соёл иргэншил байх боломжгүйг харуулсан “Ферми парадокс” нэртэй аргумент байдаг. Ферми парадоксын тухай нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: Space.com
Б.БУЯНДОРЖ