Тэтгэвэрт суусан хүмүүс сэтгэл гутралд өртдөг тул энэ насны аав ээждээ анхаарлаа хандуул

Сэтгэл зүйн шинжлэх ухаан олон чиглэлийн судалгааг хийдэг боловч хүмүүс голчлон хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйн онцлог, хосуудын харилцаа зэрэг залуу үед чиглэсэн зөвлөгөө, судалгааг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, дундаж болон дундаас дээш, ахмад настнуудын биеийн эрүүл мэндэд анхаарахаас бус сэтгэл зүйд төдийлөн санаа тавихгүй байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй.


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж буй 45-аас дээш насныхны хувьд ихэнхдээ зүрх дэлсэх, нойргүйдэх гэх мэтчилэн биеийн зовуурь хэлдэг ч, тухайн хүнтэй ярилцаад үзэхэд айдас түгшүүрийн шинж тэмдэг, сэтгэл гутрал зэргээр үе шат дамжсан сэтгэл зүйн эмгэг шинжүүд ажиглагддаг ажээ.
Энэ талаар СЭМҮТ-ийн Сэтгэцийн ахлах зэргийн эмч И.Тунгалагтуяа “Гавьяаны амралт буюу тэтгэвэрт гарахыг хөндлөнгөөс харвал биед амар мэт санагдаж магадгүй ч үнэн хэрэгтээ настнуудын хувьд сэтгэл зүйн хямрал үүсгэх тохиолдол их бий” гэдгийг хэлж буй юм.

Тэрээр тэтгэвэрийн нас нь ойртсон хүмүүс болон тэдний үр хүүхдүүдэд хандаж дараах зөвлөгөөг өгчээ.

1. ГЭР БҮЛЭЭСЭЭ ХАРИЛЦАА ХӨНДИЙРЧ БАЙГАА НЬ АХМАДУУДАД ХҮНД ТУСДАГ

Гэр бүлийнхэн нь гавьяаны амралтад суусан ч эрдэм мэдлэг, ур чадвар нь хэвээр байгаа тул үргэлжлүүлэн өөр ажил хийх боломжийг ч судалж өгч болно. Өөрөөр хэлбэл, авьяас чадварыг дэмжих хэрэгтэй.
Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд, үр хүүхдүүд нь ээж, аавыгаа орох оронтой, идэх хоолтой, хувцас бүтэн байлгавал сайхан авч явж байна гэж боддог. Гэтэл тэднийг хэр ганцаардаж байна гэдгийг огт боддоггүй. Хэдийгээр үр хүүхдийнхээ хажууд хамтдаа байгаа ч орчин үеийн нөхцөл байдлаас харахад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүйлэгддэг.
Бүгд утсаа ширтээд өрөөндөө ороод суучихдаг нь эцэг, эхийг нь байтугай өөрсдөө хүртэл ганцаардах нөхцөл үүсгэж байна. Энэ нөхцөл байдал буюу гэр бүлээсээ харилцаа хөндийрч байгаа нь ахмадуудад нийгмээс тусгаарлагдсан гэх мэдрэмжээс илүү хүндээр тусдаг.

2.НИЙГЭМД ТОГТСОН ОЙЛГОЛТ НЬ СЭТГЭЛИЙН ДАРАМТ УЧРУУЛДАГ

Хуулиар тогтоосон тэтгэвэрт гарах насаа иргэд сайн мэддэг ч цаг нь болоход дасан зохицоход асуудал үүсдэг. Өдөр бүр ажилдаа явж дадсан ажил, хамт олноосоо холдохоор нийгмээс тусгаарлагдсан мэт санагдана. Энэ нь гунигтай бөгөөд ганцаардах мэдрэмж төрүүлдэг.
Мөн тэтгэвэрт гарснаар өмнөх шигээ эрч хүчтэй, бүтээлч, идэвх зүтгэлтэй байх чадваргүй боллоо гэх нийтлэг ойлголт нийгэмд байдаг нь ч тэдэнд сэтгэлийн дарамт учруулдаг.

3.ШАТАР ДААМ, ХӨЗӨР ТОГЛОХ НЬ УУРАГ ТАРХИНЫ СЭРГЭГ БАЙДАЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Хэдэн настай вэ гэдгээс үл хамааран хүнд бие махбодын, нийгмийн болон сэтгэл зүйн хэрэгцээ гэж бий. Ахмад настны хувьд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж чадахгүй байвал сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай болох, гуниглах, нойргүйдэх шинжүүд илэрдэг. Тиймээс энэхүү хямралыг даван туулахын тулд ач, зээ нартайгаа тоглох, үеийнхэнтэйгээ ойр ойрхон уулзаж, залуу сайхан цагаа дурсах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Мөн хүмүүс өөрийгөө хөгширсөн гэж бодохын хэрээр унших, бичих хэрэгцээгээ багасгадаг нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс өөрт хэрэгтэй, сонирхолтой мэдээ, ном унших зэрэг дадлаа гээж болохгүй бөгөөд шатар даам, хөзөр тоглох нь уураг тархины сэргэг байдалд чухал нөлөөтэй.

4.ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ХИЙХ ЧӨЛӨӨТ ЦАГ ГАРЛАА ГЭЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ

Зарим хүн тэтгэвэрт гарахыг хүссэн зүйлээ хийх чөлөөт цаг, боломж гарлаа гэж боддог. Ингэснээрээ өмнө нь хийж чадаагүй сонирхолтой зүйлсээ хийж, илүү эрч хүчтэй амьдардаг бол нөгөө хэсэг нь хамт олонтой байхыг илүүд үздэг.

Тэтгэвэрт гарахдаа сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд амьдралынхаа дараагийн үед би юу хийх вэ гэдгээ сайтар бодож, төлөвлөх ёстой. Мөн ихэнх хүн тэтгэвэрт гармагцаа өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бууруулж эхэлдэг бөгөөд жижиг зүйлд эмзэглэх, эерэг мэдээллийг хүлээн авахаас татгалзах, өөрийгөө чамлах зэргээр нийгмээс өөрийгөө тусгаарладаг байгаа нь харамсалтай. Ахмадуудын хувьд сэтгэл санаа өөдрөг байх нь насжилттай холбоотой гарч буй өвчин эмгэгийн эдгэрэлтэд ч эерэг нөлөө үзүүлнэ.


Тэтгэвэрт суусан хүмүүс сэтгэл гутралд өртдөг тул энэ насны аав ээждээ анхаарлаа хандуул
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.