Домогт жүдоч, ковидын эсрэг тэмцсэн эмч ПАУЛА ПАРЕТО

Аргентины жүдоч, олимп, дэлхийн аварга Паула Парето Токиогийн олимпод оролцоод их спортоос зодог тайлж буйгаа зарлалаа.

Жүдоч, мэс заслын эмч, 35 настай Паула Парето Токиогийн олимпод 48 кг-ийн жинд өрсөлдсөн бөгөөд эхний хоёр барилдаандаа ялж, хагас шигшээд Японы жүдоч Фүна Тонакид ялагдсан юм.

Парето зодог тайлж буйгаа зарлаад, “Токиогийн их олимпод оролцсон минь нэр төрийн хэрэг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Паула Парето 2008 оны Бээжингийн олимпын хүрэл, 2016 оны Риогийн олимпын наадмын алтан медальтай, дэлхийн жүдо бөхийн бахархал болсон тамирчдын нэг юм.

СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН МӨЧ

Паулаг Токиогийн татами дээр ялагдал хүлээн, тэмцээнээ дуусгаад олимпын хотхондоо буцаж ирэхэд Аргентины баг тамирчид түүнийг алга ташин, гүн хүндэтгэлтэйгээр угтаж авсан юм.

Тамирчин хүнийг баг хамт олон нь ялалт, ялагдалтай нь хамт хүлээн авч, хүндлэн, баяр хүргэж байгаа энэ мөч олны сэтгэлийг хөдөлгөв.

Паула Парето “Сүүлчийн барилдаанаас буцаж ирэхэд надад маш том гэнэтийн бэлэг барьсан найзууддаа баярлалаа. Би хамгийн шилдэг багтай гэдгээ дахин мэдэрч байна! БАЯРЛАЛАА!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Олимп, дэлхийн аварга жүдоч бүсгүй улсынхаа эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг бөгөөд олимпын өмнөх коронавирусний цар тахлын үеүдэд Паула улаан бүсэд хүртэл ажиллажээ.

Хаа сайгүй спортын тэмцээн, уралдааныг цуцалж, хойшлуулж байсан үед Паула амрахын оронд ковидын эсрэг тэмцэлд тэргүүн эгнээнд ажиллаж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст анхаарал хандуулж байсан юм.

Спортын өрсөлдөгчтэй биш үл үзэгдэх вирус гэх дайсантай тэмцсэн тамирчин бүсгүйг олон улсын хэвлэлүүд ковидын эсрэг тэмцсэн зоригтнуудын нэгээр нэрлэсээр байна.

Паула Парето 1986 оны нэгдүгээр сарын 16-нд Буэнос-Айресын Сан-Фернандод төрсөн бөгөөд улсынхаа жүдо бөхийн түүхэнд анх удаа олимпын наадмаас алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин.

Жүдоч бүсгүй Буэнос-Айресын хойд хэсгийн Сан Исидро эмнэлэгт мэс засалчаар ажилладаг ч шаардлагатай үед цар тахлын эсрэг тэмцсэн хатан зоригтон.

Аргентины спортын домог болсон бүсгүй одоо мэс засалчийн ажилдаа өөрийгөө бүрэн зориулна гэдгээ илэрхийлэн, их спортоо буцаж байна. Баярлалаа, Парето.

https://news.zindaa.mn/3szz


Домогт жүдоч, ковидын эсрэг тэмцсэн эмч ПАУЛА ПАРЕТО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.