Залхуу хүн илүү амжилтанд хүрдэг

1-600x400

…Буюу “завтай” болохын төлөө л завгүй бай
-Би хүнд хэцүү ажлыг үргэлж залхуу хүнд даалгадаг. Учир нь тэр үүнийг яаж хялбарчлах аргаа олдог юм. -Билл Гейтс

Ихэнх хүн улам завгүй болохын төлөө шургуу ажилладаг. Улам олон юмыг зэрэг амжуулдаг, улам шахуу давчуу хуваарьтай байхыг ажил хэргийн амжилтаар төсөөлдөг болохоор магадгүй тэгдэг байх. Гэхдээ би чамд өнөөдөр арай өөр эрхэмлэлийг санал болгомоор байна.

Өглөөнөөс орой хүртэл амсхийх ч завгүй яваа хүн илүү “чухал” бөгөөд мундаг харагддаг нь үнэн л дээ. Гэтэл үнэндээ хорвоогийн хамгийн амжилттай хүмүүс завтай болохын төлөө ажилладаг “залхуу” хүмүүс байдаг. Тэд ажил нэмэх ажлыг биш, ажил хасах ажлыг илүүтэй хийдэг юм. Тэгж байж тэд амьдралдаа хурдан хурдан шат ахидаг. Тэгж байж тэд гэр бүл, үр хүүхэд, мөнгө олох зорилгогүй тэмүүллүүддээ цаг гаргадаг. Тэгж байж тэд нэгэнтээ олж нээсэн ганц нууран дотроо шигдээд байлгүй, дараагийн том далайд үсрэн орох бэлтгэлээ базааж амждаг. Тэгж байж тэд илүү утга учиртай амьдардаг юм.

Арай ойлгогдохоор тайлбарлая л даа. Анх ажилд орсноос хойш чиний өдөр тутамд хийх ажлын жагсаалт жил ирэх тусам илүү зузаарч, олширч, бөөгнөрсөөр ирсэн бол чи улам завгүй болохын төлөө л өдийг хүртэл ажиллажээ гэсэн үг. Энэ бол тодорхой түвшний амжилт мөнөөсөө мөн. Чиний хариуцлага өндөрссөн байна. Чамд хүмүүс илүү итгэж найддаг болж. Чи магадгүй албан тушаал ч ахисан байх. Гэхдээ чи илүү аз жаргалтай болсон уу? Чи хүссэн зүйлдээ цаг гаргаж чаддаг болсон уу аль эсвэл өдөр тутмын ажлынхаа хүрээнд боол мэт зүтгэж байна уу? Эргээд ажилд анх орж байсан үеэ санахаар сайхан чөлөөтэй байсан юм шиг санагддаг уу? Эдгээр асуултууд чиний доторх ямар нэг бардам занг хөндөж байвал чи урт настай амжилтыг бүтээж хараахан чадаагүй явна гэсэн үг юм.

Бид бүгдээрээ улам хөнгөрөхийн төлөө, тийм гол чиглэлтэйгээр ажиллах чадамжтай. Энэ бол ажлаа өөр хүмүүст нялзаа гэсэн үг биш, албан тушаалаа бууруул ч гэж байгаа юм биш. Мөн ажлаа хариуцлагагүйгээр цалгардуулаад хувийнхаа аз жаргалыг хөө гэсэн үг бүр биш юм. Зүгээр л энэ бол гүйцэтгэлд бус, төлөвлөлт, бэлтгэл, сайжруулалт гуравт илүү анхаарах тухай билээ. Энэ бол ажлыг чинь геометр прогресс шиг олшруулж байгаа бүх үе шатыг тана гэсэн үг. 3 үйлдэл хийж байж бүтэж байгаа бүхнийг яаж нэгхэн үйлдэл болгох талаарх асуудал юм. Ирээдүйд цаг нь тулж магадгүй бүхнийг урьдчилж тооцоолоод одооноос замыг нь саад бартаа, чулуу шорооноос цэвэрлэн зас гэсэн үг. Тэгээд тархиа “яаж?”, “одоо яах билээ?”, “яана аа?” гэдэг асуултуудаас чөлөөлөхийн тулд үргэлж сайтар бодлого зохио гэсэн үг. Одоо заавал өөрөө гар бие оролцож байж явуулдаг ажлуудаа хэний ч оролцоогүйгээр өөрөө аяндаа явдаг болгох юмыг түлхүү хий гэсэн үг.

Үүнийг нэг долоо хоногт хийж чадахгүй. Гэхдээ долоо хоног бүр төлөвлөлт, бэлтгэл, сайжруулалт гурвыг л орхигдуулахгүй байвал чи дараа жилээс хамаагүй завтай бас жаргалтай болох болно. “Ухаантай залхуу” байх муугүй байгаа биз?


Залхуу хүн илүү амжилтанд хүрдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.