Бүхнийг болгох гэж яваа хайртдаа яаж туслах вэ?

352c3f04a544ed08054d9c0fefe03509

Сүйт хархүү чинь бүхнийг өөрөө болгоно гэж зүтгэж байгааг харахад чамд бахархах бас өрөвдөх сэтгэл хоёулаа төрж байгаа байх. Хичээж бүтээсэн амьдрал нээрээ л илүү амттай. “Тэр минь ингэж их зүтгэж байхад би юугаар ч тусалж чадахгүй нь” гэсэн бодол төрж байвал чиний харин ч хамгийн сайн хийж чадах зүйлсийг санал болгоё. Байрныхаа тал мөнгийг өөрсдөө гаргах, эсвэл унаагаа чи дангаараа зохицуулах зэрэг том тус хүргэж чадахгүй нөхцөл байдалд байсан ч гэсэн, эдгээрийг хийж байгаа явдал чинь л түүнд ямар өхөөрдөм бас дэмжлэгтэй санагдах бол?

1. Одооноос хос эдлэл цуглуул
Хэзээ байрандаа нүүж орох нь тодорхой болчихсон бол одооноос ор дэрний хэрэглэл, хос аяга таваг гээд жижиг сажиг зүйлсийг цалин болгон дээрээсээ нэг нэгээр нь цуглуул. Яг нүүж ороход засвар, тавилга гээд бөөн мөнгө зарцуулагдах учраас хогийн сав, сойз зэрэгхэн хүртэл бөөгнөрөхөөрөө түрийвчийг хоосолж өгч байгаа юм шиг л санагдана. Тиймээс одоо санхүүгийн дарамтгүйгээр бүгдийг нь авчихвал дээр. Бэлэн болсныхоо дараа хайртдаа сюрприз болгож харуулвал чиний ухаантай, алсын хараатайг тэр бишрэн улам хайрлана. Харин эхнээс нь хэлэхээр шийдсэн бол зарим зүйлсийг хамт явж сонголцоорой. Тэгвэл чиний ч бас хичээж байгааг харсан эр хүн улам их хичээх болно.

2. Дансны хуримтлал үүсгэ
Огт хуримтлалтай байж үзээгүй байсан ч одооноос сар бүр 100 мянган төгрөгийг хуримтлуул. Зорилго тавибал ухрах зүйл гарахгүй. Яг тусдаа гарах цаг чинь болоход чи гал тогооны тавилга, унтлагын өрөөний шүүгээ гэх мэт бодитой тус болж чадахаар зүйлсэд хүрэлцэхүйц хуримтлал үүссэн байхаар тооцоорой.

3. Гэр бүлийн боловсролоо дээшлүүл
Эхнэр байхдаа одооноос бэлдэж орлого зарлагын тооцоо хөтлөх тухай, уур бухимдлын менежмент, эцэг эхчүүд, шинэхэн хосуудад хэрэгтэй зөвлөмжүүдийг цаг гарган унш. Тэгээд уншсан зүйлсээсээ түүнтэй хуваалцаж, ирээдүйд тулгарах олон зүйлсэд хэрхэн зохицох, шийдэх талаар, ер нь хамтдаа яаж амьдрах талаараа төсөөллүүдийг ярилцаарай.Тэгвэл хайртад чинь том түлхэц болно. Бас чи ч өөрөө эхнэр болох хүний хувьд заавал алдаж байж суралцах олон үе шатыг алгасч чадна.

4. Халамж, анхаарал
Энэ бол чиний хамгийн сайн зориулж чадах том хөрөнгө оруулалт. Аливаа зүйл дээр яах уу, ийх үү гэж зөвлөлдөх гэхэд нь чи л мэд гэж бүү орхи. Түүнд өөрийнх нь сонгосон зүйлс чамд таалагдахгүй байх вий гэсэн айдас бий. Бас ядарч байгаа хайрдаа намайг халамжлахгүй байна гэж гомдоллохоо азнаарай. Толгой дотор нь дүүрэн бодол байгаа учир түүнд өөр зүйлд анхаарах сөхөө одоохондоо байхгүй байгаа. Тийм болохоор зөвхөн авахад биш өгөхөд анхаараарай.

5. Түүнийг урамшуул
Бүх хүч чадлаа зориулж байгаа ажил, босгож байгаа амьдрал нь ханьд нь үнэ цэнэтэй санагдаж байгаа эсэхийг мэдэхгүй эсвэл бүр огт хэрэггүй юм шиг сэтгэгдэл төрөөд байвал хайрт чинь хаанаас урам зоригоо авах билээ? “Үгээрээ биш ч үйлдлээрээ хангалттай харуулаад байгаа юмсан” гэж бодож болохгүй шүү. Эрчүүд заримдаа бидний бодсоноос хамаагүй “тэнэг” байдаг. Зүгээр л түүнд шууд утгаар нь мундаг, сайн залуу, эцэг бас нөхөр гэдгийг нь ойлгуулаад л байдаг юм шүү.


Бүхнийг болгох гэж яваа хайртдаа яаж туслах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.