Тэдэнд хэл, тэгээд итгүүл

41c43fc553f8393bae1fd16cb7e28895

Тойруулах зүйлгүй нэг л зүйлийг би хэлмээр байна. Хайртай хүн бүртээ чадна гэдгийг нь хэлж итгүүл. Яагаад үргэлж тэдэнд болохгүй боломжгүйг хэлж, ятгах хэрэгтэй гэж? Тэднийг хамгаалж, хайрладаг учраас гэдэг үгээр өөрийгөө битгий хаацайлаарай даа!

Юу хийж чаддагийг нь, юу хйиж чадахыг нь мэдэхгүй мөртлөө үргэлж өөртэйгээ адил үзэж, утгагүй айдастаа тэднийг автуулсаар л… Энэ зан чанар чинь чамайг бас тэднийг сул дорой нэгэн болгоод байгаа юм биш биз?

Японы хэсэг эрдэмтэд мөрөөдөлдөө хүрч чадаагүй хүмүүсийн ерөнхий шинжийг судалж гаргахыг оролдож л дээ. Хамгийн сонирхолтой нь, уг судалгааны үр дүнд ихэнхдээ эрт аав ээж болсон эсвэл залуудаа дарга болсон хүмүүс өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байгаа эсэхт хамгийн их эргэлзэж байдаг гэж гарчээ. Тэд тайлбартаа: Бүхнийг өөрөө хийдэг хүмүүс буюу ээжүүд, хариуцлагатай дарга нар, амин ч зантай аав нар, дүүгээ өсгөдөг хатуу гартай ах эгч нар ихэвчлэн өөрсдөө бүх зүйлийг гардан хийхийг оролдож, өөрийгөө ч бусдыг ч төвөгтэй байдалд оруулдаг. Тэд үргэлж юу хийхийг нь зааж үгэлдэг мөртлөө тэдэндээ боломж олгодоггүй буюу өөрөөсөө өөр хэн нэгэнд завьны залуур атгуулдаггүй байна. Хамгийн гайхалтай нь дээр дурдагдсан төрлийн хүмүүс энэ судалгааны үр дүнг баттай болгосон ба бусдыг хамгаалах дуртай, хулчгар хүмүүс нэг тогтсон байр суурьнаасаа буюу хэвшмэл амьдралаасаа холдох дургүй болдог аж. Магадгүй энэ нь амьдралын туршлага, алдаа оноо болж бидний тархинд үлддэг дурсамжаас болдог байх. Гэхдээ тэр дурсамж буруу ойлголтоос болсон ч байж болох шүү дээ.

Та бүхэн “Turbo” гэдэг эмгэн хумсны талаар гардаг хүүхэлдэйн киног үзэж байсан уу? Хэрвээ амжаагүй бол тэр киног олж хүүхэдтэйгээ, дүү нартайгаа хамт суугаад заавал нэг үзээрэй. Би тэр киноны хүсэл мөрөөдлөөсөө болоод тэнгэрт бараг дүүлж явдаг дүүгээ хамгаалах гэж аргаа бардаг ахын дүрээс өөрийгөө олж харсан юм. Уг нь би өөрийгөө мөрөөдөгч гэж боддог байлаа. Гэтэл яг үнэндээ би зүгээр л айдсаасаа болж бусдыг хамгаалж суудаг “бодолд орогч” л байснаа олж мэдсэн. Та бүхэн төсөөлөхгүй дээ, эмгэн хумс 230 милл хүрч, гайхалтай хурдан болоод, машины уралдаанд түрүүлнэ гэвэл. Эхэндээ би “Энэ чинь хүүхэлдэйн кино шүү дээ.” гэж бодож суусан ч амьдралд байдаг бүхий л бэрхшээл, эргэн тойрны минь хүмүүсийн дүр төрх харагдаж өөрийн эрхгүй л цээжинд ямар нэг зүйл огшоод ирсэн. Тиймээ би буугаад өгчихсөн байж.Үүнээс өмнө би үргэлж бусдаас үлгэрлэж, мөрөөдөлдөө хүрэх гэж үсчих шахам алхдаг жаахан охин байсан.

Харин одоо бол байнга л “Би хэн юм бэ?” гэж бодолд автдаг эсвэл арай илүү орлогтой болчихвол амьдрал сайхан болно гэдэгт итгэдэг, туйлшрагч том хүн болж хувирсан байна. Тэгээд бусад томчуудын дамжиж гардаг их сургууль, ажил, гэр бүл гэдэг улиг болсон “зохиол” – ыг даган яг л уйтгартай олон ангит киноны дүр шиг л амьдарч байна. Томчууд аьдралынхаа тэн хагасыг эргэлзэж өнгөрөөдөг мөртлөө ганц үйлдэл хийх болоход үргэлж хойш суудаг. Тэгээд энэ бүх буулт уналтынхаа тайлбарыг хэчнээн амархан олдог билээ дээ. Жишээ нь танил ах маань байнга л “Би нэр хүндээ бодоод л энэ ажилыг хийж чадахгүй нь түүнээс биш амархан л ажил байна” гэдэг өгүүлбэрийг хэлж ажлаас зугтаадаг юм.

Тэгвэл нэр хүнд гэж юу юм бэ? Тэр таны мөрөөдлөөс илүү юм уу? Зорилгод нь хүргэх мянга мянган алхмынхаа нэг рүү нь ч авираагүй яваа түүнийг нэр хүнд гэж хэлэх тоолонд гайхах юм. Тэр ахдаа би “Та чадна зүгээр л нэр хүндээ алдах бус харин ч аварч байна гэж бодоод бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй” гэж хэлдэг ч төдийлөн ойшоодоггүй л дээ. Гэхдээ л би тууштай хэлсээр, зоригжуулсаар бас түүнд итгэсээр л байх болно.

Та ч мөн адил тэдэнд итгэх хэрэгтэй. Хамгийн гол нь тэднийг мэдэрч хайрлах хэрэгтэй. Шүүмжлэл гэдэг бол хайр халамж биш. Хөлгүй хүү, сүүлгүй луу хоёр бие биедээ итгэж тэнгэрт нисэхийн төлөө тэмцдэг шиг, машинтай уралдах боломж хэзээ ч гарахгүйг мэдэж байгаа ч итгэж ид шидийг хүлээж суугаа ах дүү эмгэн хумс шиг хайр гэдэг бол итгэж хүлээх юм. Хайр гэдэг өөрөө боломж юм. Итгэж болохгүй нөхцөлд ч зуун хувь итгэж чадах нүдний харц юм.

Та яг одоо суудлаасаа босоод аавдаа, ээждээ, ахдаа хэл. “Тиймээ та чадна. Би танд итгэж байна” гэж хэл. Хамгийн бүтэлгүй найздаа “Чи чадна өөртөө итгэ.” гэж хэл. Бас яг одоо өөрөөсөө айж мөрөөдлөөсөө холдож байгаа өөртөө хэл. “Би үүнийг хийж чадна.” гэж хэл. Хамгийн гол нь өөртөө бас тэдэнд өдөр бүр, бүр өдөр болгон шүү “Бид чадна. Хамтдаа хийнэ.” гэж хэлээд, итгүүл. Яг одоо би дүүрүүгээ залгахаар утсаа шүүрч байна. Түүнд итгүүлэхээр…

- Байна уу? хичээл дээрээ байна. Дүү нь тараад залгая
- Миний дүү онгоц бүтээж нисгэх гайхалтай нэгэн болно. Өөртөө итгээрээ. Чи чадна. Би чамд итгэж байна…


Тэдэнд хэл, тэгээд итгүүл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.