Эр хүнийх нь бахархлыг “дэмжих” амин дэмүүд

15e3b7c83b191d5fd2134b6e8ab5ec41

Бидний хайрууд сексийн эрүүл мэнд гэхээр аягүй бол тасралтгүй ундрах дур хүсэл, тултал нь чангарсан хөвчрөлтийн тухай л бодох байх. Нас ахих тусмаа янз бүрийн шалтгаанаар эрэгтэйчүүдийн эмч дээр орох шаардлагатай тулгарах ч, ухаантай эхнэрүүд бидний ачаар хайрууд маань хамгийн түгээмэл өвчнүүдээсээ хамгаалагдах боломжтой. Түрүү булчирхайн хорт хавдар, үрэвсэл, бэлгийн сулрал, үргүйдэл зэрэг асуудлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд гарынхаа хоолонд бид ямар амин дэм, эрдэс бодисыг шингээж өгөх хэрэгтэй вэ?

Витамин C – Хөвчрөлтийг сайжруулна, түрүү булчирхайн үрэвслээс хамгаална
Цусны эргэлт сайн байж гэмээнэ хөвчрөлт хангалттай явагдана. “Нэн эмзэг” хэсэгт очих цусны судсууд нээгдэж, харин түүнээс гарах венийн судсууд хаагдсанаар эрхтэн чанга, хатуу, “мөддөө буухааргүй” болдог юм. Витамин C нь энэ процессыг эрүүл явагдахад нөлөөлдөг. Мөн энэ витамин нь ерөнхий дархлааг дэмжсэнээр 35-аас дээш насны эрчүүдийг түрүү булчирхайн үрэвсэлт өвчнөөс хамгаалагдахад тусалдаг. Гэхдээ өдөрт 2000 млгр-аас дээш хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Ялангуяа нимбэг, жүрж гэх мэт цитрусын төрлийн жимсүүд, чинжүүнд агуулагддаг C амин дэм нь цусны эргэлтийг сайжруулдаг.

Фолийн хүчил – Үргүйдлээс сэргийлнэ
Энэхүү нэн хэрэгцээт хүчлийн хоол хүнснээс авдаг төрлийг нь фолат гэдэг бол хүний гараар бүтсэнийг нь фолийн хүчил гэж нэрлэдэг. Төрөлтийн гажигаас урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон учир 1996 оноос хойш “АНУ-ын хоол, эмний зохицуулах хороо” фолийн хүчлийг паста, өглөөний хоол, гурил зэрэгт нэмэлтээр оруулах журам гаргасан байдаг.
Үүнээс гадна зарим судалгаагаар фолийн хүчил нь эр бэлгийн эсийн тоонд нөлөө үзүүлдэг хэмээжээ. Ялангуяа цинктэй хослуулвал эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг энэ хүчлийг вандуй, гадил, улаан лоолийн шүүснээс авч болно.

Карнитин болон Витамин E – Үргүйдлээс сэргийлнэ
Карнитин яг ч витамин биш л дээ. Гэхдээ өөхийг энерги болгон хувиргагч карнитин спермийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх чанараараа Е амин дэмээс ч илүү өндөр үр нөлөөтэй байж магадгүй хэмээн эрдэмтэн судлаачид үзээд байна. Карнитинийг эрчүүд хоол хүнснээсээ нэмэлтээр авах амин чухал шаардлагагүй. Учир нь эрчүүдийн элэг, бөөр хоёр үүнийг хангалттай хэмжээг үйлдвэрлэж чаддаг. Хэдий тийм ч карнитиний нэмэлт бэлдмэлүүд хэрэглэснээр сексийн үйл ажиллагаа, спермийн чанар хөдөлгөөнд эерэгээр нөлөөлж болно. Харин витамин E-гийн антиоксидант шинж нь дархлааг дэмжиж, цусны бүлэгнэлээс хамгаалахын сацуу давхар үргүйдлээс сэргийлдэг. Энэ амин дэм нь бүйлс, газрын самар, наранцэцгийн үрэнд их хэмжээгээр бий.

Ниасин (B3 витамин) – Бэлгийн сулралаас хамгаална
Энэ амин дэм нь сексийн гормоны үйлдвэржилтийг нэмэгдүүлж, цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт ор хөнжлийн асуудалд хэчнээн чухал болох талаар бид дээр өгүүлсэн дээ? Мөн нойрыг зохицуулж, бэлгийн сулралаас хамгаалах ач холбогдолтой. Хүрэн манжин, улаан мах, сүү зэрэг хүнсэнд ниасин хангалттай хэмжээнд агуулагддаг.

К2 витамин-Түрүү булчирхайн үрэвсэл, хавдраас сэргийлнэ
К2 витамины хорт хавдрын эсрэг үзүүлэх эерэг үйлчлэлийг олон жилийн өмнөөс баталсаар ирсэн. Элэг, уушги, хөх, ходоод, амны хөндийн зэрэг бүхий л төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бууцай, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа, буржгар байцаанд хамгийн их агуулагддаг К2 витаминыг өргөн хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Харин Витамин C, К2 хоёрыг хослуулвал түрүү булчирхайн үрэвсэл, хорт хавдраас сэргийлэхээс гадна эмчлэх ч ач холбогдолтой юм байна. Витамин К2-ын өндөр хэрэглээ нь түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийг 35 хувиар бууруулдаг аж.

Харин юу идэж болохгүй вэ?
Эхнэрүүдэд аминчлан захья. Хайртынхаа бэлгийн амьдралыг насан туршид нь хэвийн, эрүүл байлгая л гэж бодож байгаа бол хүнсний дэлгүүрт ороод шарсан төмс битгий ав. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд, түргэн хоолны өндөр хэрэглээ нь цусны эргэлт, ерөнхий дархлаанд муугаар нөлөөлж хамаг асуудлын үндсийг тавьдаг юм шүү.


Эр хүнийх нь бахархлыг “дэмжих” амин дэмүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.