Гэр бүл төлөвлөлт чамд юугаараа хэрэгтэй вэ?

familie

Ихэнх залуу бүсгүй “гэр бүл төлөвлөлт” гэдэг үгийг сонсоод нөхөртэй болсны дараа юм уу гэрлэх хүнээ олсны дараа л бодолцож үзэх ёстой зүйл гэж бодоод орхидог. Гэхдээ ганц бие бүсгүй ч өөрийнхөө хувьд гэр бүл төлөвлөлттэй байх хэрэгтэй. Харин нөхөртэй бол бүр нарийн төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг “тэгж байгаад жамаараа болох зүйл” гэж бодсоноос эсвэл энэ талаар нухацтай бодолцоогүйгээс болж л бүсгүйчүүдэд хүсээгүй зүйлс нь тохиолдож, хүсээгүй алхмаа хийцгээдэг.

Яг энэ нийтлэлийг уншсаныхаа дараа чамайг гэр бүл төлөвлөлттэй илүү ойр дотно болоосой гэж хүсч байна.

Ихэнх тохиолдолд “хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах” гэдэг үгийг “гэр бүл төлөвлөлт”-өөр орлуулж хэрэглэдэг. Гэхдээ гэр бүл төлөвлөлт гэдэг нь зөвхөн хуанли хөтлөх юм уу, бэлгэвч хэрэглэх тухай биш юм. Энэ нь биеэ эртнээс эмчид тогтмол үзүүлж, ужиг өвчнүүдээ эмчлүүлж, гишүүн нэмэгдэх үед самгардахгүйн тулд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, өөрсдийнхөө сэтгэл санааг эцэг эх болоход бэлтгэх гээд олон зүйлийг хамарсан ойлголт. Мөн хэдэн жилийн зайтайгаар хүүхдээ төрүүлэх, үүнийг нөхөр эхнэрийн ажлын онцлог, хүсэл мөрөөдөлд яаж уялдуулах тухай ч бас асуудал энд яригдана. Гэр бүл төлөвлөлтийн ач холбогдлуудад:

Ирээдүйн хүүхдийн чинь эрүүл мэнд
Хүүхэд бүр “хүссэн” байх учиртай. Дээрээс нь хүүхэд бүр эрүүл, аюулгүй, хайраар дүүрэн орчинд өсөж торних ёстой. Одоогоор жирэмсэн биш байсан ч, ирээдүйд ээж болох эмэгтэй хүн бүр бие махбодио мөн амьдралын хэв маягаа хэдэн жилийн дараа төрөх үрийнхээ төлөө бэлтгэх ёстой. Энэ бол бидний эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө хүлээх хүндэт хариуцлага юм. Насан туршийн амьдралаа холбох хүнтэйгээ учираад ямар үе шатуудыг давсны дараа хүүхэдтэй болохоо тооцоолж, түүнээс өмнө жирэмслэлтээс хамгаалах аргуудыг тогтмол хэрэглэж, биеэ бэлдсэнээр үр хөндөлт, зулбалт, төрөлтийн гажиг зэрэг олон сөрөг үр дагавраас хамгаалагдах боломжтой. Харин эдгээр сөрөг үр дагавар нь бүгд л ирээдүйд төрөх хүүхдийн чинь эрүүл мэндэд муу гэдэг нь ойлгомжтой юм.

Гэр бүлийн чинь санхүүгийн нөхцөл байдал
Хэдийгээр бид “Яг цаг нь тулвал яаж ийгээд болгож л таараа” гэж ярьдаг, үнэхээр тэгж чаддаг ч гэлээ угтаа “яаж ийгээд болгох” ёсгүй юм. Юм юмыг хүргэхийн тулд, хүн бүрт хүрэлцээхийн тулд эцэг эхэд ирдэг сэтгэлийн зовнилыг хэмжээлшгүй. Ялангуяа эхийн сэтгэл жирэмсэн үед хамгийн амгалан тайван, наад захын мөнгөний хэрэгцээнд санаа зовох шалтгаангүй байх ёстой. Мөн жирэмслэлтийн болон төрөлтийн үедээ хүссэн эрүүл мэндийн үйлчилгээгээ авч, хүүхдээ аюулгүй газарт өсгөж бойжуулахад ч санхүүгийн тогтвортой байдал, хуримтлал хэрэгтэй юм.

Гэр бүлийн чинь халуун дотно харилцаанд
Хүүхэдтэй болохоос өмнө хүнд өөрийгөө таних, хайртыгаа таних шаардлага зайлшгүй бий. Гэхдээ энэ нь бүрэн гэсэн үг биш л дээ. Ядаж л хамгийн чухал зүйлс болох үнэт зүйлс, амьдралд баримтлах зарчим, гэрлэлтийн болон хүүхдийн талаарх бодол, санхүүгийн зуршлуудаа мэдэлцэж, танилцах үе шат байх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ талаар харилцан ярилцаагүй байхдаа жирэмсэн болоод асуудалтай тулгарсан бүсгүйчүүдийн захидал манайд ямар олон ирж, сэтгэл шимшрүүлдэг гээч?

Яаж гэр бүл төлөвлөлт хийх вэ?
1. Өөрийн болон хамтрагчийнхаа одооны амьдралын хэв маягийг хүүхэдтэй болоход тохиромжтой эсэхт үнэлэлт дүгнэлт өг. Тэгснийхээ дараа амьдралын хэв маягтаа ямар өөрчлөлт хийх ёстой байгааг, үүнд хэр их хугацаа шаардагдахыг тооцоол.
2. Хамгийн оройдоо 25 насандаа хүүхдийн талаарх өөрийн байр суурийг тодорхойлсон бай.
3. Хүүхэдтэй холбоотой нэмэлт 250 гаруй төрлийн санхүүгийн хэрэгцээ үүсдэг. Тиймээс хэзээ үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаагаасаа хамааран санхүүгийн хуримтлалыг яг одоо үүсгэ.
4. Хүүхэдтэй болсны дараах амьдралыг яаж төсөөлж байгаа, ямар хүлээлттэй байгаагаа бие биедээ сайн хуваалц. Саад бэрхшээлүүдийг та хоёр яаж давах вэ? Гэр бүл зохиохдоо бэлэн болсон гэдэгтээ итгэлтэй байх сэтгэл хөдлөлийн бус шалтгаан хангалттай олон байна уу?
5. Хүүхдийн дараах карьерын асуудлыг сөх. Хэдэн жилийн дараа ажилдаа орох вэ? Хэдэн жилийн зайтай дараагийн хүүхдийг гаргах вэ гэх мэт. Хэдий одоо хэтэрхий эрт байгаа юм шиг санагдаж болох ч тодорхой ойлголттой байхгүй бол болохгүй.

Дашрамд хэлэхэд гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ – өөс хамгаалах эм хэрэгслийн тухай цогц сургалтыг Гоолингоо нь Мари Стопс ОУБ- тай хамтран зохион байгуулах гэж байна. Уулзалт, сургалтанд гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар гэр бүл төлөвлөлтийн тухай, Мари Стопс эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахэм хэрэгслийн тухай сургалт хийж, хүссэн асуултанд чинь хариулах болно. Уулзалт маань үнэ төлбөргүй ба онлайнаар бүртгэл хийж байгаа. Бүртгүүлэхийн тулд Гоолингоогийн фэйсбүүк хуудас - руу өөрийн нэр, нас, утасны дугаар болон цахим хаягаа илгээгээрэй. Бүртгэлийн тоо хязгаартай шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.


Гэр бүл төлөвлөлт чамд юугаараа хэрэгтэй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.