Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад эрдэмтэн судлаачидтай хамтарна

01-18

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийн асуудлаар ШУА-ийн харьяа, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауленбек нартай уулзлаа.

Уулзалтаар Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, зураглал, хамгааллын шинэ технологи турших, нутагшуулах судалгааны ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, санал солилцов. Цөлжилт бүхий зарим аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дахь Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Цөлжилтийн хээрийн судалгааны төвтэй танилцсаныг Н.Уртнасан сайд тодотгоод, тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Салбарын сайд цөлжилтийн асуудлыг зөв талаас нь харж, газар дээр нь ажиллаж, эрдэмтэн судлаачидтай зөвшилцөн, ул суурьтай хандаж, олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин, нөхөн сэргээлт, туршилт судалгааг салбарын харьяалал хамааралгүй дэмжин анхаарал хандуулж байгаад эрдэмтэд ихээхэн талархаж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

Газрын доройтолд нэн хүчтэй өртсөн аймгуудад ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон, цөлжилтийн төсвийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг судалгаагаар тогтоосон. Одоо зарцуулж байгаа төсөв, цөлжилттэй тэмцэх шаардлагатай ажлын нийт зардлын 5 хувьд ч хүрэхгүй байгааг Н.Уртнасан сайд онцлоод, ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгахаар боловсруулж байгаа тул эрдэмтэн, судлаачид саналаа боловсруулан өгөхийг хүссэн юм.

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сум, Дархан-Уул аймгийн Орхон, Төв аймгийн Лүн суманд байгуулсан цөлжилтийн хээрийн судалгааны төвийн ажлын явц, үр дүнгийн талаар доктор Д.Баттогтох танилцуулаад, БНХАУ-тай цөлжилтийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн. Туршилт судалгааг жижиг талбайд нэлээн хийсэн нь амжилттай болсон. Гэвч шинжлэх ухаан, судалгаанд хангалттай төсөв олгодоггүй. Жилийн 20 сая төгрөгийн төсөв нь хүрэлцдэггүй гэдгийг учирлаад, хамтран ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг дээрх хээрийн судалгааны төвд ирж үйл ажиллагаатай биечлэн танилцахыг хүслээ.

Ингээд цаашид хамтран ажиллах, 2022 оны төсвийн төсөлд санал өгөхөөр болжээ.

6132ec8f18aad-300x283 Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад эрдэмтэн судлаачидтай хамтарна


Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад эрдэмтэн судлаачидтай хамтарна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.