Х.Болор-Эрдэнэ
Түүнийг дуулахад би заримдаа даруйхан болихыг шаарддаг юм. Гэсэн ч тэр сэтгэл нь хөдлөхөөрөө улам чангаар дуулж гардаг. Нүдэнд нь ер бусын гэрэл цацарсан түүний дуулах хэмнэл бидний сонсож дассан манай гаригийн ямар ч аялгуутай адилгүй. Тиймээс л би түүнд заримдаа дуулахаа болих хэрэгтэйг нь сануулдаг. Гэхдээ тэр дуулж байхдаа дэндүү аз жаргалтай байх юм.
Тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэгч ямар ч мэргэжлийн дуучинд бүрэн бий болж чадаагүй чин сэтгэлийг түүнийг дуулж байх мөчид нь олж харж болно.
“Чи энэ дууг мэдэх үү?” гээд аялах бүрт нь би янз бүрийн ая аялгууг эрж хайх хэрэгтэй болдог.
-“Энэ үү?”. Тэр “Үгүй” гэлээ.
-“Эсвэл энэ юм уу?”. Тэр мөн толгой сэгсэрнэ.
-“Аан, энэ үү?”. Тэр “Биш ээ…” гэж хариулаад өнөөх л замбараагүй ая дангаа дахин чангаар орилж гарна. Хурдхан дуугүй болгохын тулд би түүний хайсан аялгууг хичээнгүйлэн эрэлцэнэ. Бид яаж ч хичээгээд түүний хайсан дууг олж чаддаггүй юм. Тиймээс л “Тэр бид хоёрын дунд ямар нэг эгшиг аялгууны орчуулагч байдагсан бол” гэж бодох үе цөөнгүй. Гэсэн ч тэр дуугаа уйгагүй аялан хөгжилтэйгээр нааш цааш холхих нь сонор чилээж, нүд эрээлжлүүлэн үргэлжилсээр л…
Хэзээ ч шүлэг бичдэггүй намайг тэр “Яруу найрагч” гэж байнга л магтана. Нэг ч шүлэггүй найрагч байдаг гэж би дуулаагүй. Гэсэн ч тэрний хувьд би яруу найрагчаараа л үлдсэн. Яагаад гэдгийг харин тэр л өөрөө мэдэх биз.
Хөлөөрөө газар бөмбөрдөн огт хэмнэлгүй аязыг товшлонгоо хөгжилтэйгээр дуулах түүний хөг аялгууг би саяхнаас л хүлцэж чаддаг болсон юм. Хэзээ ч найр наадамд, надаас өөр бусдын дэргэд тэр ийн дуулдаггүйг нь анзаарсан. Би түүний хувьд хамгийн том нууцаа дэлгэж чадах чухал хүн мөн учраас л тэр зөвхөн миний хажууд ийнхүү чангаар дуулдаг аж.
Гайхалтай эв дүйгүй, цочмоор утга уянгагүй тэрний дуулах дуунаас би танидаг аялгуунуудаа огт олж байгаагүй ч гэлээ энэ л агшинд нь түүнтэй хамт байгаадаа баяртай байх болж. Яагаад гэвэл би түүний дуулахыг сонсох бүртээ түүн шиг жаргалтай байгаагаа мэдэрч, яг түүнийх шиг хэмнэлгүй, хэлбэр дүрсгүйгээр дуулах эрх чөлөөг сэтгэлдээ төсөөлж, бас инээмсэглэж чадаж байлаа.
Дуучин маань яг энэ мөчид салхивчаар толгойгоо цухуйлгаж зогсонгоо анх удаа гадаад ертөнцөд зориулан ер бусын солгой хоолойгоор дээврийн бүх тагтааг үргэтэл дуулж байна. Түүний сэтгэлээс ундран гарах аялгууг таамаглахад бэрх ч гэлээ би жаргалтайгаар мишээж байлаа. Тэр жинхэнэ дуучин юм байна. Яагаад намайг “яруу найрагч” гэдгийнх нь учрыг би олчих шиг боллоо.