The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий

Шинэ төрх, шинэлэг имижийг бүрдүүлж, урлагт “цус сэлбэж” буй охидын хамтлаг бол The wasabies юм. Анх “Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан тус хамтлаг гурван жилийн турш өнгөлөг, шинэлэг уран бүтээлээр үзэгч, сонсогчдодоо бэлэг барьсаар ирсэн.

“Оддын академи” шоунаас таван хүний бүрэлдэхүүнтэй мэндэлж байсан уг хамтлаг саяхан гишүүдээ сэлгэж, багагүй шуугиан тарьсан. Тодруулбал, ууган гишүүн болох Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл нар хувийн шалтгаанаар хамтлагаа орхиж, тэдний үүргийг өөр охид гүйцэтгэж эхэлсэн нь үзэгч, сонсогчдод нь шинэлэг, содон мэдээ байв.

Шинэхэн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа үлгэлжлүүлж буй “The Wasabies”-ын охидтой ярилцлаа.

- Сүүлийн үеийн сонин сайхнаас нь яриагаа эхэлье. Хамтлагийн гишүүдээ сэлгээд, шинэ уран бүтээлээ цацаад, их л завгүй байх шиг анзаарагдсан?

-Буяка: Манай хамтлаг саяхан “Girlfriend” гээд шинэ дуугаа цацсан. Энэ дуу бол бидний шинэ бүрэлдэхүүнээрээ гаргаасан анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Хоёр гишүүн маань хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан. Тиймээс бид уран бүтээлчдийн судалгаа хийж, шалгаруулалт явуулаад шинэ гишүүдээ элсүүлсэн.

The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий

-Ууган гишүүд хамтлагаасаа гарна гэдэг мэдээ багагүй цохилт болсон байх. Хэрхэн хүлээж авсан бэ?

Буяка: Хэрэгжүүлж байсан төслөө дуусгаад, хамтлагаасаа гарна гэдгийг нь мэдэж байсан ч яг тулсан чинь хүнд юм билээ. Уйлж, сэтгэлээр унах ч үе байсан. Гэхдээ тэр орон зайг нөхөөд, хамтдаа зүтгэх, хөдөлмөрлөх хүмүүс ороод ирсэн болохоор сэтгэлд өег байна. Хамтлагаас гарсан хоёр гишүүн маань Wasabies-ийн түүхийг хамт бичилцсэн. Бид одоо ч гэсэн холбоотой байдаг.

Анужин: Хамтлагийн гишүүд гарсан чинь сэтгэлд хоосон оргиод, амаргүй байсан. Хамтдаа олон жилийг туулсан болохоор найзууд болчихсон байсан л даа. Гэхдээ хамтлагаас гарлаа гээд харилцаа дуусчихгүй. Бид одоо ч найзуудын харилцаатай байдаг. Хамтлагийн гишүүд гарсан амаргүй үед шинэ гишүүд маань орж ирсэн учир үнэхээр түшигтэй санагдсан. Урам зоригоор дүүрэн, хамтдаа олон зүйлийг бүтээх чин хүсэлтэй охид манай хамтлагт нэгдсэн.

The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий

-Урлаг, ялангуяа хамтлаг, продакшн хатуу дүрэм, журамтай байдаг байх. Хамтлагийн гишүүн байна гэдэг өндөр үүрэг хариуцлага үүрдэг байж таарна?

Анужин: Нэгэнт урлагийн замыг сонгоод, хамтлагт орсон бол гэрээ, дүрэм, журамд захирагдана. Тиймээс чөлөөт уран бүтээлчид шиг дураараа байж болохгүй л дээ. Ийм учраас яг энд өөрийн авьяас чадвар, хөдөлмөр зэрэг бүх зүйлээ зориулна гэсэн ухамсар, хариуцлагатайгаар энэ замыг сонгох хэрэгтэй. Ингэснээр хамтлаг урт настай байна гэж боддог.

- “The wasabies” хамтлагт шинэ гишүүнээр элссэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Хэдийн өөрийн гэсэн үзэгч, сонсогчтой болчихсон хамтлаг учир фенүүд нь хүлээж авахгүй байх гэх айдас байсан болов уу?

-Винди: Өмнө нь The wasabies-ийн дууг сонсдог байсан ч энэ хамталгийн гишүүн болно гэж зүүдэлж ч байгаагүй. Хамтлагийн гишүүн болсны дараа бага зэрэг эргэлзээтэй, айдастай үе байсан. Хэдийн хүмүүст танигдчихсан хамтлаг учраас гишүүд нь солигдоод, шинэ охид гараад ирэхээр дэмжигчид нь сөргөөр хүлээж авах болов уу гэж айсан хэрэг л дээ. Гэхдээ дуу цацагдасны дараа хүмүүс эергээр хүлээж учир урам зориг орсон. Мөн Буяка, Анука хоёр биднийг сэтгэл зүйгээр дасгалжуулдаг байсан учир илүү хүчтэй, итгэлтэй байсан болов уу.

The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий

-Жасмин: Хамтлагийн гишүүн болох шийдвэр надаас маш их зориг шаардсан. Учир нь байгуулагдаад гурван жил болчихсон, олон дэмжигчтэй хамтлагийн шинэ гишүүн болно гэхээр айдастай санагддаг юм билээ. Гэхдээ Wasabies-ийн дотоод уур амьсгал маш их таалагдсан учир ямар асуудлыг даваад гарах итгэлтэй байсан.

The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий

-“The wasabies”-ийн бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог юу вэ?

Буяка: Манай хамтлаг “Leto music”-д харьяалагддаг учир компанийн журмаар үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдийнхөө хүслээр нэгдээд уран бүтээл хийж байгаа бус компанийн системээр ажилладаг болохоор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа байх. Бид урт настай уран бүтээл гаргахыг зорьдог. Үүний тулд үзүүлбэрээ төгс гүйцэтгэхийг хичээж ажилладаг. Гэхдээ хүмүүст харагдаж байгаа нь дөрвөн охин болохоос ард нь маш том баг ажилладаг. Хүмүүсийн нүдэн дээр зөвхөн өнгөц зүйл нь л харагддаг. Гоё, ганган, чамин, гуалиг биетэй сайхан хоолойтой охид л харагддаг. Гэтэл түүний цаана хэчнээн хүн ажиллаж, хэдэн шөнө нойргүй хонож, ямар их ажил болж байгаа нь харагддаггүй.

-Винди: Манай продюсер Наранзун ах залуусын сонирхол, цаг үеийн эрэлтийг маш сайн мэдэрч чаддаг юм билээ. Тиймээс энэ хамтлаг амжилттай яваа байх гэж бодсон.

-Сүүлийн үеийн уран бүтээлчид гаднын зах зээлд хүч үзэж, олон улсад танигдахыг зорих болсон.  Wasabies ч гэсэн олон улсын тавцанд гарах хүсэлтэй болов уу?

Анужин: Биднийг дэмждэг гадаад фенүүд байдгийг анзаарсан. Тиймээс тэдгээр сонсогчдод дуугаа хүргэхийг зорьдог.

Буяка: Wasabies анх байгуулагдаж байхдаа л олон улсад, онлайн орчинд монгол улсын залуусыг таниулах, сурталчилахыг зорьсон. Бүгд нэг хэлээр ойлголцож чадахгүй ч дуу, хөгжмөөр харилцах, ойлголцох боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд байгаа. Тэр зорилгынхоо төлөө одоо ч гэсэн хөдөлмөрлөсөөр л байна.

The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий


The Wasabies: Хамтлагаа гаднынханд таниулах, улсаа сурталчлах амбиц бидэнд бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.