Марго Робби: Тарантино намайг сонирхсон нь гайхамшигт тохиолдлын үр дүн

712-16323606051480400001-1024x684

Саяхан тэрбээр “Холливудын карьерын оргилд хүрсэн” гэж хэлэн олныг гайхшруулсан. Хэн 31 насандаа тэгж хэлж зориглох билээ. Найман жилийн өмнө Скорсезегийн киноны гол дүрд тоглож Холливудад орж ирсэн Австрали бүсгүй ингэж хэлж чадах байх. Энэ хугацаанд Марго алдартай супер од болоод зогсохгүй, нөхөр найзуудтайгаа нийлэн амжилттай продюссерын компани байгуулжээ.

-Та саяхан Холливудын карьерын оргилд хүрсэн гэж хэлэн олныг гайхшруулсан. Энэ юу гэсэн үг вэ?
-Миний хэл миний дайсан. Би өндөрлөгт хүрчихээд доошоо алгуурхан бууж байх вий гэхээс айдаг. Би үнэхээр өөр илүү мундаг зүйл дахин хийж чадахгүй бол яах вэ. Би өөртөө их нөөц мэдэрч байгаа болохоор үүнд чинь санаа зовж байна. Хамтарч ажиллахыг хүсэж байгаа олон найруулагч бий. Тэгээд бодож байгаад “Би боломжоороо дээшээ удаанаар мөлхөх болно” гэж.
-Таны карьер удаан үргэлжилнэ гэж найдаж байна. Та өөрийн алдарт дүр Харли Квиннээ дахин тоглосон. “Suicide Squade” киноны үргэлжлэл саяхан дэлгэцнээ гарсан?
-Би гурав дахь удаагаа тоглож байгаа. Цаашид ч дуртайяа тоглоно. Энэ удаа миний Харли өөрийг нь Жокертой холбож байсан бүх холбоог тасалж, биеэ даасан. Дахин түүний талаар бодохгүй байх шиг байна лээ. Өмнөх хоёр ангид тэрбээр Жокертой их холбоотой, мартаж чадахгүй байсан. Энэ удаа шинэ хайр хайх адал явдалд бэлэн. Би үүнд баяртай байгаа. Анхандаа тэр Жокерын найз бүсгүй гэсэн туслах дүр байсан. Олны хайр хүндэтгэлийн ачаар тэр гол дүр болж хувирсан. Сэтгэл зүй, карьерын хувьд өссөн гэж хэлж болно.
-Та Холливудын алдартай одуудтай ажиллаад амжсан. Леонарда Ди Каприо, Брэд Питт, Тарантино, Скорсезе, Николь Кидман. Бүгдийг нь нэрлээд дуусахгүй?
-Брэд Питтэй тоглох ямар байсан гэж надаас их асуудаг. Би зураг авалтын баг гэж олон хүнтэй хамтарч ажилласан. Би ийм асуултыг ойлгодоггүй. Ямар ч кино багийн бүтээл. Би зураг авалтын үеэр супер хөгжилтэй байхыг хичээдэг, болохгүй үед намайг багийхан дэмждэг.
-Таньд чадахгүй үе байх уу, орлон тоглогч авдаггүй биз дээ?
-Олон ажил зэрэг хийгээд ядрах өдөр байна. Нэг тулаант зураг авалтын үеэр би унтсан байсан. Хамт ажиллагсад минь намайг ядарсан байгааг хараад их хамгаалж, бөөцийлсөн. Би тэдэнд итгэдэг. Заримдаа толгой их өвдөнө. Найман настайгаас эхлээд нүдний ар руу их хүчтэй өвддөг болсон. Урьдчилж тааж хэлэхийн аргагүй, зураг авалттай таарвал хамтын хүчээр бүгд тэмцдэг. Би эмээ уучихаад, хав харанхуйд нүүрээ будуулж суудаг. Яагаад гэвэл гэрэл гаргавал аймаар хүчтэй өвдөөд, би бараг сохрох дөхдөг.
-Ажлын хэт ачааллаас болдог юм болов уу. Таны ажил сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хэцүү шүү дээ?
-Тийм ээ, кино зохиол, уулзалт, санаа зовинол. Яаж бүгдийг нь амжуулах вэ гээд л сууж байна. Хажуугаар нь цаг уурын өөрчлөлтийн талаар долоон жилийн өмнө юу ярьж, хийсэн билээ гэж бодно. Тэгээд маргааш юу хийж амжих вэ гэдгээ бичдэг болсон.
-Бусад жүжигчин таньд итгэдэг. 2020 онд Брэд Питт Английн кино урлагийн дээд шагнал авахдаа таныг өөрийнхөө өмнөөс итгэмжилж явуулсан?
-Урьд өдөр нь Брэд над руу утасдаад чадах уу гэж асуусан. Гэр бүлийн асуудлаас болж тэр Лондонд ирж амжихгүй байсан юм. (Брэдийн охин Шайло, Захара нар хагалгаанд орсон). Би зөвшөөрсөн. Гэхдээ аймаар сандарсан. Би өөрөө шагнал авбал юу гэж хэлэх билээ гэдэг үгээ ч бэлдэж чадаагүй. Би тэр үед хоёр ч киногоороо нэр дэвшиж байсан. Өөрийгөө хожихгүй байх гэж их найдаж байсан, учир нь хэлэх үгээ бэлдээгүй юм чинь. Нээрээ л хожоогүй. Брэд шагнал аваад, би өөрөө юу ч аваагүй. (инээв)
-Та яаж Тарантиногийн сонирхлыг татсан бэ. Тэр жүжигчид сонгохдоо их шалгуур өндөртэй байдаг. Жүжигчид түүнтэй ажиллахыг мөрөөддөг?
-Би ч бас мөрөөдөж байсан. Түүнд захиа бичсэн. Гараараа, компьютерээр биш. Би таньтай хамтарч ажиллахдаа таатай байх болно гэснээс өөр анхаарал татахаар юм байгаагүй. Тарантино яг энэ үед “Америкт нэгэн удаагаа” бичиж дуусгаж байсан байна лээ. Найзууд нь түүнд Шайн Тейтийн дүрд Марго Роббиг дуудахгүй юм уу гэж байтал яг надаас захиа очоод. Энэ гайхалтай давхцал түүний сонирхлыг татаж. Тэр миний тоглосон “Тоня бүхний эсрэг” киног үзээд намайг гэртээ урьсан. Тэдний гал тогоонд би дөрвөн цаг зохиолыг уншсан. Квентин үе үе орж ирээд австрали шар айраг, хоол санал болгож байлаа. Их зочломтгой. Тэгж л би энэ кинонд тоглосон доо. Хажуугаар нь би бас их тэвчээргүй. Ямар нэгэн юмыг үнэхээр хүсвэл зүгээр суугаад хүлээгээд байж чаддаггүй. Би бүтээхийн тулд хичээнэ. Би одоо ч жүжигчид, найруулагчдад захиа бичдэг. Өөрийнхөө кинонд тоглуулахыг хүссэн бүх хүндээ. Энэ арга ихэнхдээ хэрэг болдог.
-Захиа бичнэ гэдэг том арга байна. Та 23 насандаа Австралиас ирээд шууд Ди Каприотой хамт гол дүрд тоглоно гэдэг үнэхээр ховор тохиолдол?
-Тэр тусмаа Скорсезе дуртай шаргал үстэй жүжигчин бүсгүйг энэ дүрд авч чадах байсан. Би хэдхэн хормын дотор шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Ди Каприотой пробод орж байхдаа толгойдоо одоо нэг минут, дахин хагас минут, тэгээд би эндээс яваад дахин хэзээ ч эргэж ирэхгүй гэж бодож байлаа. Үнэхээр хүний ой тойнд үлдэхээр зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Ийм боломж амьдралд нэг л олдоно шүү дээ гэж бодоод Лео руу аймаар чанга хашгирч, загнаж эхэлсэн. Нөгөөх чинь барьц алдахгүй өөдөөс бас хашгичиж байна. Хөндлөнгөөс харвал аймшигтай. Тэр хэнийг ч айлгаж чадна. Энэ чинь Лео шүү дээ. Тэгсэн өөдөөс “Чи над шиг нөхөртэйдөө баярлах хэрэгтэй, ирээд намайг үнс” гэж байна. Зохиол дээрээ тэгээд биччихсэн байсан. Би бодлоо дахин хэзээ Леотой үнсэлцэх боломж гарах вэ. Үнсчихдэг юм бил үү гэж. Тэгсэн гэнэт би тас хийтэл түүнийг алгадчихсан. Бас араас нь хараал урсгасан. Эргэн тойронд нам гүм. Би ч бас хөшчихөв. Зохиол дээрээ тийм зүйл байгаагүй. Дараа нь Скорсезе надад тайлбарлахдаа “Боксын тамирчин шиг. Шууд өрсөлдөгчөө бариад авсан нь түүнд таалагдсан” гэсэн.
-Бизнес таашаал хоёрыг хольж болохгүй гэсэн яриа байдаг. Харин та үүнийг үгүйсгэхээр шийдэж. Таны нөхөр Том та хоёр хамтын продюссерын компанитай байх аа?
-Дотны найзууд яах вэ. Тэднийг битгий мартаарай. Бид дөрвүүлээ. Биднийг нэг бус удаа ажил, найз нөхөрлөлөө холиод хэрэггүй гэж сануулж байсан. Гэхдээ би нөхөртэйгөө ажиллах дуртай. Хэзээ дуртай цагтаа ажлаа ярьчихдаг. Манай нөхөр бид хоёр таарамж сайтай. Хамт амьдарч байж хоорондоо тохиролцож чадахгүй байна гэдэг инээдтэй.
-Таны компани байгуулах, нөхөрт гарах чинь зэрэг болсон уу?
-2014 онд би “Уолл сритийн чоно” киноны нээлтийн үеэр Лондонд болсон явдал. Би киноны нээлтэд Том, Жози нарыг урьсан байсан. “Уолл стритийн чоно”-оос нэг жилийн  өмнө “Suite Fransaice” кинон дээр хамтарч ажилласан. Тодорхойгүй шалтгааны улмаас энэ кино сүүлд нь гарсан юм. Кино нээлтийн дараа бид үүр цайтал буудалд баяраа тэмдэглэсэн. Өглөө нь би эрт босоод Лос-Анжелес руу “Алтан бөмбөрцөг” наадамд оролцохоор онгоцоор явах байсан. Явахыг хүсэхгүй байсан учраас би “Бүгдээрээ хамт амьдардаг байсан бол ямар гоё вэ” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Лондонд байр түрээслэх гэрээнд хамт гарын үсгээ зурцгаасан. Тэр байрандаа тэр жилдээ хамтын продюссерын компаниа байгуулж байлаа. Тун удалгүй Том бид хоёр гэрлэсэн. Гэхдээ бүгд хамтдаа нэг байранд амьдарсаар байлаа. Сүүлдээ хамтрагч маань бид хоёрыг гэр бүл болсон юм чинь та хоёр өөрийн орон гэртээ бол гэж хөөсөн. Гэхдээ би тэр цаг үеийг их санадаг. Бид Лос-Анжелест ирж байр авч төвхнөхөд миний дүү, манай үеэл нөхөртэйгөө ирж хамт амьдарч байгаа. Гэрт хоосон, хэн ч байхгүй байхад би дургүй. Би жижиг байранд хоёр дүү, эгчтэйгээ өссөн болоод ч тэр үү мэдэхгүй. Намайг жаахан байхад аав минь биднийг хаяад явсан юм. Гэхдээ би энэ сэдвээр ярих дургүй. Учир нь аав муу хүн болж сонсогдоод байдаг юм. Ээж аав хоёр зүгээр л салсан.
-10 жил хүрэхгүй хугацаанд Холливудад ингэж амжилт гаргадаг хүн цөөхөн?
-Би хүлээж чаддаггүй гэж хэлээ биз дээ. Намайг сургуулиа төгсөхөд бүгд хуулийн дээд сургуульд ор гэж ятгаж байлаа. Гэхдээ би ээжийгээ хараад залуу насаа уйтгартай өнгөрөөснийг нь бодохоор өрөвддөг. Ямар ч адал явдал байхгүй, бөөн хариуцлага. Би тэгж олоогүй мөнгөө үрэхийг хүсээгүй. Сургалтын төлбөрөө зээлж төлчихөөд дараа нь насан туршдаа тэрийг төлж амьдрах уу. Мельбурнд ирээд алдартай “Хөршүүд” шоунд захиа бичсэн. Бараг 30 гаруй жил гарч байгаа шоу. Энэ шоунаас төрж гарсан одууд зөндөө. Хоёр жилийн дараа гэрээгээ сунгахгүй гээд Америк явж байлаа. Заавал олон нийтийн үзэл бодлыг дагах ёстой юу.
-Тиймээс л та амжилтад хүрсэн байх. Энэ жил шилдэг кино зохиолын Оскарыг “Promosing young woman” кино авсан. Та продюссераар нь ажиллачихаад яагаад гол дүрд нь Кэри Маллиган тоглосон юм бэ. Хөөрхий Кэриг тантай хэчнээн зүйрлэв. Тань шиг дур булаам биш байна гээд. Зохиолоороо бол эрчүүдийг сайн урхидаж чаддаг бүсгүйн дүр байсан?
-Би энэ тухай бодсон. Би өөрөө тогловол дэндүү илт болно гэж бодсон. Кэри сайн жүжигчин. Надад секс бөмбөг гэх мэтийн нэр цол өгөхөд би дургүй. Би тэс өөр байж чадна гэдгээ нотолмоор байна. Кэри ч бас нэгэн ижил дүрд тоглохоосоо залхдаг. Зөвхөн би гол дүрд нь тоглох гэж продюссерын компани байгуулаагүй. Бид эмэгтэй найрулагч, зохиолч, жүжигчдэд боломж олгох хүсэлтэй.
сонин mn
-Та өөрөө продюссерлаж гол дүрд нь тоглох “Барби” киноны хувьд юу гэж хэлэх вэ. Марго Робби угаасаа Барби шиг гэж хэлүүлэхээсээ айхгүй байна уу?
-Энэ тухай яриа болно гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ бид та нарыг гайхшруулах түүх зохиосон байгаа. Найруулагчаар Грета Гервиг, зохиолыг Ноа Баумбах бичсэн. Энэ хүмүүс тийм амархан шийдэл хайдагггүй. Тэгэхээр бодож байгаагаас тэс өөр зүйл болно. Одоо кино урлагт бүгдийг орвонгоор нь эргүүлж тоглодог болж. Гэхдээ үзэгчдийг тэр бүр гайхшруулж чаддаггүй, бид чадна гэж бодож байна.
-Таныг хэзээнээс продюссерын хувьд хүлээн зөвшөөрөх болсон бэ?
-Бидний анхны кино “Тоня бүгдийн эсрэг” гарсны дараа. Энэ киног бүх шагналд нэр дэвшүүлсэн. Тэр дундаа Оскарт. Миний Тони баатрын ээжийн дүрд тоглосон гайхалтай Эллисон Женни “Оскар” авсан.
-Та өөрийн компаниас гадна өөр кинонуудад их тоглодог. Таныг кинондоо тоглуулахын тулд заавал танай компаниар дамжих албагүй юм байна тийм үү?
-Мэдээж үгүй. Манайхаас өөр компанийн кинонд би дуртайяа тоглодог. Толгойны өвчин багатай байдаг. Эхлээд шууд автоматаар амжих болов уу, яах бол гэж санаа зовдог. Дараа нь өө энэ чинь надад хамаагүй шүү дээ гээд тайвширдаг. Манай компанийн хувьд бүх ажилд гар бие оролцдог. Зүгээр нэг нэрээ өгчихөөд хараад сууж байдаггүй. Бидэнд хийх ажил хангалттай байгаа.
-Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Амрах шаардлагатай бол очдог нэг нууц газар бий. Европод, гэхдээ хаана гэдгээ хэлэхгүй, нууц. Тэнд би модон дээрх байшинтай, хэдэн цагаар тэндээ суудаг. Гэхдээ амбиц ихтэй болохоор удаан тэгж сууж чадахгүй. Найруулагч хийж үзмээр байгаа. Кино зохиол ч бичмээр байна. Сүүлийн хэдэн жил нэг сэдэв толгойд эргэлдээд байгаа, суугаад бичих л дутуу.
-Австралийн жижигхэн Квинслэнд хотоос гаралтай та Холливудын чамин дэгжин амьдралд хэр дасаж байна?
-Миний хот Майами шиг. Далай, серфинг, олон суваг. Гэхдээ би Холливудын үдэшлэгт дуртай. Гэхдээ бүхнээс илүү зураг авалтын талбайд байх дуртай. 20 хоног дараалан бохир газар, хөлс цусаа урсгах сайхан байдаг. Оройдоо ажлынхантайгаа паб орж жаахан ууж, дүрсгүйтээд л. Мэдээж би дасгал хөдөлгөөн хийдэг. Ялангуяа, зураг авалтын өмнө. Хоолны дэглэм ч барина. Австралид бол өдөржин серфээр гулгаад, оройдоо дуртай зүйлээ иддэг. Энд бол тэгж болохгүй. Би маханд дуртай. Мөн шарсан төмс, шар айраг, бургер, шоколад, вафли. Өөрийгөө хоолоор хязгаарлах дургүй. Өдөр бүр зөвхөн зууш идээд, ус уугаад байж чаддаггүй. Ямар ч тохиолдолд 1-2 хундага улаан дарс ууна. Турах шаардлагатай бол гурав хоногийн өмнөөс дан луувангийн дэглэм барьдаг. Нэг туйлшралыг нөгөөгөөр сольж байна гэсэн үг.
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Марго Робби: Тарантино намайг сонирхсон нь гайхамшигт тохиолдлын үр дүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.