
KPop буюу Өмнөд Солонгосын поп урсгалын төлөөлөл дэлхий даяар шуугиулж буйн нэг эд эс нь, гэхдээ онцгой нь PSY байсан учраас тэр. “Big bang”, “2NE1”, “Girls’ Generation” хамтлаг Жакартагаас Нью-Йорк хүртэл дэлхийн томоохон хотуудаар аялан тоглолт хийж, энэ бүрт цэнгэлдэх хүрээлэн дүүрэн суудалтай байдагт дэлхийн хөгжмийн хорхойтнууд, ялангуяа залуус хэдийнэ дасал болжээ.
Дорнын аялгуу нь уянгадаа байдаг бол K-Pop бид америк попоос нэг их дутахгүй шүү гэж ойлгохыг тулган шаардаж буй. “Gangnam style” дуу өнгөрсөн долоо хоногт “Билл боард”- ын шилдэг дууны жагсаалтын 11 дүгээрт, “Social 50 chart”, “iTunes chart”-ын тэргүүнд, “UK chart”-ын гуравдугаарт бичигдэж буйг зөвхөн PSY-д ашигтай байдлаар харж боломгүй. Үүнийг харин K-Popыг дэлхийн энд хүргэх гүүр боллоо хэмээн үзвэл зохилтой. БНСУ-ын хөгжмийн зах зээл АНУ, Их Британи, Канад зэрэг орны дараа дэлхийд 11 дүгээрт жагсах хүртлээ урагшилсны нууц юунд байна аа? 1990-ээд оны дундуур БНСУ-ын энтертаймент компаниуд Азийн зах зээлийг эзэгнэх зорилгоор бүжгийн эвсэлтэй, хөөрхөн царайтай, эвлэг хоолойтой, стильтэй хувцасладаг залуусыг бэлтгэж эхэлжээ. Гэвч 2000 он гарсаар тэд зорилгоо давуулан биелүүлж, Европ, Америкийн зах зээл рүү хүч түрсэн юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Парист болсон “K-Pop” дуучдын шоуны тасалбар минутын дотор 14000 хувь борлогдон, шуугиан тарьж байлаа. “K-Pop” стилийн дуунуудын дахилт сэлт нь л англиар байхаас биш, бүхэлдээ солонгос хэлээр буй. Гэвч уг урсгалд дурлагчид дуучдын цусгүй мэт цагаан царай, этгээд хувцаслалт, өвөрмөц бүжгийн хэмнэл зэргийг хоолойн цар хүрээнээс илүүд үздэг учраас үг хэллэгийг ойлгох эсэх нь тийм ч чухал биш хэмээн “Time” сэтгүүлд бичжээ. Одоогоос арван жилийн өмнө та “Galaxy” ухаалаг гар утаснаасаа эл нийтлэлийг уншиж, “Hyundai” машинд явахдаа “K-Pop” хөгжим сонсох магадлал бага байв. Учир нь тэр үед БНСУ-ын хөгжмийн зах зээл Азийн бусад орныхтой адил орон нутгийн шинж чанартай л байлаа. Тухайн үед “J-Pop” (Япон поп), “Canto-Pop” (Хонконг поп) ч дэлхий нийтийн хүртээл болж чадаагүй байсан юм.
“K-Pop” урсгал дэлхийн нийтийнх болоход өмнөд солонгосчууд (50 сая)-ын өөрсдийнх нь хувь нэмэр их. Тэд Кэти Пэрри, “Kings of Leon”, “One Direction”, Адель зэрэг АНУ, Их Британиас гаралтай дэлхийн хэмжээний одуудаас илүү өөрсдийн попд үнэнч байж ирсэн. Улмаар “Youtube” дэх хандалт нь их учраас хүмүүс өөрийн эрхгүй сонирхож үздэг болов.
Поп дива Бейонсегийн алдарт “Listen” дууны клипийг “Youtube”- ээр ердөө 10.8 сая хүн үзсэн байхад “Big Bang”-ийн “Haru Haru” дууны клипний хандалт 30.7 сая хүрснээр үүнийг баталж болно. Үүний хүчинд өнгөрсөн онд л гэхэд “K-Pop” стилийн дууг “Youtube” цахим хуудсаар дэлхийн 235 улсын иргэд давхардсан тоогоор 2.3 тэрбум удаа үзсэн гэх тоо баримт бий.
Өдгөө “K-Pop” стилийн дуу хөгжим БНСУ-ын экспортын гол “бараа” болоод байна. “Time” сэтгүүлд БНСУ-ын хөгжмийн зах зээл өнгөрсөн онд улсынхаа нийт экспортод 83.3 сая ам.долларын ашиг оруулсан аж. 2005 онд дэлхийн хөгжмийн зах зээлийн рейтинг нь 33 дугаарт байсан бол, өнгөрсөн онд 11 болтлоо өссөн учраас цаашид эдийн засагтаа дээрхээс хэд дахин илүүг оруулах боломж бий. “Би чадварлаг дуучин гарч ирэхийг хүлээдэггүй. Харин тэднийг бүтээдэг юм” хэмээн “CJ Entertainment & Media” компанийн дэд ерөнхийлөгч Жун Ан ярьжээ. Тэр үнэн хэлсэн. “Америкийн шүтээн” дууны тэмцээнтэй төстэй БНСУ-ын “Superstar K” шоуны шалгаруулалтад энэ онд хоёр сая гаруй хүн оролцсон байна. Энэ тэмцээнд оролцох нь “KPop” од болох эхний гараа болдог ажээ. 1990-ээд оноос Солонгосын савангийн дууриуд Азийн үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн байна. Энэ нь тус тив дэх БНСУ-ын нэр хүндийг өндөрт өргөж, улмаар экспортын орлого нь өсөж, эдийн засагт нь багагүй хувь нэмэр оруулдаг. Гэвч савангийн дууриуд нь Баруунд алдарт хүрч чадаагүй. Үүнийг орчуулгын алдаа, соёлын ялгаатай холбон үздэг. Тэгвэл дуу, хөгжмийг орчуулах шаардлага гардаггүй учраас БНСУ-ын урлагийн ертөнцийн хоёр дахь тэсрэлт ийнхүү байндаа тусаж буй юм.
K-Pop анх дэлгэрэх үедээ солонгосоор л дуулдаг болохоос биш хэлбэр загвар, стилийн хувьд америкжуу байсанд олон хүн дургүйлхдэг байв. Солонгос үндэсний гэх нэг ч зүйл үүнд тусаагүй байснаас тэр. Тэгвэл өнөө цагийн “KPop” эрс өөрчлөгдөж байна. Гэхдээ муугаас бүр муу руу. Хамтлаг, дуучид нь эх хэлээрээ биш, англиар дуулдаг болж эхэлжээ.
Солонгос хүн дуулж буй нь л үнэн боловч бусдаар англи, америк уран бүтээлчдээс ялгарах зүйлгүй болж байгаа нь энэ. “K-Pop” нэгэнт дэлхийн нийтийн сонирхлыг татаж эхэлсэн учраас Will.i.Am, Свизз Битз зэрэг Америкийн алдартай продюсерууд тэдэнтэй гэрээ байгуулж эхэлжээ. Түүнчлэн “2NE1”, “Girls’ Generation”, “Wonder girls” гэх Солонгосын шилдэг охидын хамтлаг ирэх өвөл англи хэл дээрх дуунаас бүрдсэн дебют цомог гаргахаар зэхэж байгаа аж.
Хөгжим хүчирхэг урлаг учраас K-Pop-ын давалгаа дэлхийн залуусын Өмнөд Солонгосын тухай бодлыг өөрчилж, улмаар тус улс руу жуулчдыг ихээр татах болсон гэнэ. “Солонгос үндэстний тухай хоёр зүйл олон хүний сонирхлыг татдаг. Эхнийх нь Хойд Солонгос, хоёр дахь нь “K-Pop” хэмээн Жун Ан хэлсэн байна. “Billboard” сэтгүүл K-Pop оддын “үйлдвэр” Сөүлийн урлагийн их сургуулиас тусгай сурвалжлага бэлтгэх үед нэгдүгээр курсын оюутан Ан Жи Хитэй ярилцсан бичлэгийг үзэв. Лакдаж, арзгар хэлбэрт оруулсан үстэй, шар хүрэм өмссөн тэрбээр “Миний хоолойн чадал “Big Bang”-ийн “T.O.P”-ынхоос илүү. Гэхдээ тэр тачаангуй харагддаг, харин би тийм биш” хэмээн мөрөө хавчиж байсан юм. Магадгүй тэр мэс засалд орно (өөрийнх нь хэлснээр), дараа нь хэрэв азтай бол “К-Pop” оддын тоог нэгээр нэмнэ.
Shock.mn