Жинхэнэ хайр ямар байдаг вэ?

e2cced2cf5b62b6843e897b40cf01504

“Нөхөр маань “Би эхнэр хүүхдийнхээ төлөө юу л бол юуг л хийнэ, баас ухсан ч чадна” гэдэг байсан ч яг үнэндээ огт өөр хүн болоод хувирчихсан. Би уг нь маш их итгэдэг байсан. Сүүлдээ ийм санаачлагагүй, зүтгэлгүй байгаа байдлыг нь харахаар өөрийн эрхгүй гомдож, эртхэн салаад, ирээдүйтэй хүнтэй суумаар ч юм шиг санагдаад байх юм.”

“Би хүнээс асуугаад хэрвээ надад “Энэ залуу чамд хань болох хүн биш байна.” гэвэл шууд л салахад бэлэн байгаа ч хүүгээ бодохоор дахиад өөр хэн нэгнийг ааваа гэж дуудах болов уу гэхээс санаа зовох юм. Би өөрөө өөртөө чи дахиж алдаа хийх эрхгүй хүн шүү гэж байнга хэлдэг.”

“Яг одоо болзож байгаа залуу маань уг нь их сайхан сэтгэлтэй. Гэхдээ тэр ажилгүй. Би ажил хийгээд л, тэр намайг түрээсийн байрандаа хүлээгээд л сууж байдаг. Заримдаа түүнтэй ирээдүйгээ холбоно гэхээс санаа минь зовдог. Бас түүнтэй гэрлэнэ гэсэн итгэл ч төрөхгүй байна. Түүнийг ч өөрийгөө ч ингэж зовоож байхаар эртхэн салах хэрэгтэй юм болов уу?”

“Найзуудтайгаа уулзахдаа хүртэл санаа зовдог боллоо. Гэтэл тэрэнд тоож байгаа ч юм алга. Өмсөх зүүхээр дутах нь ч одоо байг, ядаж надад хайртай юм бол эмэгтэй хүн гэдгийг минь мэдрүүлж баярлуулдаг ч болоосой. Би чинь эмэгтэй хүн ш дээ. Ийм байхаар өөрийн эрхгүй түүнд уур хүрээд, муухай аашлаад байх юм. Би яах вэ?”

Дээрхтэй ижил утга, агуулгатайгаар бидэнд хаяглагдсан захидал, сэтгэгдлүүд долоо хоног бүр олноороо ирдэг болохоор ихэд санаа зовдог байлаа. Харин үүнд минь “Эмэгтэй хүний толгойд нэг иймэрхүү балчир бодлууд ороод гардаг нэгээхэн үе байдаг юмаа, дүү минь” гэсээр эхэлсэн дал шүргэж яваа эгчийн минь яриа хариулт өгснийг нь энд сийрүүлье.

“Энэ бүсгүйчүүдэд ямар ч асуудал алга харин өөрсдийгөө зовоох гэж гаргаж ирсэн асуултууд л их байна. Бүсгүй хүн эр хүнийг бүсээ чангалж, тэвчээртэй, ноён нуруутай байхыг шаарддаг ч өөрсдөө БОДЛОО чангалж, хатан ухаан гаргахаа мартагнаад байдаг юм. Амьдралд хамгийн чухал зүйл нь юу вэ? Жишээ нь би бол дал хүрч яваа эмгэн. Гэтэл өнөөдөр намайг тоох ажил бас хүн алга. Зүүж гоёсон ээмэг зүүлт нь алт эрдэнэс байлаа ч утга алга. Яагаад вэ гэж үү? Хамгийн чухал зүйлээ дэндүү хожуу ухаарсан юм. Би хамгийн гол нь хайрлах гэдгийг мартаж хайрлуулах гэж шуналтсаар яваад хоосон үлдсэн хүн. Жинхэнэ хайр хэзээ ч ХАРИУ нэхдэггүй юм. Чамайг амьсгалж байгаа агаараа мөнгөөр, алхаж яваа газраа машинаар, тэвэрч хайрлах ээжийгээ орон байраар солих уу? гэж асуувал чи яаж уурлаж хашгирах бол. Хайр ийм л байх ёстой. Бүр юу ч оронд нь өгсөн нөхөж боломгүй тийм л сэтгэл дүүрэн аз жаргал байх ёстой юм шүү дээ. Энэ олон сайхан бүсгүйчүүдэд хэн нэгнээс хариу хүлээлгүй эрх чөлөөтэй хайрлаж сур л гэж хэлмээр байх юм. Харамсдаг юм шүү эцэс сүүлд нь. Хайр бол май гээд өгч болох зүйл биш шүү дээ. Харин хайрлаж л болно. Мэдэрнэ гэсэн үг.”

Би энэ үгийг сонсохоосоо өмнө нийтлэлдээ нэлээд олон зөвлөгөө оруулахаар бэлдсэн байсан ч амьдралын хатуу бэрхийг давж, асуудлыг өөртөө аз жаргал мэтээр хүлээж авдаг болсон буурай эгчийнхээ яриаг сонсчихоод шууд л тэр бүх зөвлөмжүүдийг хасчихлаа.

Эцэст нь “Бүсгүй минь, чи үнэхээр түүндээ хайртай юу?” гэж би чамаас асууя. Түүнийг чинь ирээдүйтээ залуу ч юм уу эсвэл тэр чамд хайртай юу гэж асуугаагүй шүү! Түүний чамд юу өгч чадах, яаж жаргалтай байлгах талаар бол бүр ч биш. Харин хэзээ нэг өдөр чи түүнийг алдсандаа харамсаж үргэлж хариу нэхдэг байсан хайраасаа ичих юм биш биз? гэдгийг л тодруулах гэсэн юм. Жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхдэггүй ажээ. Яг л байгаль дэлхий биднээс юугаа ч харамлалгүй дэлгэн тавьдаг шиг. Хайр чамд түүнийгээ үнэн сэтгэлээсээ хайрлах сэтгэлийг л өгдөг.


Жинхэнэ хайр ямар байдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.