Н.Ганжигүүр: Тэд 17 насандаа Pinly-г бүтээж, хөрөнгө оруулалт татаж чадсан

presscenter_2021-11_139d74cd-def2-4719-ad25-4cf049cbdd89_DJI_0022_2
Өсвөр насны хүүхдүүдийн соёлын гүүр болох зорилготой Pinly аппликэйшнийг 7-12 дугаар ангийн хүүхдүүд зохион бүтээжээ. Тэд хийсэн бүтээлээ Шарк Танк нэвтрүүлэгт амжилттай танилцуулснаар хөрөнгө оруулалт авч чадсан юм. Хүүхдүүд Pinly аппликэйшнээ хэрхэн бүтээсэн талаар тэдэнтэй ярилцлаа.

Pinly аппликэйшнээ ямар давуу талуудтай байгаасай гэж бүтээсэн бэ?

Х.Билгүүн:

-Өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газруудын талаар мэдээлэл тийм ч хангалттай байдаггүй. Найзуудтайгаа уулзаад хаана, ямар газар орох тухай асуухад мэддэггүй. Ямар нэг газар хайхад л 1-2 цаг зарцуулдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор аппликэйшнээ бүтээсэн. Одоогийн байдлаар манай аппликэйшнд чөлөөт цагаа өнгөрүүлж болох 30 орчим газрын мэдээлэл байршуулсан байгаа. Мөн цаг хэмнэх зорилгоор эдгээр газруудын байршлыг газрын зурган дээрээс хялбар аргаар олох, үйлчилгээний үнийн саналуудын мэдээллийг багтааж хийсэн. Манай платформ дээр найзууд хооронд холбогдсоноор бие биеэ хаана явж байгааг харах боломжтой. Удахгүй App store, Play store-д тавих гээд хүлээгдэж байна.

А.Ананд-Очир:

-Математик, мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой хүүхдүүд маш олон цагаар сууж хичээл хийдэг. Бидний хувьд ч мөн адил. Зарим амралтын өдрүүдээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж, тархиа амраах гэтэл дээрх асуудлаас шалтгаалж улам ядарч гэртээ харьдаг. Эндээс бид санаагаа олсон. Харин цаашаа баяжуулаад яваад байхад бидний үеийнхэнд бүр ч их давуу тал гарч ирэхээр санагдсан. Тэр нь юу вэ гэвэл “Күүл” байна гэдгийг гоё хувцаслаж, үсээ гелдэж цэмцгэр явахыг хэлнэ гэж бидний дийлэнх нь ойлгодог. Харин манай багийнхны хувьд өөрт байгаа үнэ цэнтэй цаг хугацааг зөв зарцуулж, дуртай зүйлээ хийж байгаа хүн л хамгийн “Күүл”. Тиймээс Улаанбаатарын хамгийн “Күүл” өсвөр насныхан уг платформыг ашиглаасай хэмээн бодож бүтээсэн.

Та нар өдөр бүр уулздаг уу. Ажлаа хэрхэн хуваарилж хийдэг вэ?

Н.Мөнгөнзул:

-Бид нар ФИБО КЛАУД компанийн оффист байрладаг. Өдөр бүр хичээлийнхээ дараа энд ирж ажилладаг. Манай багийн гишүүн Б.Дэлгэрсайхан, Ш.Цэрэнчимэд нар код бичих ажлыг хийж байна. Харин Х.Билгүүн, Б.Энхжин, А.Ананд-Очир бид 4 маркетинг, сурталчилгаа болон дотоод ажилд шаардлагатай бусад бүх ажлыг хувааж хийдэг. Бид 3 сарын хугацаанд аппликэйшнээ бүтээсэн.

Цаашид ямар шинэ санаанууд оруулахаар төлөвлөж байна?

А.Ананд-Очир:

-Одоогийн байдлаар манай платформыг ашигласнаар хүүхдүүд хэрэгтэй газрынхаа байршил, мэдээлэл авах боломжтой байхаар хийсэн. Цаашид хүүхдүүд манайхыг хэрэглээд үзэхээр өөр ямар төрлийн шинэ үйлчилгээг нэмж болох талаар санал хэлэх байх. Бид ярилцаад хүүхдүүдэд ямар нэг газруудыг санал болгох, тэдгээр газруудад хэдэн хүүхэд очиж суух боломжтойг мэдээлдэг функцуудыг оруулахаар төлөвлөж байгаа.

Pinly-г ашигласнаар оноо цуглуулж болно гэсэн?

Б.Энхжин:

-Манай платформтой гэрээ хийсэн байгууллагуудаар үйлчлүүлсэн тохиолдолд 1-2% нь оноо болж хуримтлагдах юм. Дараа нь цуглуулсан оноогоо ашиглаад хөнгөлөлт эдлэх боломжтой. Удахгүй Play store, App store дээр байршихаар манай аппликэйшнийг хэрэглээрэй гэж үе тэнгийнхэндээ хэлмээр байна.

Hackateen улсын олимпиадаас эхлэн Шарк Танк нэвтрүүлэгт оролцох хүртэл багийн хүүхдүүддээ ментор хийсэн Н.Ганжигүүртэй ярилцлаа. Тэрээр ФИБО КЛАУД (FIBO CLOUD) компанийг хамтран үүсгэн байгуулагч юм.

Анх багийнхаа хүүхдүүдтэй хэрхэн хамтран ажиллаж эхэлсэн бэ?

-Нэст Эдүкэйшн сургуулиас жил бүр Hackateen програмчлалын улсын олимпиадыг зохион байгуулдаг. 600 гаруй хүүхдээс шалгарсан 77 оролцогч нэг сарын хугацаанд 7 баг болон хуваагдаж, менторын хамтаар өөрсдийн гаргасан санаагаа бодит төсөл болгон хэрэгжүүлдэг. Тэдний нэг баг нь манай Pinly аппликэйшнийг бүтээсэн багийн хүүхдүүд байсан юм. Энэ жилийн тэмцээнд манай FIBO CLOUD ментор компаниар оролцсон. Ингээд энэ багийнхаа хүүхдүүдэд Start Up-ын санааг эхнээс нь хэрхэн баяжуулж ажиллаж болох талаас нь ментор хийж ажилласан. Бидний хувьд хүүхдүүдийн хийж буй ажлыг зөв чиглүүлэх, шаардлагатай зүйлсээр нь хангаж дэмжлэг үзүүлэх байр суурьтай ажилласан.

Хүүхдүүд ийм төрлийн аппликэйшн бүтээх санаагаа гаргахаас эхлээд бүгдийг өөрсдөө хийв үү?

-Хүүхдүүд анхны санаагаа олох, санал асуулга явуулах, туршилт хийх, код бичих, загвар дизайн гаргахаас эхлээд бүх ажлыг өөрсдөө бие даан хийсэн. Бидний хувьд тэдний Start Up-ыг зөв чиглүүлэх, ажиллах орчноор хангах, хэрэгцээтэй мэргэжилтнүүдээс хичээл болон зөвлөгөө авахад туслалцаа үзүүлэх буюу тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийхийг хичээсэн юм. Эхлээд хүүхдүүд ийм төрлийн аппликэйшн хийх саналаа гаргаж дараа нь Улаанбаатар болон орон нутагт сурдаг сурагчдаас санал асуулга явуулсан. Мөн MVP загварыг ашиглан үйлчилгээний байгууллагуудаар явж, тэдний саналыг авсан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч болон үйлчилгээний байгууллага аль алинаас нь судалгаа хийсний үндсэн дээр ийм төрлийн аппликэйшн хийх эрэлт хэрэгцээ байгааг тодорхойлсон гэж болно. Pinly-г хийсний дараа нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэхэд цаг хугацаа их зарцуулах учраас биднийг дэмжиж болох хамгийн том боломж Шарк Танк-д оролцохоор шийдсэн юм. Ингээд аппликэйшн бүтээх болон нэвтрүүлэгт оролцох бүх үе шатад хүүхдүүдэд ментор хийлээ. Хүүхдүүд 3 сарын хугацаанд завгүй ажилласны үр дүнд бүтээгдэхүүнээ бэлэн болгосон.

Аппликэйшн хөгжүүлэлт болон шинэ санаа гаргахад нь хэрхэн дэмждэг вэ?

-Бид энэ насны хүүхдүүд шиг орчинд нь орж сэтгэж чадахгүй учраас аппликэйшн хөгжүүлэлт болон шинэ санаа гаргахыг нь 100% өөрсдөд нь үлдээдэг. Харин гаргасан санаагаа бодит ажил болгож хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй байгааг нь чиглүүлж, зөвлөдөг.

Өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг бас нэг сул тал. Тиймээс хүүхдүүдийн энэ чадварыг сайн хөгжүүлэхэд нь анхаарч мэргэжлийн менторуудаар хичээл заалгасан. Мөн Start-Up-ынхаа танилцуулгаас эхлээд хаана ямар танилцуулгыг хэрхэн хийх талаар нарийн заавар, зөвлөгөө өгдөг.

Н.Ганжигүүр

Энэ хугацаанд хүүхдүүдтэй ажиллахдаа ямар чадварыг илүү хөгжүүлээсэй гэж харсан бол?

-Ер нь ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ гадаад ур чадвар буюу hard skill-ийг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг. Харин soft skill болох өөрийгөө бусдад хэрхэн ойлгуулж, илэрхийлэх талыг төдийлөн анхаардаггүй. Гаднын орнуудад хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх, бие даах чадвар нь илүү сайн хөгжсөн байдаг. Бидний хувьд ч гэсэн багадаа тоо, бодлого их боддог байснаас бодсон тоогоо хэрхэн тайлбарлах, илэрхийлэх чадвар муу байлаа. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг бас нэг сул тал. Тиймээс хүүхдүүдийн энэ чадварыг сайн хөгжүүлэхэд нь анхаарч мэргэжлийн менторуудаар хичээл заалгасан. Мөн Start-Up-ынхаа танилцуулгаас эхлээд хаана ямар танилцуулгыг хэрхэн хийх талаар нарийн заавар, зөвлөгөө өгдөг.

Олон хүүхдийг нэг санаа зорилготой баг болгож ажиллуулахад бэрхшээлтэй тал бий ву?

-Мэдээж заримдаа жижиг асуудлууд гарах тохиолдол бий. Гэхдээ хүүхдүүддээ нэг л зүйлийг сайн захидаг. Ямар ч мундаг олимпиад тэмцээнд амжилт гаргасан бай түүн шиг амжилт гаргасан хүн дэлхийд зөндөө олон байгаа. Харин 17 насандаа Pinly аппликэйшнийг бүтээж, Шарк Танк нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт татаж байсан гэдэг нэг өгүүлбэр та нарыг ямар мундаг байсныг илэрхийлнэ гэж хэлдэг. Энэ бол өөрсдийнх нь намтарт бичигдэх, хэзээд үнэ цэнтэй түүх болон үлдэнэ. Тиймээс хийж байгаа ажлынхаа ард бүгдээрээ нэг санаа, зорилготой ажиллаж гарах хэрэгтэй гэж хүүхдүүддээ тайлбарладаг.

Шарк Танк нэвтрүүлэгт оролцохдоо хөрөнгө оруулалт авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Яг үнэндээ хөрөнгө оруулалт авна гэдэгтээ итгэлгүй байсан. Энэ нэвтрүүлэгт оролцох нь хүүхдүүдийн хувьд өөрсдийгөө сорих, туршлага хуримтлуулах боломж гэж орсон юм. Нөгөө талаасаа аппликэйшнээ л сайн танилцуулж маркетинг хийх зорилготой байсан. Мөн аливаа асуудлыг шийдэхэд нас, хүний ур чадвар нэн тэргүүний чухал зүйл биш. Харин асуудлыг шийдвэрлэе гэсэн урам зориг болоод багийн тоглолт ямар хүчтэй байдгийг монголын хүүхдүүдэд харуулаарай гэж хүүхдүүддээ захиж оруулж байлаа. Хүүхдүүд үнэхээр нэг баг болж ажилласны үр дүнд хөрөнгө оруулалт татаж чадсан.

Munkhbat

Н.Ганжигүүр: Тэд 17 насандаа Pinly-г бүтээж, хөрөнгө оруулалт татаж чадсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.