П.Цэрэндагва: Бүтэн нэр, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань ижил нь байдаг

Энэ жил Монгол Улсад Ардын хувьсгалын 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил зэрэг түүхэн тэмдэглэлт, тэгш ой тохиож байгаа билээ. Дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийн арвин урын сантай, тэргүүлэх уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн Улсын Драмын эрдмийн театр бол Монгол Улсын орчин цагийн соёл, урлагийн үндэс, суурь, соён гэгээрлийн төв юм.

Соёл урлагийн томоохон төлөөллийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ажил үйлс, уран бүтээлээрээ гарамгай амжилт гаргаж, мэргэжлийн салбартаа төдийгүй, түмэн олныхоо хайр, хүндлэлийг хүлээсэн хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өчигдөр төрийн ордонд боллоо.

Хөдөлмөр, зүтгэлээрээ төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо хүндлэгдсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва болон Н.Сувд нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээн алдаршуулсан баярт явдал тохиосон юм. Жүжигчин П.Цэрэндагва нь Монголын театр, кино урлагийн салбарт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг бүтээж, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеэ манлайлж , үлгэрлэн, хөдөлмөрлөсөн билээ. Түүнчлэн, театрын урлагийг гадаад, додооддоо сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдээ сурган хүмүүжүүлж, бэлтгэх зэрэг соёл урлагийн салбарт он удаан жил хүчин зүтгэсэн төдийгүй “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай сэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200-гаад дүрийг бүтээсэн байна.

Харин жүжигчин Н.Сувд нь хэн бүхний мэдэх “Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өэлүн эх, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай хатан тэргүүтэй тайз дэлгэцийн 100 гаруй дүрийг чадварлагаар бүтээсэн юм. Үүгээр ч зогсохгүй театрын урлагийн зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой тодорхойлж, Монголын тайз дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлч бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйл хэрэгт хүчин зүтгэсэн билээ.

АРДЫН ХЭМЭЭН ОВОГЛОХ ЭРХЭМ АЛДРЫГ ЖҮЖИГЧИН Б.ЖАРГАЛСАЙХАНД ХҮРТЭЭВ

“Кихот ноён” жүжгийн Кихот ноён, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасар тэргүүтэй ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн, тайз, дэлгэцийн 200 орчим бүтээлд дүрээ мөнхөлсөн Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд Ардын жүжчигчин цол олголоо.

Аливаа дүрийг жүжигчний бие, хэл, сэтгэлийн нэгдлээр урлан, бүтээхийн зэрэгцээ соёл урлагийн залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засаг ийн үнэлжээ. Мөн соёл урлагийн салбарт бүхий л амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээж, ард түмний сэтгэлд хоногшиж чадсан Гавьяат жүжигчин Т.Гүрсэд, урт хугацаанд үр бүтээлтэй ажилласан ахмад найруулагч, УГЗ Б.Мушка  нарыг Ардын жүжчигчин цолоор шагнасан юм. Түүнчлэн, Монголын Дүрслэх урлагийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн, нийгмийн оюун санаа, гоо зүйн соёлыг төлөвшүүлэхэд авьяас билэг, үйлс бүтээлээрээ тэргүүлж, дүрслэх урлагийн олон арван шилдэг бүтээлийг туурвисан Төрийн соёрхолт, УГЗ Ш.Чимэддорж, УГЗ А.Дунбүрээ нарыг Ардын зураач цолоор тус тус шагнаж, урамшууллаа.

Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй, санал санаачилгатай ажиллаж, олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж,  урлаг соёлыг хөгжүүлж, гадаад, дотоодод сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, А.Батхүү, П.Доржпагам, А.Батдэлгэр, Д.Баянмөнх, Б.Дашзэвэг нарт Гавьяат жүжигчин цол олгосон юм. УДЭТ-ын удирдах албан тушаалтнаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, төлөвлөгөөт эдийн засгаас, чөлөөт эдийн засгийн тогтоцоонд шилжсэн өнөөг хүртэлх амаргүй цаг хугацаанд театрын удирдлага, менежментийг удирдан, чиглүүлсэн УГЗ Д.Цэрэнсамбуу, “Эдип хаан”, “Цахилж яваа гөрөөс” тэргүүтэй тайз дэлгэцийн 100 орчим бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн Ж.Пүрэвдорж нарыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Соёл урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид Монголын ард түмнийг соён гэгээрүүлэгч, оюун санааны охь, манлай болсон хүмүүс юм. Тийм ч учраас урлагийн хүмүүсээс ард түмэн ямагт суралцаж, үлгэр дууриалал авч, амьдралын урам зориг, ухаарлыг олдог билээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг хүлээж, улс орон, олон түмнийхээ төлөө эрдэм мэдлэг, ур ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан эрхэм хүмүүсийн баярт мөчийг уншигчдадаа хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Би төрдөө гурав дахь удаагаа “үнсүүлж” байна. Төр минь намайг үнсэх тоолондоо өр нэхэлгүй хайр, хишгээ хүртээсэн. Үе үеийг өртөөлж, энэ театрыг өдийг хүртэл үүрч ирсэн уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийг эзэгнэж явсан залуу үеийнхэндээ нэгэнтээ мөргөе. Сэтгэл маш их хөдөлж байна. Намайг таньдаг болон таньдаггүй бүх хүмүүсийн итгэл, сэтгэлийг даах ноён нуруутай явна аа. Мөн бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард гэр бүл, хань ижил нь байдаг. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлсэн ханьдаа баярлалаа. Олон түмэндээ эрүүл энхийг хүсье. Бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун байж үйлс буян дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөе.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Сувд: Юун түрүүнд Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулах гэж итгэл, зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмад уран бүтээлч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Үзэгчгүйгээр театр оршин тогтнох боломжгүй тул олон түмэндээ талархлаа илэрхийлмээр байна. Мөн театрт ажиллаж байгаа, дэлгэцийн бүтээлд хамт ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бол бид бүхний хамтын хөдөлмөрийн хүч юм. Бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Ардын жүжигчин Д.Гүрсэд: Төр засаг минь намайг өндөр дээд одонгоор шагнасанд баярлаж байна. Хүүхдүүд та бүхний минь цаашдын ажил үйлс нь өрнөн дэлгэр, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өвгөн уран бүтээлч нь дэвшүүлж байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар: Театрын түүхт 90 жилийн ойтой давхцаад миний 43 насны төрсөн өдөр тохиолоо. Энэ өдөр эрхэм хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна.  Хань ижил, ээж, аав, ажлын хамт олондоо талархаж байна. Нийт Драмын урлагт хайртай үзэгч та бүхэндээ их баярлаж байна.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


П.Цэрэндагва: Бүтэн нэр, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань ижил нь байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.