Холливудын алдарт жүжигчин Женнифер Энистон хүүхэдтэй болдоггүй асуудлын талаараа хэвлэлд анх удаа ам нээжээ.
Жүжигчин бүсгүй өнөөг хүртэл өөрийнх нь амьдралын талаар бичсэн шар хэвлэлд анхаарлаа хандуулаагүй буюу ямар нэгэн хариу тайлбар хэлж байгаагүй юм.
Хүүхэдтэй болоогүй олон эмэгтэйн нэгэн адил Женнифер Энистон удаан хугацааны турш олны таамаглалын сэдэв байсаар ирсэн. Олон нийтийн таамаглал дийлэнхдээ түүнийг үр хүүхдээс илүү мэргэжлээ сонгосон хэмээн тодорхойлдог ч тэрээр The Hollywood Reporter сэтгүүлийн шинэ дугаарын ярилцлагад энэ талаараа ярьжээ.
52 настай жүжигчин Женнифер “Та бүхэн намайг хувь хүнийхээ хувьд тэр дундаа эрүүл мэндийн минь талаар юу ч мэдэхгүй. Гэтэл амныхаа зоргоор таамаглал дэвшүүлж байгаад би үнэхээр гомддог. Энэ бүхэн надад үнэхээр муухай санагддаг” гэж тэр хэлэв.
Энистон удаан хугацааны турш шар хэвлэлийг сөхөж хараагүй гэсэн ба одоо харьцангуй ахимаг насан дээрээ ирсэн учир үүний талаар ам нээж байна гэв. Мөн тэрээр гэрлэлт, эцэг эх болох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд давхар үүрэг хариуцлага бий болдог, мөн тэдний нийгмийн харилцан адилгүй хэвшмэл ойлголтын талаар ярьжээ. “Эрчүүд хүссэнээрээ хэдэн ч удаа гэрлэж болно, гэрлэх бүрдээ 20-30 насны (залуу) эмэгтэйчүүдийг сонгодог. Харин эмэгтэйчүүд ингэхийг нийгэм буруушаадаг нь сонин” гэжээ.
Эх сурвалж: Today