Час улаан уруулын будаг, хар хүрээтэй том дугуй шил, илүү хурц тод өнгийн зүүлт бугуйвч, чамин хийцтэй үслэг хүрэм… Хэнийг дүрсэлж буйг төвөггүй тааж мэдсэн биз ээ.
Дэлхийн хамгийн өндөр настай загвар өмсөгч, интерьер дизайнер, нэрт цуглуулагч, донж маягийн хатан хаан Айрис Апфель энэ намар 100 нас хүрлээ.
Нас бол зөвхөн тоо гэдгийг утгаар нь харуулдаг энэ эмэгтэй ерэн насандаа Техасын их сургуульд багшилж эхлэн 97-тойдоо зөвхөн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчдийг ажиллуулдаг IMG агентлагтай гэрээ байгуулсан юм. Мянган дамнан амьдарч загвар ертөнцийн амьд домог болсон хатагтай Апфелийн баялаг намтараас онцлох баримтыг танилцуулья.
Ясны дизайнер
Айрис хувцас загвар сонирхож, интерьер дизайнд татагдсан нь ердийн хэрэг биш. Эцэг Сэмюэл Буррел шилэн эдлэл, толины дэлгүүр ажиллуулдаг байсан бол орос гаралтай ээж Садье нь бяцхан урлан нээж өөрийн оёж хатгасан хувцсаар Манхэттений бүсгүйчүүдийг гоёдог байжээ. Эмээ өвөөгийнхөө хамт фермд голдуу амьдардаг байсан Айрис хааяахан их хотод ирэхдээ Гринвич дүүргийн эртний эдлэлийн дэлгүүрээр хэсэх туйлын дуртай. Их хямралын үед америкууд хувцас хунар байтугай хоол хүнсэндээ илүүчлэх мөнгөгүй зутруухан цаг тул хуучин эдлэлийн дэлгүүрээс чамин хийцтэй гоёл чимэглэлийг төсөрхөн үнээр олж авч чаддаг байв. Нью- Йоркийн метроны тасалбар 5 центийн үнэтэй бол бяцхан охин эмээгээсээ авсан унааны мөнгөө хэмнэж анхны зүүлтээ 65 центээр худалдан авчээ. Цуглуулга арвижсаар Апфелийн ур чадварыг хөгжүүлж, гоёл зүүсгэлийн зах зээлд өөрийн нэрийг дуурсгах болсон юм.
Загварын сэтгүүлч
Айрис загварын сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлжээ. 1940-өөд онд хамгийн нэр хүндтэйд тооцогдог байсан Wom- en’s Wear Daily загварын сэтгүүлийн редактороор ажиллаж байхдаа нэг удаа бэлэн хувцасны Loehmann’s сүлжээ дэлгүүрийн эзнээс ярилцлага авч тааржээ. Залуу бүсгүйн хувцаслах донж маяг, ээмэг зүүлтийг анзаарсан хатагтай Фрида Лойман “Залуу хатагтай, чи гоо үзэсгэлэнтэй биш. Гэхдээ түүнээс ч илүү зүйл, гайхамшигтай хэв маяг чамд байна” гэж хэлжээ. Удалгүй Айрис нэрт интерьер дизайнер Элинор Жонсон, зураач Роберт Гудман нарын туслахаар ажиллах болов. Дараа нь бие даан орон байрны дотоод засал, чимэглэлийн дизайн хийж эхэлжээ.
Цагаан ордныг “эмхлэгч”
Харри Труменээс эхлээд Билл Клинтон хүртэл АНУ-ын есөн Ерөнхийлөгчийн албан тасалгаа, гэр орных нь дотоод заслын дизайныг нөхөр Карл Апфелийн хамт Айрис гаргажээ. Хүсэл сонирхол, ажил мэргэжлээрээ нэгдсэн хос 1950 онд “Old World Weavers” компаниа үүсгэн байгуулж, өнгөрсөн зууны даавуун эдлэлээс санаа авсан хээ хуар бүхий сайн чанарын цагаан хэрэглэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.
1992 онд тэтгэвэртээ сууж, гэр бүлийн бизнесээ зарах хүртэл Айрис, Карл хоёр америкууд ямар загвартай орны даавуу хэрэглэхийг тодорхойлж байв. Эхнэрээсээ таван насаар ахимаг Карл Афпель 100 насандаа таалал төгссөн юм.
Шүүгээн дэх хувцсаараа үзэсгэлэн гаргасан эзэгтэй
2005 оны есдүгээр сард Нью-Йорк дахь Метрополитен урлагийн музей түүхэндээ анх удаа хувь хүний хувцасны цуглуулгаар бүтэн үзэсгэлэн гаргалаа. Айрисын бяцхан охин байхдаа Нью-Йоркын ядуусын дэлгүүрээс худалдаж авсан чийдмэл модон зүүлтээс эхлээд нөхөртэйгөө хамт тив дэлхийгээр аялан шинэ санаа, содон дизайн бэдэрч явахдаа цуглуулсан хэдэн зуун хувцас эдлэлийг хүн төрөлхтний нэгэн зууны урлагийн цуглуулга гэж мэргэжилтнүүд үнэлжээ.Үзэсгэлэн маш амжилттай болсон тул дараа нь Америк, Европын томоохон хотуудаар аялж, гоо зүйн өндөр мэдрэмжтэй хатагтай Техасын их сургуульд хувцас загварын чиглэлээр лекц уншиж эхэлжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн загваруудын дийлэнхийг музейд шилжүүлсэн ч түүний Манхэттен дэх тансаг орон сууц одоо ч дэгжин хувцас, үнэт эдлэлээр дүүрэн. Айрис сонин содон загварын хувцас эдлэл сонирхож цуглуулахаас гадна худалдан борлуулдаг.
Нэрийн бүтээгдэхүүн
Гэрээсээ хэзээ ч уруулаа будахгүйгээр гардаггүй хатагтайд зориулж MAC Cos- metics компани 2011 онд түүний нэрийн час улаан уруулын будаг, нүдний тень, хумсны будаг зэргийг багтаасан нүүр будалтын багц гаргасан нь тэр даруйдаа борлуулалтаараа дээд амжилт тогтоож, 90 настай Айрисыг донж маягийн бэлгэ тэмдэг болгосон юм.
Үүний араас 2012 онд алдартай гутлын брэнд Jimmy Choo түүнд зориулсан нэрийн гутал гаргав. “Iris” нэрийн бор өнгийн арьсан сүлжмэл тоноглолтой, өндөр өсгийтийг дэлхий даяар хэдэн сая бүсгүйчүүд хошууран худалдан авсан ч зориулсан эзэндээ таалагдсангүй. Айрис уг шаахайг “Хөлний мэс засалчдын мөрөөдөл” гэж нэрлээд, илүү сонгодог загвар жишээлбэл Manolo Blanhik-ийн өндөр өсгийтийг таашаадаг гэжээ.
Харин 2018 онд Mattel компани Айрисыг хүндэтгэсэн шинэ төрлийн хүүхэлдэй танилцуулсан нь дэгжин эмээгийн сэтгэлийг хөндөж чаджээ. Энэ удаад барби хүүхэлдэй түүний “Rara Avis буюу Ховор шувуу” үзэсгэлэнгийнхээ үеэр бүрдүүлсэн дүр төрхийг хуулбарласан юм.
97 насны гэрээ
Гурван жилийн өмнө Айрис дэлхийн тэргүүлэх загвар өмсөгчдийг нэгтгэдэг IMG агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэр үед шинэхэн загвар өмсөгч 97 настай байсан гээд л бодчих! Үүнээс өмнө тэрээр сэтгүүлийн нүүр хуудас, сурталчилгааны кампанит ажилд нэг бус удаа оролцож байсан ч албан ёсны загвар өмсөгчөөр ажиллах урилгыг зуу шүргэх насандаа хүлээн авч карьераа эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүйн амьд нотолгоо болсон юм.
MAC Cosmetics, HSN, Kate Spade зэрэг тэргүүлэх брэндийн нүүр царайгаар ажилладаг Айрис саяхан Францын DS 3 автомашины сурталчилгаанд тоглож, WiseWear хэмээх технологийн компанитай хамтран ухаалаг үнэт эдлэл гаргахаа зарлалаа.
Манай гарагийн хамгийн дэгжин эмээ зуу насны босгоор алхсан ч зургаадай таяг тулах хүсэлгүй бололтой.