“Miss Universe” буюу “Ертөнцийн мисс”-ийг шалгаруулах тэмцээний тэргүүн титмийг Энэтхэгийн мисс 21 настай Харнааз Сандху хүртлээ. Тэрээр нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, дуу хоолойгоо өргөдөг төлөөллүүдийн нэг юм. Жүжигчин мэргэжилтэй, мисс Харнааз Сандху чөлөөт цагаараа иог хийх, бүжиглэх, хоол хийх, морь унах, шатар тоглох дуртай аж.
Энэ жилийн “Miss Universe” тэмцээнд дэлхийн 80 гаруй улсын гоо бүсгүй оролцсон ба дэд байрт Парагвайн мисс Надиа Феррейра, Өмнөд Африкийн мисс Лалела Мсвейн нар шалгарлаа. “Өнөөдрийн нийгэмд залуу эмэгтэйчүүд асуудалтай нүүр тулахдаа юуг анхаарах ёстой гэж та зөвлөх вэ?” гэх асуултыг Мисс Харнааз Сандхуд тавьжээ.
Тэрбээр “Өнөөдрийн нийгэмд залуус өөртөө итгэх итгэлгүй байгаа нь хамгийн том асуудал юм. Өөрийгөө цорын ганц, онцгой нэгэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусадтай өөрийгөө битгий харьцуул. Гарч ирээд өөрийнхөө төлөө дуу хоолойгоо өргө. Таны амьдралын удирдлага таны л гарт бий. Та бол өөрийнхөө дуу хоолой. Би өөртөө итгэж чадсан болохоор өнөөдөр энд зогсож байна” хэмээн хариулжээ.