Хайр дурлалын харилцаагаа удаан хадгалахын тулд чи юуг хамгийн түрүүнд ойлгосон байх хэрэгтэй вэ? , Сэтгэл зүйн хувьд юунд бэлэн байх вэ? гэдгээ эндээс уншаарай.
Юуг ойлгох хэрэгтэй вэ?
1. Оргилсон дур хүсэл, сексийн харилцаа, догдлуулсан мэдрэмж бүгд аажмаар багасдаг гэдгийг ойлго. Магадгүй хүнээ буруу сонгосноос л тэр байх гэж үү? Үгүй дээ, буруу хүн ч бай, зөв хүн ч бай ямар ч харилцаа яваандаа нэг хэвэнд цутгасан юм шиг болдог гэдгийг эртхэн мэдэж ав. Хайр өөрөө шинж чанар нь хувьсан өөрчлөгддөг, үргэлж гал халуун байх боломжгүй зүйл юм.
2. Сэтгэлээ хуваалцдаг бай, ялангуяа сэтгэл догдлуулсан эерэг сэтгэл хөдлөлөө үргэлж хайрттайгаа түрүүлж хуваалц.
3. Эсрэг хоёр баг шиг онооны төлөө өрсөлдөхөө боль. Хариу нэхээгүй хайр, халамжаар түүнийгээ хайрла. Өглөгийн хүч үнэхээр хүчтэй шүү. Чи, би биш бид гэсэн хандлагаар бүх зүйлд ханд.
4. Харилцан ярилцах чадвараа хэзээ ч бүү алд. Мэдээж ганцаараа баймаар, дуугаа хураамаар, хүнтэй яримааргүй үе хүн бүрт байдаг. Тэр үед жирийн өглөөний мэнд, сайн унтаж амарч чадсан уу?, өнөөдөр ажил нь бүтэмжтэй байсан уу? гэх мэт жижүүрийн ч болов үгсээр энгийн ярилцах хэмнэлээ хадгалах нь маш чухал.
5. Хайртай хүнийхээ гаргаж буй үйлдэл бүрийг өөртэйгөө холбож ойлгох хэрэггүй. Ажил дээр, гудамжинд, найз нөхөд, хамаатан садан, замын бөглөрөл гэх мэт тухайн хүний сэтгэл санааны байдалд нөлөөлөх гадны хүчин зүйлс олон гэдгийг үргэлж сана. Стресстэй байхад нь хэсэг зөнгөөр нь орхиж зүгээр л гарыг нь атгах, тэврэх, хоол цай хийж өгөх зэргээр халамжилж, хайраар бүү дутаа.
Аз жаргалгүй хосуудын гаргадаг үйлдлүүд:
1. Сөрөг үг, үйлдэл. Амнаасаа гаргасан ганцхан сөрөг үг, бяцхан ч болов үйлдлээ эргүүлэн цайруулахад 5 дахин их хүч чармайлт шаарддаг. Харилцаандаа эерэг уур амьсгал бүрдүүл. Зөвхөн чи сайхан харагдаж байна гэх мэт магтаалын тухай яриагүйгээс гадна бид нэг их ач холбогдолтой гэж боддоггүй энгийн үйлдлүүд орно.
2. Маргалдах үедээ юунаас болж маргаснаа мартаж нөгөө хүнээ доромжилж, эсвэл бүр адгуус шиг биед нь хүч хэрэглэх.
3. Нэгнийхээ ярилцах гэсэн оролдлогыг удаа дараа хойшлуулах, татгалзах. Зарим хүн ялангуяа эмэгтэй хүнд хүнтэй ярилцах хэрэгцээ их байдаг. Тухайн мөчид ярилцмааргүй бол “Уучлаарай, би яг одоо ярихад бэлэн биш байна. Надад хэсэг хугацаа өгөөч” гэж хэлж болно. Гэхдээ хугацаа хэрэгтэй байна гэж хойшлуулсан хүн эргээд хэсэг хугацааны дараа ирж ярилцах үүрэг хүлээсэн гэсэн үг.
4. Нэгнийгээ хардалтын нүдээр үйлдэл бүрийг сэрдэх. Энэ намайг хуурсан болохоороо ингэж халамжилж гүйгээд байна уу?, юу болоод гэнэт баярлуулаад унав? гэх мэт үйлдэл бүхнийг нь сөргөөр орчуулан ойлгоно.
5. Түүний төлөө хийсэн үйлдэл бүртээ хариу нэхэх эсвэл барьцаалсан маягаар харьцах. “Чи надад үүнийг хийж өгөхгүй бол, би асуусныг чинь хийж чадахгүй”, “Надтай хамт аялалд явахгүй л бол дахиад найзуудтай чинь гаргана гэж битгий горьдоорой” гэх зэрэг.
Зохиолч Белл Хүүкс хайрыг тодорхойлохдоо “Бид хайрыг нэг нэгнээ халамжлах, хамтдаа өсөн дэвжих, бүтээх зүйл гэдгийг ойлгосон үедээ хайр, хүчирхийлэл хэзээ ч нэг дор оршдоггүй гэдгийг ухаардаг. Хүчирхийлэл үйлдчихээд тухайн хүнээс эргүүлэн хайр нэхэх нь боломжгүй зүйл юм” гэсэн байдаг. Биеийн ба сэтгэлийн хүчирхийлэл үйлдэж буй хүн хайр гэж юу болохыг мэдэхгүй хүн юм, хайртай хүнээ элдэв үгээр шархлуулсныхаа дараа, байж боломгүй муу үгээр хэлчихээд, гар хүрчихээд түүнийгээ хайрлаж, харамласнаас гэж цайруулж байгаа бол тэр хүн хэзээ ч чамд жинхэнэ хайрыг мэдрүүлэхгүй, хайрын тухай маш эрүүл бус ойлголттой хүн юм.
Сэтгэл санаа ба биеийн дарамт хүчирхийлэл нь хүнд яг адилхан тусдаг болохыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хийсэн судалаагаар баталсан байдаг. Хүчирхийллийг үг хэлээр, сэтгэл санаагаар, гар хүрэх зодох, бэлгийн, эцгийн эрхэт ёсоор түрэмгийлэх /энэ чинь эрчүүдэд байх ёстой зүйл, эр хүн учраас би шийднэ, чамайг өөрт нь хэзээд бэлэн байхыг шаардах хэрнээ өөрөө хэрэгтэй үедээ л чиний дэргэд байх/ гэх мэт олон хэлбэрээр илэрч болно.
Хүчирхийллийг хосуудын хооронд гардаг хэрүүл, маргаанаас тусд нь ойлгох хэрэгтэй. Маргаан бол харилцаа бүрт байх ёстой, харилцааны нэг хэсэг. Маргаан нь гарч ирсэн асуудалд шийдэл олохын тулд харилцан хэлэлцэж байгаа хэрэг бол хүчирхийлэл нь эрх тэгш бус, эрх мэдлээ чиний эсрэг биеийн болон сэтгэл санаагаар хүчирхийлэх маягаар тулгаж буй хэрэг юм.
Үргэлжлэл бий…