Хүрээлэн буй орчин, технологи, түүх, соёл зэрэг өргөн хүрээтэй нийтлэлийн бодлогоороо дэлхийд тэргүүлэгч “National Geographic” сэтгүүлийн Монгол дахь хувилбарын нээлт өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд болсон билээ.
Хүн төрөлхтний зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах, асран хамгаалах, байгалиар дамжуулан өөрийгөө танин мэдэх үзэл санааг суулгаж ирсэн “National Geographic” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэх болсноо албан ёсоор нээсний дараа гэрэл зураг сонирхогчдын дунд уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчид “Хотжилт ба хүмүүс” сэдэвт бүтээлээ аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 30-ны хооронд ирүүлэх боломжтой аж. Гэрэл зургийн уралдаанаас нэг ялагч тодруулах бөгөөд шалгарсан зургийг “National Geographic” сэтгүүлд нийтлэх юм байна.
“National Geographic Mongolia” төслийнхөн “National Geographic” сэтгүүлээс гадна хүүхдэд зориулсан “National Geographic Kids”, аялагчдад зориулсан “National Geographic Traveler” зэрэг хавсралт сэтгүүлийг монгол хэлээр хэвлэх юм.