“ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн хаалтын тоглолт өнгөрсөн баасан гаригт УДЭТ- т 19:00 цагт болов. Тайзнаа амилсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж, тэдний хүсэлтээр хэд хэдэн удаа тоглосон уг жүжиг ийнхүү өндөрлөв.
Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж, жүжгийн продесороор Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөгжмийн зохиолчоор Г.Онон, найруулагчаар А.Баттүшиг, бүжиг дэглээчээр Д.Энхгэрэл нар ажиллажээ. Жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг тоглосон нь үзэгчдийг татах бас нэгэн соронз болсон. Мөн жүжигчин Б.Навчаа, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжигт буюу драмын тайзнаа анх удаа өөрсдийгөө тэс өөр өнцгөөс харуулсан юм.
Амьдралын үнэ цэнэ хүн болгоны хүсэл биелдэггүйд оршдог. Энэ үгийг “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзэж суухдаа сонслоо. Сонссон даруйдаа дотроо тунгаан бодож, нээрээ л ийм байдаг гэж үү хэмээн эрэгцүүлэн сууна. Жүжгийн үйл явдал үзэгчдийг хоёр цагийн турш үхэл амьдралын заагт оршооно. Үхэх сэхэх алин болох нь мэдэгдэхгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй хүмүүсийн сүнс “завсрын ертөнцөд” уулзалдаж, учирч, бүхий л үйл явдал энэ ертөнцөд өрнөж байгаа нь нэг л өөр гэлтэй. Сэхээн амьдруулах тасагт зургаан сарын турш хэвтэж буй “Шидтэн, дугуйнд дайруулан осолдсон баян тансаг, эрх мэдэлтэй ерөнхийлөгч, насаараа үйлчилгээний ажил хийж байсан, зүрхний өвчтэй “цэвэрлэгч”-ийн сүнс хоёр ертөнцийн заагт учирч, хүмүүний ертөнц хэрхэн хар бараанаар дүүрсэн тухайд шүүмжилж, нэгийг бодож, хоёрыг тунгаах үгс бидэн зүг урсгана. Үзэгчдэд эрхгүй нэгийг бодогдуулж, нээрээ би, та, бид хэрхэн яаж амьдраад байна вэ гэдгийг ухааруулсанд жүжгийн үнэ цэнэ оршино.
“Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзсэн бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээс гадна залуучууд нулимс унагаж байгаа харагдлаа. Жүжиг дуусч танхимын гэрэл асахад нулимсаа арчих залуусыг ганц нэгээр ч тогтохгүйгээр олж харсан юм. Эрэгтэй хүнийг уйлуулна гэдэг амаргүй хэрэг. Магадгүй драмын энэхүү урлаг гайхамшигтай хөгжимтэй хосолсон нь хүмүүний сэтгэлийг хөндөх бас нэгэн “учиг” болжээ. Аргагүй л дэлхийгээс өөр ертөнцөд байгааг илтгэх, ер бусын гэмээр мэдрэмж төрүүлэх сүр хүчит хөгжим, яасан их зовлон шаналал вэ гэж эрхгүй дуу алдаж, гуниг харууслыг мэдрүүлэх тэр аязыг “BROS records” студийн хөгжмийн зохиолч Г.Онон бүтээжээ.
О.Дэлгэрсайхан