“ТВ5” телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчийг өнгөрсөн бямба гаргийн үдэш “i Loft function house”-д тодруулсан билээ. Тус шоуны ялагчаар спортын тамирчдыг анх удаа төлөөлөн оролцсон буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул шүүгчдийн болон үзэгчдийн мессэж саналаар илт давуу ялалт байгуулан Гран-при шагналын эзэн болж, таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийг гардан авсан юм. Удаах байрыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш эзэлсэн бол гуравдугаар байрт “Доз энтертайнмэнт”-ын жүжигчин А.Мөнгөнзул бичигдсэн юм. Шоуны ялагчаар тодорсон буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзулыг “Зогс, нэг агшин” буландаа урилаа.
-“Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчаар тодорлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, сэтгэгдэл маш өндөр байна. Энэ сайхан тэмцээнд оролцоод, ийм их амжилтад хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Шоунд оролцох саналыг анх хэн тавьсан бэ?
-Ерөнхийдөө тавдугаар сарын эхээр шоунд оролцох хүмүүст санал тавьж, оролцогчид нь бүрдсэн байсан. Надад анх “Стар” хамтлагийн багш н.Батболд шоунд оролцох санал тавьсан. Ингээд л анх “Ододтой бүжиглэе 2” шоунд оролцохоор болсон доо.
-Партнёроо хэрхэн сонгосон бэ. Эсвэл цаанаас нь шоуны зохион байгуулагчид сонгож өгсөн үү?
-Оролцогчдыг багш нар нь сонгож аваад, партнёрыг нь сонгож өгсөн. Би багш дээрээ очоод анх самба бүжгээр шоуны салхийг хагалсан. Энэ дашрамд хэлэхэд, партнёртоо маш их баярласан. Надад маш их тусалсан.
-Урьд нь бүжгийн спортоор хичээллэж байв уу. Бүжигт хэр сонирхолтой вэ?
-Өмнө нь ерөөсөө бүжгийн спортоор хичээллэж байгаагүй. Гэхдээ манай найзууд бүжигтэй их ойрхон учраас өмнө нь харж байсан. Энэ нь бас бүжиглэхэд их дөхөм болсон. Бүжгээр бол хэзээ ч хичээллэж байгаагүй.
-Анх удаа бүжиглэж байхад ямар сэтгэгдэл төрж байв. Бас бүжиглэхэд тохиолдож байсан хэцүү үеэ дурсвал?
-Бүжиглэх гэдэг чинь маш хэцүү юм билээ. Бодож байснаас шал өөр байсан. Зүгээр нэг бүжиг биш. Бүжгийн спорт гэдэг утгаараа маш хэцүү. Тэвчээр их шаарддаг юм билээ. Бид нар чинь их богинохон хугацаанд 10 бүжиг дараалуулаад сурсан. Сүүл рүүгээ “Хэн хурдан бүжиг сурах вэ” гэдэг тэмцээнийг хүртэл зохиосон. Ер нь л их тэвчээр шаарддаг юм билээ.
-Шүүгчид болон үзэгчдийн саналаар тасархай ялалт байгуулсан шүү дээ?
-Дүн гаргахад үзэгчид болон шүүгчдийн саналыг харьцуулж гаргасан гэсэн. Шүүгчдийн дүнгээр нэлээд тасархай түрүүлсэн. Харин мессэж санал яг хэдийг авсанаа сайн мэдээгүй.
–Цаашдаа бүжгийн спортоор хичээллэх үү?
-Бараг хоёр сар шахам хугацаанд бүжгийн спортоор хичээллэсэн. Сүүл рүүгээ яг бүжигчин шиг, хөдөлгөөн авахдаа ч хурдан болсон. Цаашдаа бүжгийн спортоо орхихгүй, хичээллэх төлөвлөгөөтэй байгаа.
-Гадаадад аялах эрхээр шагнуулсан шүү дээ. Хаашаа аялах гэж байна. Нууц биш бол хэнтэй аялах вэ?
-Вьетнамын Халонг арлаар аялах эрхээр шагнуулсан. Өөрөө явахгүй, аав ээж хоёрыгоо явуулчихдаг юм билүү гэж бодоод байгаа шүү дээ.
-Ер нь бүжгийн спортын давуу талыг юу гэж харсан бэ. Охид бүсгүйчүүдэд хандаад хэлэхэд?
-Сүүлийн үед охидууд маань таргалаад байна, турах юмсан гэж ярьдаг. Үүнийхээ хэрээр тураадаг эм, тан хэрэглэх нь их байдаг. Тэгэхээр тэр тураах эм бэлдмэлээс илүүтэйгээр бүжгийн спортоор хичээллэвэл илүү үр дүнд хүрэх юм шиг санагддаг. Мөн гоо зүйн талаасаа ч тэр, урлагийн мэдрэмжтэй болох, ямар ч арга хэмжээн дээр очсон нүүр улайхгүй бүжиглэдэг байна гээд давуу тал олонтой. Тэгээд ч бүжгийн спортоор хичээллэснээр биеийн галбир засагдаж, сайхан харагдах боломжтой. Тийм болохоор охид залуусыг бүжгийн спортоор хичээллээрэй гэж уриалмаар байна.
|