Холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн нэхэмжлэлтэй шүүх хурал АНУ-ын Виржиниад үргэлжилсээр байна. Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердийн The Washington Post-д нийтлүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн тухай нийтлэлд өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж, 50 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан.
Тэгвэл өчигдөр буюу даваа гарaгт Амбер Хердийн өмгөөлөгчдийн асуултаар шүүх хурал үргэлжилсэн байна. Шүүх хурлын үеэр Жонни Деппийн хэд хэдэн аудио бичлэгийг сонсгожээ. Амбер Херд салах өргөдлөө өгснөөс хойш хоёр сар өнгөрсний дараагаар Жонни Депп уулзан ярилцахдаа “Чи миний бүх юмыг авсан. Одоо миний цусыг авмаар байна уу? Ав л даа” хэмээн хэлж буй аудио бичлэгийг сонсгосны дараагаар яагаад ингэж хэлэх болсныг асуухад Депп “Учир нь тэр миний бүх юмыг авсан. Надад ганц цус л үлдсэн. Тэгээд тэрийг минь авах уу? гэсэн юм.
Тэр үед хүн бүр намайг ямар аймшигтай юм хийгээ вэ гэж үзэн ядсан. Тэгээд уулзъя гэхээр нь худлаа хэлсэн зүйлээсээ буцах нь гэж найдсан юм. Яагаад уулзах гэж очсоноо одоо ч хэлж мэдэхгүй байна. Тэр надаас бүхнийг минь авсан. Хүүхдүүд маань тэр аймшигтай мэдээллээс хол байж чадаагүй. Херд надаас яг юу хүсээд байгааг би мэдээгүй. Надад хутга байсан. Би тэр хутгыг гаргаж ирээд “Миний цусыг авмаар байвал ав л даа. Хэрч л дээ гэсэн. Тэгэхэд би бүр дуусчихсан, сэтгэл санаагаар үхчихсэн байлаа. Миний чамд өгч чадах ганц юм одоо энэ цус л байна гэсэн юм” хэмээн Жонни Депп хариулжээ.
Мөн өөр нэгэн бичлэг дээр Амбер Херд “Би Жонни Депп байна. Би гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүн байна гээд хэлээд үз л дээ. Хэдэн хүн итгэж, чиний талд чинь орохыг харъя” гэж хэлсэн байх аж.
Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны тавдугаар ангид тоглосныхоо төлөө 25 сая ам.долларын цалин авсан. Гэвч зургаадугаар ангийн зураг авалтын талаар яригдаж байх үед Хердийн нийтлэл хэвлэлд гарсан юм байна. Тиймээс Disney компанийнхан киноныхоо шинэ ангид Деппийг урихаас татгалзжээ.
“Олон жилийн амжилттай хамтын ажиллагааны дараа гэнэт л Disney намайг буруутан гэж үзсэнийг би ойлгоогүй. Намайг буруутай гэдгийг нотлоогүй байхад шүү дээ. Тэд надаас урвасан” хэмээн Жонни Депп өгүүлсэн байна.
Эх сурвалж: Dailymail